Гоо үзэсгэлэн гэдэг аймшигтай их нөлөө, хүчтэй зэвсэг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гэвч мөнхийн гоо үзэсгэлэн гэж байдаггүй болохоор нас ахихын хэрээр бүсгүйчүүдийн энэ хүчтэй нөлөө бүхий зэвсэг тодорхой хэмжээгээр өөрчлөлтөд орох нь бий. Гэхдээ дэлхийн сайхан бүсгүйчүүд нас тавь гарсан ч сайхан яваа нууцынхаа талаар ийн өгүүлсэн байх ажээ.
ЖЕЙМИ ЛИ КЕРТИС, 53 НАСТАЙ:
Кертис өөрийн насыг байгаа чигээр нь хүлээн авч чаддаг хүн. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа “Би илүү өндөр настай байхыг хүсэж байна. Нас ахихын хэрээр өөрийгөө илүү гүн гүнзгий танин мэдэж, сэтгэлийнхээ гүнд нэвтэрч чаддаг нь гайхалтай гэж боддог. Миний хувьд бие минь 20-той байснаас ч илүү байгаа. Би тэр үеэс хавьгүй илүү эрч хүчтэй, ухаалаг болсон. Би зөвхөн эрүүл хүнс хэрэглэж, теннис тоглон йогоор хичээллэж эрч хүчээр дүүрэн явна. Би өндөр өсгийтэй хөлд эвгүй гутал өмсөхөө байсан, хэрэггүй гоё чимэглэлээс татгалзсан. Жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу байдгийг ойлгож мэдэрсэн” гэсэн байна.
ШЭРОН СТОУН, 53 НАСТАЙ:
Шэрон Стоун нүүрнийхээ арьсыг татуулах, үрчлээс арилгах гэх мэтийн гоо сайхны мэс засал хэзээ ч хийлгэж байгаагүй гэж ямагт мэдэгдэж явдаг. Тэгэхээр гоо сайхнаа хадгалахын тулд түүний бодлоор кремээ зөв сонгож, хортой хоол хүнсээс татгалзах хэрэгтэй байдаг ажээ. Тэрээр “Өөртөө итгэлтэй байж, эргэн тойрны хүмүүстээ муу санахгүй явж чадвал цаг хугацаа өнгөрөх тусам улам үзэсгэлэнтэй болдог гэдэгт би итгэдэг” гэж хэлдэг.
КАРОЛЬ БУКЕ, 54 НАСТАЙ:
Цагтаа ЖЕЙМС БОНДЫН найз бүсгүйн дүрийг бүтээж явсан энэ бүсгүй хэзээ ч гоо сайхны хагалгаанд орж байгаагүй юм. Түүний гоо сайхны нууц нь гэвэл нойроо ханатал унтаж, өглөөд гимнастик хийгээд арьсаа зохих ёсоор арчлах явдал гэнэ. Тэрээр хэзээ ч йог, фитнесс, аэробик гэх мэт зүйлсээр хичээллэж байгаагүй ажээ.
Буке “Би 18-тай охин биш болохоор үрчлээстэй. Ахид хэдэн жилийн дараа бүр ч их үрчлээстэй болно. Тэгээд юу гэж? Би үрчлээстэй болох ёстой. Хөгшрөлт гэдэг аймаар зүйл биш. Гол нь хэтрүүлж, эсвэл дутаалгүйгээр зохистой амьдарч чаддаг байх хэрэгтэй. Амьдралд биеийн ч тэр сэтгэл санааны ч тэр ариун цэврийг сахих нь маш чухал байдаг юм шүү” гэж хэлдэг.
КИМ КЭТРОЛЛ, 55 настай:
Гоо үзэсгэлэнгийхээ нууцаас хуваалцаач гэхэд энэ эмэгтэй “Сайн хүмүүстэй хамт сайн хоол идэж бай. Амьдралаар бахдаж сур. Чанартай сексийн хувьд заавал байх ёстой зүйл юм шүү. Бас гимнастик, дасгал хөдөлгөөн хийж байгаарай” гэж хэлдэг. Гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагүй бөгөөд өөрийнхөө үрчлээсийг толинд харах дуртай гэнэ. Тавь гарсан эмэгтэй хүн сайн амарч, биеэ арчлах цаг зав заавал гаргаж байх ёстой гэж үздэг. Тэрээр “ Их хотын секс” киноны дүр шигээ чөлөөтэй, дайчин хүн. Сүүлд тэрээр хуучны сонгодог бүтээлүүдийг амилуулах шоунд оролцон нүцгэн зургаа авахуулсан байна.
РЕНЕ РУССО, 57 НАСТАЙ:
Реннэ Руссо ихэнх эмэгтэйчүүд нас ахина гэдэгтэй эвлэрч чаддаггүй. Тэд 20, эсвэл 30-тай байсан үеийнхээ шигээ харагдах гэж элдэв арга хэрэглэдэг. Гэтэл яагаад ч тэгэх боломжгүй байдаг юм. Нас ахиж байгаа гэдэгтэйгээ эвлэрч үүсэх асуудлуудыг маш ухаалгаар шийдэж байх хэрэгтэй” гэж хэлэх дуртай. Тэрээр тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, ногоон цай уудаг. Нойроо ханатал унтаж, өдөр болгон агаарт зугаалж, хөдөлж байхыг зөвлөдөг. Мөн өөрийн ээж нарт нас ахихын хэрээр ямаршуу асуудал үүсч байгааг анхааралтай ажиглаад өөрөө нас ахих үедээ мөн адил асуудалд өртөхгүй байх арга хэмжээг авч байхыг бүсгүйчүүдэд зөвлөдөг.
ЖЕНИС ДИКИНСОН, 56 НАСТАЙ:
Цагтаа дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг явсан энэ эмэгтэй өөрийн гэсэн загварын агентлаг байгуулж, түүнээс МТВ сувгийн хамгийн сонирхолтой реалити шоунуудын нэг болгож чадсан. Тэрээр “ Би өөрийнхөө биенд их хайртай, энэ хайр бол дон болон хувирсан гэж болно” гэдэг. Нүцгэн зургаа авахуулахаас хэзээ ч буцаж байгаагүй. Женис нь олон удаа гоо сайхны хагалгаанд орж байсан гэдгээ хэзээ ч нууж байгаагүй нэгэн бөгөөд “ Миний амьдрал бол секс ба гоо сайхны мэс засал” гэдэг. Эрүүл хүнс хэрэглэж өдөр болгон 80 минут йогоор хичээллэн, бясалгал хийдэг.
ОРНЕЛЛА МУТИ, 56 НАСТАЙ:
Италийн гоо бүсгүй Орнелла Мутийг манайхан “ Зөрүүд эрийг номхруулсан нь” киноны дүрээр нь танина. Тэрээр гоо сайхны мэс заслын мэргэжлийн хүнтэй хамтран амьдардаг ч хэзээ ч гоо сайхны мэс хагалгаа хийлгэж байгаагүй юм. Тэрээр буддын шашинтан бөгөөд “ Хөгширнө гэдэг сэтгэлийг их өвтгөдөг. Өвдөлтийг үгүйсгэнэ гэдэг хоёр нүүр гаргасан хэрэг болно. Тэгэхээр өвдөлтийг хүлээн зөвшөөрөөд түүнийг мэдэрч, туулан давж гарах ёстой юм. Нууна гэдэг буруу” гэж хэлдэг. Тэрээр саяхан гоо сайхны бараа хийдэг компаний рекламд оролцож, нүцгэн зургаа татуулжээ.
КИМ БЕЙСИНЖЕР, 57 НАСТАЙ:
Оскарын шагналт Ким нэг бус удаа гоо сайхны мэс засал хийлгэж байсан. Тэрээр гимнастик, дасгал хөдөлгөөнд их цаг зарцуулдаг бөгөөд “ Дасгалыг хөлсөө гартал хийх ёстой. Үгүй бол цагаа дэмий үрсэн хэрэг болно” гэдэг. Тэрээр цагаан хоолтон бөгөөд “ Амьдарлын баяр баясгаланг мэдэрч, хошигнож инээлдэн дасгал хөдөлгөөн байнга хийж байх хэрэгтэй. Тэгвэл ээлжит төрсөн өдрөөрөө нас нэмэхгүй гэж мэд” гэдэг.
ИЗАБЕЛЬ АЖАНИ, 56 НАСТАЙ:
Тэрээр төрөлхийн мариалаг эмэгтэй. Энэ нь одоо түүний давуу тал болоод байгаа гэнэ. Махлаг учраас арьс нь унжиж үрчлээтдэггүй. Чихэрлэг зүйлээс татгалзан жин хэт нэмэхээс сэргийлдэг гэнэ.
МИШЕЛЬ ПФАЙФФЕР, 53 НАСТАЙ:
Мишель хэзээ ч гоо сайхны мэс засал огт хийлгэж байгаагүй юм. Тэрээр талх, чихэр, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй бөгөөд өдөр болгон биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, арьсаа арчлахад их цаг зарцуулдаг. Тэрээр “ Будаг шунхны хувьд би бага тусам сайн гэсэн зарчим баримталдаг. Уул овоо шиг их будаг шунх түрхээд ирвэл шууд л илүү хөгшин харагддаг. Арьсыг гялалзуулдаг гоо сайхны бараа сонгож байгаарай. Арьс их залууждаг юм. Гэхдээ энэ гялалзсан өнгө нь үл мэдэг байх ёстой шүү” гэж зөвлөдөг.
ЭНДИ МАКДАУЭЛ, 53 НАСТАЙ:
Макдауэл нь өглөө болгон амьсгалын дасгал хийж, йогоор хичээллэдэг бөгөөд гимнастикаар хичээллэдэг. Овъёосны чанамал иддэг, цагаан өнгийн мах хэрэглэдэг.