“Московский Комсомолец” сонинд гарсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Ричард Гир сүүлийн үед шүтэн бишрэгчдээ шинэ киногоор баярлуулахаа байсан. Тэрбээр 2002 онд хүүтэй болсноос хойш ажлаасаа гэр бүлдээ илүү анхаарал хандуулдаг болсон билээ.
Харин түүний тоглосон “Арбитрын шүүх” хэмээх шинэ кино дэлгэцнээ энэ аравдугаар сард гарах гэж байгаа аж. Уг кинонд тэрбээр мөнгөөр бүхнийг шийдэж болно гэж үздэг нөлөө бүхий хүний тухай гол дүр бүтээжээ.
Гир өдгөө 63 настай ч улам цоглог, жавхаатай, залуу, өнгөлөг харагдаж байна. Түүний энэ их эрч хүч чухам хаанаас гардаг, хүүгээ юунд сургахыг хүсдэг, Ричард Гирийн ертөнц хэрхэн оршин тогтнодог талаар илэн далангүй ярилцсан юм.
-Анх удаа томоохон кино барьж авч буй залуу найруулагчтай ажиллаж, дүр бүтээхээр шийдсэн тань сонирхолтой санагдлаа?
-Намайг Нью-Йорк руу буцаж явтал манай төлөөлөгч энэ кино зохиолыг өгсөн юм. Үүнийг Николас Жарескийн найруулагчийн хувьд ажиллаж буй анхны том кино бүтээл гэсэн. Би тексттэй нь сайтар танилцаад, үйл явдал нь сонирхолтой санагдсан болохоор тоглохоор шийдсэн. Тэгээд түүнийг гэртээ дуудаж, биечлэн уулзсан л даа. Би түүнд “Кино хийнэ гэдэг санасны зоргоор бүтдэг амархан ажил биш” гэсэн.
Энэ үеэр Николасыг анхааралтай ажиглаад байсан чинь муу ажил хийхээр хүн биш шиг санагдсан. Хэрвээ зураг авалт бүтэмжгүй болчихвол би дахиад авахуулахад ч бэлэн байсан. Яагаад гэвэл кино зохиол нь үнэхээр гайхалтай юм билээ. Гэхдээ эхний хувилбарыг нь устгах нөхцөл тавьсан. Николас намайг сонсоод зогсохгүй, миний зөвлөгөөг хүлээн авсан.
-Бүтээсэн баатар тань ямаршуу хүн бэ?
-Тэр маш их эрх мэдэлтэй. Бусдыг дорд үздэг, өөрийнхөө зөв гэдэгт үргэлж итгэдэг нэгэн. Тэр ч байтугай охиноо хүртэл хөлсний ажилтан шигээ үздэг.
-Тантай огт төсгүй юм байна шүү дээ. Гэтэл та хүүдээ ухаангүй хайртай. Ер нь та хүүгээ төрснөөс хойш орж ирсэн саналуудад няхуур ханддаг болсон?
-Тийм ээ. Би хаана, хэнд ер нь цагаа зарцуулаад байна вэ гэдэгтээ анхаардаг болсон гэх үү дээ. Би эхнэр, хүүхдээ хайртай. Тэднээсээ хол удаан баймааргүй байна шүү дээ. Хэрвээ ийм ажил гарвал уг ажлаас би дээд зэргийн таашаал хүртэхийг л хүсч байна.
-Амьдралын өөрчлөлтөд та хэрхэн ханддаг вэ?
-Надад өөрчлөгдөхөөс айдаггүй хүмүүс таалагддаг.
-Яг одоо та үнэхээр гайхалтай харагдаж байна. Ер нь та өөрийгөө хэдэн настай гэж үздэг вэ?
-Би 30 настай юм шиг л мэдрэмжээр амьдарч байна даа. Энэ бол тун сайхан нас. Туршлага хуримтлуулаад, хүмүүстэй хуваалцах юмтай болдог. Гэхдээ би энэ үедээ эргэж очихыг хүсээгүй юм шүү. Би амьдралдаа хүнд мөчүүдийг туулсан. Салж сарних гээд л. Харин одоо хүссэн амьдралаараа амьдарч байна. Сайхан эхнэр, гэр бүл гээд л. Энэ бүхэн миний ертөнц юм даа.
-Яагаад ийм орой хүүхэдтэй болохоор шийдэв. Өмнө нь хүүхэд хүсдэггүй байсан хэрэг үү?
-Би үргэлж л хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Гэхдээ хүүхэд төрүүлж өгөх сайн эмэгтэй дэргэд минь байгаагүй. Эхнэртэйгээ танилцах үед тэр таван настай охинтой байсан. Түүнд дассаны эцэст би сайн эцэг болж чадна гэдгээ мэдээд анх удаа хүүхэдтэй болохыг хүссэн дээ.
-Хүүдээ юу зааж сургахыг хүсдэг вэ?
-Миний нэг найз Далай ламаас “Хүүхдүүдээ хариуцлагатай хүмүүс болгож өсгөхийн тулд юу зааж сургах вэ” гэж асууж байсан санагдана. Тэр үед Далай лам “Хамгийн гол нь өөрийгөө дотроос нь хүндэтгэж сургах хэрэгтэй. Ингэсэн цагт тэд бусдыг хүндэтгэж, өөрийн үг хэл, үйлдэлдээ хариуцлагатай ханддаг болно” гэж хариулсан.
-Хүүдээ хэр их цаг зарцуулж байна даа?
-Бараг өдөр бүр хамт байдаг. Би хүүгээ автобусанд суулгаж өгч, сургуулиас нь авдаг. Дараа нь бид хамтдаа сагс тоглож, ярилцаж, гэрийн даалгавраа хийдэг.
-Цаг мөч өнгөрөх тусам хайр үгүй болдог гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ямар ч насанд хайртайгаа учирч болно. Хамгийн сонирхолтой нь энэ мэдрэмж он жил өнгөрсөн ч бөхдөггүй. Би гэр бүлийнхэнтэйгээ хаа нэгтээ амрахаар явахдаа цагийг романтик өнгөрүүлдэг. Эхнэр минь над руу ойртож ирэх үед миний зүрх хүчтэй цохилдог нь ч хэвээрээ шүү.
-Хайр гэнэт бөхдөг болов уу?
-Хайр ч бай, нөхөрлөл ч бай жинхэнэ юм бүхэн тийм ч амархан өөрчлөгддөггүй юм. Нэг л өдөр найзууд биш болно гэж үгүй. Би найз нөхдөө маш их үнэлдэг. Тэд бол миний хувьд баялаг.
-Амьдралд тань юу хүрэлцэхгүй байна вэ?
-Миний амьдралд тийм ч их зүйл хэрэггүй ээ. Сайхан байшин байна, машин ч байна. Машинаа ойрын үед сольчих юмсан гэж боддоггүй. Би өөрийн эрэл хайгуулыг дуусгасан. Магадгүй, би нас тогтоод ийм болсон ч юм бил үү. 20-30 настайд хамгийн их сонирхол татаж, сэрэл хөдөлгөдөг зүйл нь секс, хурд. Харин одоо энэ бүхэн анхаарал татахаа больжээ.
Би ер нь ярилцлага тун цөөн өгдөг, нээлттэй бус, тун нууцлаг амьдралтай. Хэдхэн жилийн өмнө би огт өөрөөр амьдралаа авч явдаг байсан л даа. Тэгэхээр жил ирэх тусам хүн өөрчлөгддөг гэсэн үг.
-Та яаж тайвширдаг вэ?
-Би гитар, төгөлдөр хуур тоглох дуртай. Гэхдээ хэзээ ч хүмүүсийн дэргэд тоглож байгаагүй. Зөвхөн өөртөө л зориулж тоглодог. Заримдаа би хөгжимчин болох минь яав даа хэмээн харамсдаг. Хөгжим бол миний хувьд агуу зүйл юм.
-Буруу зүйл хийж, буруу зүйл бодвол хэзээ нэгэн цаг үйлийн үр нь эргээд ирнэ гэдгийг та юу гэж боддог вэ?
-Муу зүйлийг огт бодож болохгүй, тэр тусмаа муу үйл хийж болохгүй гэж би боддог. Ингэх нь тийм ч хэцүү биш. Бид бодол санаагаа хянаж сурснаар түүндээ агуу их хүч хайрлаж буй хэрэг. Үг өөрөө утгагүй, зөвхөн авиа юм. Харин бодол, үйлдэл л маш их ач холбогдолтой.
ӨГЛӨӨНИЙ СОНИН