Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэлцдэг. Үүнтэй адил ус дутагдвал хүний биед хөгшрөлт маш хурдан явагддаг. Шингэн сайн уух ёстой гэж эмч нар зөвлөдөг нь бодисын солилцоо сайжирна гэж үздэгээс тэр. Хэвийн жинтэй хүн гэдсэндээ дунджаар 2.5 кг илүүдэл ялгадас тээж явдаг бол тарган хүн 5-8 кг-ыг өөхөн давхаргынхаа ард нууж байдаг ажээ.
Тэдгээр илүүдэл нь биеийг хордуулан эд эрхтэнээс дутахгүй байр эзлэн тухалдаг гэнэ. Үүнийг хөөж зайлуулахад ус маш чухал үүрэгтэй ажээ. Ингээд зогсохгүй бодисын солилцоог сайжруулснаар бие хөнгөн шингэн болж, нозоордоггүй сайн талтай. Гэтэл манайхны дунд ус дангаар нь ууж чаддаггүй хүн олон бий.
Хар ус хоолой давахгүй юм гээд сүүтэй цай, халуун кофе байнга хэрэглэдэг. Энэ бүхэн усыг яагаад ч орлож чаддаггүй гэнэ. Хүний биеийн 75, уураг тархины 80, цусны 92, ясны 22 хувь нь уснаас бүрдэж байдаг. Гэтэл бид амьсгалаараа өдөрт 600 мл, шээс, өтгөнөөрөө 2.5 литр шингэнээ алддаг. Алдсан шингэнээ нөхөх ёстой атал тэгдэггүй. Ус уу гэж хэлдэг мөртлөө үр хүүхдэдээ бид ус уулгаж хэвшүүлээгүй. Уураг тархины 80 хувь нь уснаас тогтдог бөгөөд байнга ус нэхэж байдаг. Гэтэл ном сурдаггүй хүүхдийн уураг тархи их бага хэмжээгээр шингэний дутагдалд орсноор ой тогтоолт нь мууддаг, аливааг цээжилж тогтоохдоо муу байдаг аж.
Хүүхнүүд гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд ямар ч үнэ мөнгө шаардахгүй усыг хангалттай хэмжээгээр ууж хэрэглэж чадвал ус таныг залуужуулах шидтэй юм. Таргалалт хамгийн том асуудал болоод буй хүүх нүүдэд зөвлөхөд өдөрт дор хаяж гурван литр шингэн уух хэрэгтэй. Хамгийн гол нь зөв, бага багаар шимж уух ёстойг бүү мартаарай. Тэгэхгүй бол том томоор нь гэдсээ цэрийтэл ус залгилахын нэр огтоос биш юм. Эрүүл хооллолтын клубүүд үйлчлүүлэгчдэдээ ус уухыг хамгийн түрүүнд зөвлөдөг. Эрүүл байя гэвэл урт насалж, үргэлж эрч хүчтэй, залуу золбоолог байя гэвэл ус байнга хэрэглэ гэдэг. Тиймээс өтгөн кофе, халуун байхуу, мөстэй коланаас татгалзаж, ус байнга хэрэглээрэй гэж зөвлөе.