Од эрхэс ямар хүмүүст илүүтэйгээр тусалдаг вэ? гэсэн сонирхол татам асуултуудад хариулт авахын тулд Германы судлаачид тус улсын хамгийн нөлөө бүхий бизнесменүүдийн жагсаалтанд дүн шинжилгээ хийжээ. Тэд судалгаагаа явуулахын тулд Германы томоохон 30 компани багтдаг, дэлхийд нэртэй жагсаалт болох DAX биржийн индексийн жагсаалтанд багтсан компаниудын удирдлагаас 25 хүнийг сонгон авч төрсөн ордоор нь хуваажээ.
Тэд толгой эргэм амжилтанд хүрэхийн тулд хамгийн гол нь цагаа олж төрөх ёстой эсвэл зарим ордны хүмүүс бусдаас илүү азтай байдаг гэсэн хувилбарыг батлахын тулд ийнхүү судалгаа хийжээ. Сонгон авсан 25 саятан менежерийг 12 ордод хуваавал орд тус бүрд хоёр менежер ноогдохоор тооцоо гарч байв. Үүнийг үхрийн ордод хоёр менежер төрсөн гэсэн баримт баталж өгсөн байна. Үхрийн ордныхон Цолмон гаригийн нөлөөгөөр эелдэг, бодлоготой хэдий ч зорилгодоо хүрэхийн тулд их удаан хөдөлдөг аж. Хэрвээ хүн 200 насалдаг байсан бол топ-менежерүүдийн 90 хувь нь үхрийн ордны хүмүүс байх байсан гэнэ.
Харин арслангийн ордныхон илүү амжилттай ажиллахын зэрэгцээ сонгон авсан хүмүүсээс тав нь энэ ордод төрсөн байж. Харин дараагийн байранд загасны ордныхон /25-ын дөрөв нь / орсон бөгөөд амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг гэнэ. Охин, Ихэр, мэлхийн ордоныхон бас л муугүй үзүүлэлт гаргасан байна. Охины ордныхон багаар ажиллах чадваргүй, бүх хариуцлагыг өөртөө авдаг бол ихрийн ордныхон хүнтэй хэл амаа амархан ололцдог нь амжилтын түлхүүр болдог гэнэ.
Мэлхийн орд бол гэр бүлийн билэг тэмдэг тул ажлын байр нь нь хоёр дахь гэр орон болдог, зарим нь бүр ажлаа нэгдүгээрт тавьдаг аж. Харин бумба, жинлүүр, хонь, нумын ордныхон сүүл мушгисан буюу топ менежерүүд дунд энэ ордод төрсөн хүн тус бүр нэг байжээ. Нумын ордныхны хувьд нийгмийн дадал, хүмүүсийг сонирхох чадвар дутагддаг бол эрх чөлөөтэй байх дуртай бумын ордныхон урт хугацааны хариуцлага хүлээх дургүй аж. Хонины ордны хүмүүс хүсвэл дарга болж чадах хэдий ч өөр өөр салбарт шилжин ажиллахыг илүүд үздэг аж. Харин жинлүүрийн ордныхон хамгийн зөөлөн удирдагчид байдаг гэнэ. Энд сонирхуулахад бумбын ордны хүмүүс жагсаалтанд багтсан хүмүүсийн хамгийн өндөр цалинтай нь байсан аж.
Харамсалтай нь 25 топ-менежерийн жагсаалтанд хилэнцийн ордноос нэг ч төлөөлөл байсангүй. Хилэнцийхэн хамт олны хайр хүндэтгэлийг хүлээх чадваргүй, энгийнээр шийдэж болох зүйлийг зөрчилдөөнөөр дуусгадаг, зохицол гэдгийг огт мэддэггүй хүмүүс гэнэ. Гэхдээ дэлхийн баян хүмүүсийг тэргүүлдэг Билл Гейтс хилэнцийн ордны хүн гэдгийг санах хэрэгтэй. Хилэнцийнхэн хүсвэл ямар ч оргилд хүрч чадна. Судалгааны дүнгээс харахад наймдугаар сарын 18-20, гуравдугаар сарын дөрөвнөөс долоон, эсвэл тавдугаар сарын таванд төрвөл топ менежер болох магадлалтай гэсэн дүгнэлт гарсан нь нэн сонирхолтой.
24tsag.mn