“iPhone 5”-ын Хятад дахь үйлдвэр “Foxconn” компани ажилчидтайгаа тохиролцоонд хүрсэн гэж өнгөрсөн амралтын өдөр мэдэгджээ. Тус компанийн төлөөлөгч ярихдаа “Үйлдвэрийн ажилчид үргэлжлүүлэн ажил хаяагүй. Бид тэдэнтэй тохиролцоонд хүрч ойлголцсон. Одоо үйлдвэрт “iPhone 5”-ыг угсрах ажил үргэлжилж байна” гэжээ.
Хятадын Жэнжоу хотын “iPhone 5” гар утсыг угсарч буй үйлдвэрийн ажилчид ажил хаяж, үйлдвэрлэлийг түр хугацаанд зогсоосон гэж өнгөрсөн даваа гаригт АНУ дахь Хятадын хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийг бодит байдалд нийцэхгүй гэж “Foxconn”-ы төлөөлөгч мэдэгдэв.
Энэ сарын 1, 2-нд тус үйлдвэрийн ажилчид, бараа таваарын чанарыг үнэлэх албаны хооронд санал зөрөлдсөн байна. Гэхдээ энэ нь ажилчид болон ажил олгогчдын хооронд үүссэн маргаан биш бөгөөд ажлын талаар үл ойлголцсон асуудал аж. Санал зөрөлдөөнийг арилгасан учраас үйлдвэрлэл зогсоогүй гэж “Foxconn”-ы удирдлагууд тайлбарлав.
Хятадын Тайюань хотод үйл ажиллагаагаа явуулдаг Тайванийн “Foxconn” компанийг эсэргүүцэж 2000 орчим ажилчин жагсаал зохион байгуулсан юм. “Foxconn” компанийн удирдлагууд хэсэг ажилчныг халах шийдвэр гаргасны дараа жагсаал эхэлсэн. Эмх замбараагүй байдал газар авахаас сэргийлж 5000 цагдаа аюулгүй байдлыг хангажээ.
Т.Арьяа /Time.mn/