Даяарчлагдсан ертөнц дэх хамгийн түгээмэл цайнуудын нэг нь кофе. Яг одоо дэлхийн өнцөг булан бүрт сая сая аяга кофег хүмүүс ууж буй. Тэгвэл хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болох кофегоор дамжуулан хэдэн мянганы тэртээх түүх соёл, амьдрал руу эргэн харвал ямар байх вэ?
Энэхүү асуултын хариулт нь 976 галерейд энэ сарын 5-26-ны хооронд дэлгэгдэх “Эртний өгүүлэмжийг Nestle-гээр” үзэсгэлэн юм. Өнгөрсөн зуун хүн төрөлхтөнд шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, шинэ нээлтүүдийг авчирсан. Энэ нь бидэнд эртний түүх соёл, зан заншил, амьдралын хэв маягийг судалж, танин мэдэх боломж олгосон билээ. Харин шинэ зуунд улс орнууд төдийгүй урлаг ч хил хүрээгээр хязгаарлагдахгүй болж, улам “хавтгайрч” байна. Хавтгай дэлхий дэх мэдээллийн их урсгалын дунд төрөл бүрийн мэдээлэл агуулсан дохио тэмдэгтийг хэрхэн хүлээн авч, тайлж уншихаас бидний амьдрал, ирээдүй шалтгаалдаг мэт. 30-40 мянган жилийн тэртээ ч хүмүүс дохио тэмдэгтийг хэрэглэдэг байсан нь өдгөө хадны сүг зураг болон үлдсэн хэмээн Ё.Далх-Очир үздэг.
Тэдгээр хадны зураг эртний хүмүүсийн учир утгагүй бичээс, дүрс бус, харин оюун санааны хүч, амьдрал ахуйг хадгалсан дохио тэмдэгт юм. Тиймээс тэрбээр бүтээлүүддээ эрт үеийн дохио тэмдэгт, өгүүлэмжийг орчин үеийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл агуулсан дохио тэмдэгтүүдтэй харьцуулан илэрхийлжээ. Кофены бор шаргал өнгө нь ч эртний өгүүлэмж, дүр зургийг илэрхийлэхэд зохицжээ. Тэгвэл зураач Б.Энхтуяа “Бодьсатва” цуврал ажлаа тус үзэсгэлэнд дэлгэж байна. Бодьсатва гэдэг нь санскрит хэлний “Гэгээрэлд тэмүүлж буй хүн” гэсэн утгатай үг. Энэ үүднээс түүний бүтээлүүд “Хүн бүрийн дотор бурхан бий. Гэгээрэлд тэмүүлсний хүчээр хэн ч гэсэн доторх буддагаа сэрээж чадна” гэдгийг илэрхийлэх мэт.
Тус үзэсгэлэн анх өнгөрсөн тавдугаар сард Уран зургийн галерейд дэлгэгдсэн. Хоёр дахь удаагийн энэхүү үзэсгэлэнд зөвхөн “Эртний өгүүлэмжийг Nestle-гээр”-т зориулсан урлагийн орчныг дэглэн, уур амьсгалыг бүрдүүлснээр кофе, сүү, холимог техник ашиглан хийсэн бүтээлүүдээр авьяаслаг уран бүтээлчид интерьер дизайны шийдлийг хэрхэн амилуулж чадахыг харуулах онцлогтой.
Э.Ийнгаа /Time.mn/