Мянган киллограм” цомгоороо алдаршсан “Гурван бүдүүн” хамтлагийн ахлагч А.Мөнгөншагайтай уран бүтээл, амьдралын тухай цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр бурхан номын мөр хөөхийн сацуу хүсэл сонирхлынхоо дагуу урлагийн талбарт хүч үзэж яваа нэгэн юм. “Гурван бүдүүн” хамтлагийн “Чамайг хүлээе”, “Гучин наймтай аав”, “Ижийгээ гомдоох учиргүй”, “Хүн шиг явж баярлуулъя ижийгээ”, “Цас” зэрэг дууг нь фэнүүд сайн мэдэх билээ.
-“Гурван бүдүүн” хамтлаг уран бүтээлээ нэлээд хугацаанд завсарлалаа. Хэзээнээс уран бүтээлдээ анхаарах вэ?
-Уран бүтээлээсээ түр хугацаанд завсарласан нь үнэн. Гэхдээ зүгээр суусангүй. Манай хамтлагийн гурав дахь цомог бэлэн болсон. Мөн цомогт орсон шинэ дуунуудаа дүрсжүүлж байна. -Шинэ цомгийн клипийг ямар студи хийж байгаа бол? -Манай хамтлагийн ихэнх клипийг “Эйс энтертайнмэнт” хийдэг. Тийм болохоор дассан газрын даавуу зөөлөн гэгчээр “Эйс энтертайнмэнт”-д даатгасан. Хэсэг хугацаанд хамтлагийн гишүүд уран бүтээлээс илүүтэй хувийн амьдрал, ажлаа зохицуулахад илүү анхаарал тавьж байгаа. Энэ завсар Солонгост очиж тоглолтоо хийчихээд ирсэн.
-Гадаадын хамтлаг, дуучид фэнүүдтэйгээ байнгын харилцаатай байдаг. Танай хамтлагийнхан фэйс бүүк хуудсаа хэрхэн ажиллуулдаг вэ?
-“Гурван бүдүүн” гэдэг цахим хуудсыг өнгөрсөн жил нээгээд гурав, дөрвөн сар ажиллуулаад зогсоосон. Үнэндээ манай хамтлагийн гишүүд өөрсдөө админ хийгээд хамтлагийнхаа тухай шинэ соргог мэдээ, мэдээлэл оруулах гэхээр завтай хүн байхгүй. Бидний цахим хаягийг хариуцаж ажиллах хувь хүн, албан байгууллага байвал дуртайяа хүлээн авах болно шүү.
-“Гучин наймтай аав” дуу олонд их хүрсэн. Тухайн дууны клипний зохиомжийг та нар өөрсдөө гаргасан уу. Эсвэл өөр хүний санаа байв уу?
-“Гучин наймтай аав” дуу бол үнэхээр бидний оргил бүтээл юм. Олон ч хүний сонсох дуртай дуу. Тиймээс ч бид анхныхаа бие даасан тог лолтыг “Гучин наймтай аав” гэж нэрлэсэн юм. Харин клипний зохиомжийг манай хамтлагийнхан “Эйс энтертайнмент”-ийн хамт олон той зөвлөж байгаад гаргасан.
-Хамтлагийн гишүүд өөр өөр шашин шүтдэг болохоор маргаан их гарах болсон гэсэн яриа тархсан. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Би багаасаа л шашин номын мөр хөөсөн хүн. Сүүлийн үед эрчимжиж буй бөөгийн урсгал хүний зовлонд дөрөөлж, хүмүүсийг ихээр хохироож байгааг хүн бүр л мэдэж байгаа. Бөө бол шашин биш, шашны нэг урсгал юм. Миний ойр дотнын олон хүн бөө болж байна. Манай хамтлагийн Эрдэнээ хүртэл бөөгийн бизнесийн сүлжээнд ороод л гарсан шүү дээ /инээв/. Одоо хамтлагаараа буддын шашин шүтэх болсон. Үүнээс гадна гадуур хамтлагийн гишүүн Учрахбаярыг Христийн шашинд орсон гэсэн мэдээлэл тарсан байна лээ. Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл. Учрахбаяр чинь Эрдэнээ бид хоёроос илүү буддын шүтлэгтэй хүн шүү дээ.
-2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг өөр өөрөөр тайлбарлаж байна. Энэ өдрийн талаар бурхны шашинд ямар нэгэн тайлбар байдаг уу?
-Дэлхий сөнөнө, эрин үе ирнэ гээд олон худал таамаг дэвшүүлж байгаа. Шашин номд тайлбарласан зүйл байхгүй. Энэ бол эртний майяачуудын тоолол тухайн өдөр дуусч байгаа л үзэгдэл юм. Майяачуудын овгоос одоо амьдарч байгаа хүн ч байхгүй шүү дээ. Зарим хүн мөрөөрөө ажлаа хийхгүй олон түмнийг дэвэргээд байна. Жишээ нь, “Орифлейм”- ийн бизнес эрхэлдэг хүн өөрийнхөө ажлаа хийж явна биз. Хүмүүст “Лаа, чүдэнзээ бэлтгээрэй. Газар дэлхий харанхуй болно” гээд л ярьж явах хэрэггүй л байхгүй юу. Ер нь энэ асуудлыг сонирхохгүй байгаа. Инээдтэй санагдаад байдаг юм.
-Таныг ном, виски цуглуулах сонирхолтой гэж сонссон. Сүүлийн үед цуглуулгаа нэмсэн үү?
-Ном тийм ч олон биш ээ. Цуглуулдаг гэж хэлж болохгүй. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд шашны холбогдолтой ном худалдаж авдаг. Гэхдээ унших зав гарахгүй л байна. Хоёр, гурван жилийн өмнөөс хүмүүс надад виски бэлэглэдэг болсон. Өөрөө архи, тамхи хэрэглэдэггүй болохоор гэртээ хадгалчихдаг байсан. Сүүлдээ вискинүүд маань гоё харагдаад цуглуулмаар санагдаад гадаад явахаараа л виски авчирдаг болсон. Мөн хүмүүс ч виски бэлэглэдэг болсон. Одоогоор 60 гаруй вискитэй болчихсон байгаа. Бүр ихдээд ирвэл вискинүүдээ дуудлага худалдаанд оруулдаг ч юм уу гэж бодож байгаа /инээв/.
-Одоогоор хэчнээн дууны үг, ая зохиогоод байна вэ?
-Миний зохиосон дууны үг, ая нийлээд 50 гаруй бүтээл байгаа байх. Түүнээс 20 гаруйг нь “Гурван бүдүүн” хамтлаг дуулсан байдаг. Өнгөрсөн жилээс эхлэн өөрийн бүтээлээсээ өөр хамтлаг, дуучдад өгч дуулуулж байгаа.
-Хамгийн их цаг хугацаа шаардаж бүтсэн бүтээлээсээ нэрлэвэл?
-Надад дуу зохиох их амархан санагддаг. Би зүгээр гитар барьж суугаад л дууны ая, шүлгийг зохиочихдог юм. Хамгийн урт хугацаанд бүтсэн дуу гэвэл миний анхны бүтээл болох “Холын чи минь” дууг 1997 оны үед зохиож байлаа. Энэ дууг нэг хэсэг хайрлаж байсан бүсгүйдээ зориулсан юм. Гурван жилийн өмнө Ховд нутгаар аялж явахдаа зохиосон бас нэг дуу бий. Ховд аймгийнхны шүтдэг “Баатар хайрхан” гэж сайхан уулын тухай дууны ая зохиочихоод Ховдын яруу найрагч Пүрэвсүрэнд шүлэг захиалсан. Энэ дуу шинэ цомогт багтаж байгаа. Өмнөх дуунуудын адил хит болно гэж найдаж байна. Энэ дуу бас нэлээд удаан хугацаанд бүтсэн шүү.
-Лам хүнийг урлагийн ер төн цөд хөл тавихад чухам юу нөлөөлсөн бэ?
-1990 онд ардчилал бий болж, хүмүүс шашин ном шүтэх эрх нээгдсэн үед ээж минь намайг дагуулан хийдэд шавилуулж байлаа. Манай аав, ээжийн талд сайн лам хуварга хүн байсан. Нэг хэсэг хийдэд шавилан сууж байгаад хөдөө явж мал маллах болсон. Тэгээд Улаанбаатарт суурьшаад “Шашны дээд сургууль”-ийг төгссөн. Багаасаа л хөгжим, дуунд сонирхолтой хүүхэд байлаа. Магадгүй багадаа хөдөө мал хариулдаг байхдаа их ганцаарддаг байсан болохоор хөгжимд дуртай болсон байх. Мөнгөншагай гэдэг хүн дуу хөгжимгүй бол амьдарч чадахгүй гэдгийг л ойлгодог. Хэзээ ч би урлагаа хаяагүй. Шашин номын мөр хөөсөн ч хөгжим дуу гэдэг зүйлийг мартаж байгаагүй. Шашны дээд сургуульд сурч байхад манай хамтлаг анх байгуулагдаж байлаа. Тэгэхээр урлагийн ертөнцөд орж ирэхэд хэн нэгэн хүн, ямар нэгэн зүйлийн нөлөө байхгүй. Би өөрөө чин сэтгэлээсээ хүсч ирсэн юм. Одоо хүртэл би урлагийн ажлын хажуугаараа шашин номын ажил, үүргээ гүйцэтгээд л явж байна. Миний номын багш Халхын XV хувилгаан Зая гэгээнтэн гэж хүн бий. Би тэр хүнтэй ойр дотно байдаг хүмүүсийн нэг. Зая гэгээнтний “Хөшиг дацан” гэж байдаг юм. Одоогоор түүний голлох ажлыг гүйцэтгэж байна даа.
-Хамтлагийн гурав дахь гишүүн байнга л солигддог. Үүнийг сонсогчид их гайхдаг юм?
-Байнга солигддоггүй шүү дээ. 2007 оноос хойш яг л энэ бүрэлдэхүүнээрээ байгаа. Надад багын таван сайн найз байдаг юм. Бид Эрдэнэтийн хүүхдүүд. Бага насандаа уран бүтээл хийх гэсэн хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж нөхөрлөсөн. 2007 онд манай хамтлагийн Ариука Солонгос явахаар болсон. Түүний оронд Эрдэнээ хамтлагт шинээр орж ирсэн. Бас л миний багын найз л даа. Өмнө нь “Гурван бүдүүн” хамтлагт байсан найзууд маань нэгдэж ирээдүйд дөрөв тавуулаа ч уран бүтээлээ хийж магадгүй.
-Зохиолын дуу, дуучдын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед зохиолын гэлтгүй дууны аялгуу нэг хэвийн болчихсон. Миний бодлоор манай зохиолын дуучид ч гэдэг юм уу, ер нь дуучид дээр үеийн дууг сэргээгээд дуулаад байна л даа. Зарим дуучин өмнөхөөсөө дордуулдаг. Барууны юм уу, гадаадын уран бүтээлчдийн хувьд зохиолч шүлэг зохиож, өөр нэг хүн аяыг нь зохиогоод дуучинд өгөх тохиолдол бараг байдаггүй. Ихэвчлэн өөрсдийн сэрэл, мэдрэмжээрээ үг, аяыг нь зохиож олонд хүргэдэг. Манай хамтлагийн хувьд ч өөрсдийн сэтгэлээс урган гарсан шинэ соргог бүхнийг олон түмэндээ хүргэхийг зорьдог. Түүнээс бус дээхнэ үед дуулсан дууг сэргээгээд байх нь сонин биш шүү дээ. Тэр дуу нь тэртэй тэргүй эзэнтэй, тухайн үедээ хит болчихсон дуу. Дуулах дуу олдохгүй байгаа юм шиг хэн нэгний бүтээлийг сэргээх, эсвэл үг аяыг нь өөрчлөх нь ядчихсан арга.
-Хамтлагийнхаа нэрийг өөрчлөх үү?
-Саяхан урлаг судлаачид, рок попын зарим нөхөд маань “Танай хамтлагийнхан одоо нэрд гарсан юм чинь нэрээ солибол яасан юм бэ” гэсэн. “Гурван бүдүүн” биш “Гурван гал” болгох санал тавьсан. Биднийг анх тайзанд “Гурван бүдүүн” гэж дуудуулж гарахад хүмүүс шоолдог байлаа. Мөн фэнүүд гэж ярихдаа ичдэг байсан шүү. Одоо бол цаг өөр болсон. Манай хамтлагийг тайзнаа гарахад хүмүүс алга нижигнүүлэн ташиж, угтан авч байна. Мөн фэнүүд гэж ярихаасаа ичихээ больж, бидний фэнүүд нас насны хүмүүсээр хүрээгээ тэлж байна. Тиймээс үзэгчдэдээ танил болсон нэрээ өөрчлөх бодолгүй.