“CNN” телевизийн алдарт хөтлөгч Пирс Морган зочноороо талбайн теннисний эмэгтэйчүүдийн төрөлд ноёлж байгаа АНУ-ын тамирчин Серена Уиллиамсыг урьжээ. Саяхан Туркийн Стамбулд болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ний алтан цомыг өргөсөн тэрбээр олимпийн аварга, “Их Дуулга”-ын аварга гэх олон алдрын эзнээр богино хугацаанд тодроод байна Австралийн нээлттэй тэмцээнд л гэхэд таван удаа, Уэмблодонд мөн тав, олимпийн гурван удаагийн аварга энэ бүсгүйн дотоод сэтгэлийг хөдөлгөж чадсан ярилцлагыг хүргэж байна.
-Энд хүрэлцэн ирсэнд чинь талархал дэвшүүлье. Би бол британи хүн. Харин та америк иргэн. Аугаа теннисчин болоход хэдэн алхам дутуу байна вэ?
-Таны асуултад хариулахдаа их сандрах болов уу гэтэл давгүй юм. Надад оролцсон тэмцээн бүртээ түрүүлэх зорилго байдаг. Магадгүй ганцхан би биш, бүх л тамирчин үүнийг хүсдэг шүү дээ.
-Тэднээс та юугаараа ялгарах вэ?
-Амжилтаараа илүү гарахыг боддог. Нас залуу байгаа болохоор өшөө ч олон тэмцээнд хүч үзнэ дээ.
-Эмэгтэй тамирчид спортоос эрт зодог тайлдаг гэлцэх юм. Серена Уиллиамс, ер нь эгч дүү Уиллиамс их спортыг хэзээ орхих вэ?
-Тун хүнд асуулт байна. Тамирчин хүн ам гарч болдоггүй. Би зогсох ёстой гэсэн газраа л зогсох болно. Тэнд хүртэл маш урт эсвэл богинохон зам байж болно. Яг тэдийд зодог тайлна гэсэн зорилгогүй. Бас эмэгтэй тамирчид эрчүүдийг бодвол эрт зодог тайлах хандлага байдгийг үгүйсгэхгүй ээ. Эмэгтэй хүн хувь тавилангаа золиослож тамирчин болдог. Тэд хүүхэд гаргаж гэр бүлтэй болохыг хүснэ шүү дээ. Харин эрчүүд энэ бүхнийг тамирчны замналынхаа хамт авч явж болдог.
-Хоёулаа Нью Йоркийн “Уандербилт”-эд хамтдаа теннис тоглож өдрийг өнгөрүүлж байхад надад нэг зүйл сонин санагдсан. Чи үргэлж ялагч байхыг хүсдэг юм шиг. Үргэлж үү?
-Тэр өдөр сайхан байсан. Мэдээж үргэлж ялагч байхыг хүснэ шүү дээ. Гэхдээ та ямар утгаар хэлж байгааг чинь ойлгохгүй нь.(Инээв)
-Олимпийн тэмцээнд түрүүлэхэд юу бодогдож байсан бэ?
-Тэр тэмцээнд түрүүлнэ гэдэг тамирчин хүний хамгийн том зорилгын нэг. Гэхдээ надад сэтгэл зүй дутагдаад байсан. Үүнийг дасгалжуулагч, сэтгэл зүйчид анзаарсан л даа. Үгүй бол талбай дээр юу болох байсныг мэдэхгүй. Гэхдээ урьд нь хоёр удаа энэ медалийг зүүж байсан болохоор туршлагадаа маш их найдсан. Итгэл эвдээгүй шүү.
-Мариа Шарапова, Азаренка нарыг тамирчны хувьд дүгнэвэл?
-Би тэдэнд маш их зөвлөгөө өгдөг, амьдрал дээр сайн найзууд. Харин талбайд өрсөлдөгчийн хувиар гарч ирнэ гэдэг хэцүү байсан. Өнөөх л сэтгэл зүй. Гэхдээ тэр давааг л давчихвал бүх зүйл сайхан болдог юм шиг санагдсан. Олимпийн үеэр М.Шарапова надаас айж байсан гэсэн. Тоглолт дуусаад бид гар барилцах үед би түүнд хандаад “Чамд маш өндөр үүрэг хариуцлага ирж байна. Чиний нүднээс чадна гэсэн үг мэдрэгдэж байна” гэж хэлсэн. Тэр гайхалтай үзэсгэлэнтэй төдийгүй их авьяас чадвартай эмэгтэй.
-“Их Дуулга”-д олонтаа түрүүлнэ гэдэг өөрийнхөө нэрийг энэ спортод дархалж байгаагийн нэг илрэл мөн үү?
-Нээлттэй тэмцээн, Уэмблодон гэх зэрэг нэр хүндтэй хэд хэдэн тэмцээн байгаа. Гол анхаарлаа үүнд хандуулсан байхад олимп, ДАШТ зэрэг хүндхэн, сорилт ихтэй тэмцээнд оролцоход хялбар болж ирдэг. Ер нь бэлтгэл сайтай байхад ачаалал бага авдаг. Би бага сургуульд теннисээр хичээллэж байхдаа шөрмөсөндөө үргэлж бэртэл авдаг байсан. Тэр мэдээж бэлтгэл сургуулилт хэдий сайн хийгдсэн ч тамирчны зан төлөв суугаагүйн нэг том илрэл. Мөр, хүзүү, шилбэ, тохой гээд бэртэж үзээгүй газар байхгүй. Анхан шатны сургалтын талбайн хөрс хатуу байдаг. Тамирчин болохын тулд зогсолтгүй хөдөлмөрлөнө гэдэг амжилтын нууц шүү дээ. “Их Дуулга”-д түрүүлэх бүртээ цаашаа урт зам байгааг би хардаг.
-Гранд Слэймд хамгийн анх түрүүлж байснаа бодвол одоо дэлхийн чансааг тэргүүлж, жилд 40 сая ам.долларын орлоготой болжээ. Чи өөрчлөгдсөн үү?
-Мэдээж хэн байснаа юу гэж мартах билээ.
-Бэлтгэл сургуулилт хийж байхдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Би талбай дээр сургуулилт хийж байхдаа бөмбөгөө газар унагавал өөртөө буруу өгдөг сэтгэл зүйг баримталдаг байв. Мэдээж багш, дасгалжуулагч нар хөлийн гишгэлт, гүйлт, хий амьсгаадалт, цохилтын стандарт зэргийг хэлж, заадаг. Харин миний хувьд бөмбөгийг огт газар унагахгүйн төлөө “Алив ээ, алив” гээд л шүдээ зуун хашгирсаар байдаг.
-Мэргэжлийн тамирчин болсон түүхээсээ хуваалцаач?
-Би таван настайгаасаа теннис сонирхож, хичээллэх болсон. Уг нь манайх Мичиганд байсан гэнэ лээ. Гэхдээ тэндээс Калифорнид нүүж ирсэн нь миний спортын замналд чухал нөлөө үзүүлсэн байх гэж боддог доо. Эцэг маань эгч бид хоёрыг спортын хүн болоход өндөр хувь нэмэр оруулсан. Гэхдээ арван настайдаа теннисээ түр орхихоос аргагүй үе ирсэн. Учир нь бид хичээлдээ тааруу болж эхэлж байлаа. (Инээв) Флоридагийн өсвөрийн теннисчдийн чансааг тэргүүлсэн баярт мөчөөс хойш энэ спортоос огт холдоогүй.
-Хоёулаа спортын сэдвээ түр орхиод Серена Уиллиамс гэдэг хувь хүний ертөнцыг сонирхоё. Чи эмэгтэй хүнийхээ хувьд хэн бэ?
-Үүнийг найз нөхөд маань, эсвэл миний тойрон хүрээллийн хүмүүс хэлэх байх. Би өөрийгөө дуу өндөртэй, сэтгэлийн эмоцоо илэрхийлэхдээ биеэ төдийлөн бариад байдаггүй гэж боддог. Ер нь ихэнх өнгөт арьс хүүхнүүдтэй адилхан сэтгэлийн хөдлөл ихтэй. Харин та намайг яаж дүгнэж байна?
-Ялагдах дургүй нэгэн гэдгийг чинь харсан.
-Бурхан минь үүнийг дахин ярих хэрэггүй (Чангаар инээв)
-Аавын эрх охин уу?
-Тийм ээ. Тэр таван охиндоо хэрхэн анхаарал хандуулж, зөв зам руу яаж хөтлөхөө мэддэг эр хүн. Түүний талаар хүмүүс надаас асуувал “Тэгэлгүй яахав, аав минь энэ дэлхий дээрх цорын ганц алдартан. Гэхдээ таван охиныхоо хувьд тэгж хүндлэгдэх нь илүү сайхан” гэж хариулах болно.
-Аав чинь ийм ухаантай байгаа юм бол ээжийн чинь талаар бүр сайхан үг сонсох нь ээ?
-Би ээжийгээ мэддэггүй.
-Таныг “Билли Жин” сонсч, тэр ч байтугай бүжгийг нь чадамгай дуурайдаг гэж сонссон?
-Энэ дуу энгийн нэг зүйл биш. Миний амьдралын хар бараан, гэрэл гэгээтэй бүхнийг гэрчлэх бүтээл. Би “Билли Жин” дууг үргэлж сонсч тайвширдаг.
-Хэвлэлийнхэн үргэлж дагах хэцүү байдаг уу?
-Тэд их сонин хүмүүс. Миний талаар сөрөг мэдээлэл гарах үед үргэлж дагадаг. Харин аливаа тэмцээнд түрүүлэхэд эсвэл амжилт гаргасны дараа цөөхөн хүн л ярилцлага авч, баярыг минь хуваалцдаг.
-Тэгэхээр та өөрийгөө өргөмжилмөөр санагддаг юм уу?
-(Чанга инээв) Юу гэж дээ. Зүгээр л нөхцөл байдал тийм шүү гэдгийг л хэлж байна. Та асуусан шүү дээ. Би хариулж байна.
-Серена, хэзээ хүүхэдтэй болох вэ. Төлөвлөсөн зүйл бий юу?
-Байхгүй.
-Та надад нөхөргүй гэж хэлэх гээд байна уу?
-Тийм болж таарлаа. Брэт (Найруулагч, Серенатай 2010 оноос хойш үерхэж байгаа ч хүйтэн харилцаатай байдаг) бид хоёрын дунд ямар нэгэн онцгой харилцаа үүсэхгүй бол би удаан хүлээж чадахгүй. Эмэгтэй хүн, тамирчин хүн хоёрын ялгааг олж, тэдний зовлонг хуваалцах эр хүн эцгээс минь өөр байхгүй юм шиг санагддаг. Мэдээж хэзээ нэгэн цагт гарч ирэх л байх. Бурхан минь, та ямар хэцүү сэдэв рүү орчихов оо. (Уулга алдав)
-Тийм бололтой. Өршөөгөөрэй. Таны алдар цуугаа мандуулж явсан үеийг хүн бүр мэднэ. Спортын амьдралынхаа хүндрэлтэй, хэцүү байсан зүйлсээ хуваалцаач.
-Одоогоос тав, зургаан жилийн өмнө юм уу даа. Урт хугацааны бэртэл авсан. (2004-2006 оны хооронд Серена Австралийн нээлттэй тэмцээний үеэр өвдөгний бэртэл авснаас хойш амжилт нь нэлээд буурсан) Тухайн жилүүдэд зөвхөн сэтгэл санааны хувьд аймшигтай байлаа. Тамирчин хүн өрсөлдөөнийг хажуугаас харна гэдэг үнэхээр хүнд л дээ. Мэдээж 2010 онд бэртлээ эдгээгээд дахин талбай дээр ирэх хүртэл “эмнэлэг” гэдэг үгнээс залхаж, галзуурмаар болтлоо шаналсан. Тэр үед орхиод явсан байр суурийг минь дөнгөж 16 настай Мариа Шарапова гэх орос охин эзлээд байсан л даа. Хурдхан талбай дээр гарч түүнтэй цэвэр спортын өрсөлдөөн өрнүүлмээр санагдсан. Бид амьдрал дээр сайн найзууд, эгч дүүс.
-Олимпийн дархан аварга гэдэг хэн хүний хүсээд байдаг эд биш. Энэ алдрыг эвдэх тамирчин хэзээ гарч ирэх бол?
-Удахгүй биз дээ. Тэр хүртэл хувийн амжилтаа ахиулсаар байх болно. Надад мөрөөдөл байдаг. Тэр мөрөөдөлдөө хүрсэн бол зогсохгүй. Бүр том мөрөөдөл, зорилгын төлөө хичээнэ.
-Чамайг чин зүрхнээсээ хайрлах сайхан залуу гарч ирлээ гэж бодоё. Гэтэл тэр маш чухал тэмцээний өмнө гэрлэх санал тавьбал яах вэ. Тэмцээн эсвэл хань?
-Та яагаад ийм хүнд асуулт тавьж байгааг мэдэхгүй юм. Магадгүй тэр маань үүнийг сонсч байгаа ч юм билүү (Инээв). Би тэмцээнээ сонгохгүй ээ. Эсвэл сонгочихож л мэднэ (Чангаар инээв). Ер нь заавал тийм хүнд нөхцөл байдалд орно гэж байхгүй шүү дээ.
Т.Батсугар
НИЙГМИЙН ТОЛЬ