Хайр дурлалын үнэ цэнэ, нэр алдрын төлөөсийг харуулах “Бэхэн зүрх” УСК-нд гол дүр бүтээсэн Ц.Цэлмэгийг энэ удаагийн “Гэрэл түгээе” буландаа онцолж байна. Өдгөө 10 орчим кино контентод дүр бүтээсэн авъяаслаг, залуу жүжигчин Ц.Цэлмэгтэй түүний уран бүтээлийн талаар ярилцлаа.
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Ц.Цэлмэг гэдэг. СУИС-ын Театр урлагийн сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан.
-Саяхан кино театруудын дэлгэцнээ гараад байсан ”Бэхэн зүрх” кинон гол дүр гэдгээр нь үзэгчид илүүтэй мэдэх байх. Гол дүрд хэрхэн сонгогдож байв?
-Би өнгөрсөн зургаадугаар сард “Orange entertainment”-ийн “Бумбын тахилга” контентод тоглосон. Тэр үед хамт ажиллаж байсан стилист эгч “Бэхэн зүрх” кинонд мөн ажиллахаар болоод, над руу “Чи проб өгөөд үз” гээд залгасан юм. Жүжигчний сонгон шалгаруулалтаар очиж уулзахад найруулагч А.Баттүшиг ах надад зохиолынхоо талаар ерөнхий ярьж өгөөд, “Секс сценетэй болохоор орохгүй ч байж болно шүү” гэж хэлж байсан. Гэхдээ би зориглоод ээжтэйгээ, стилист эгчтэйгээ ярилцаж байгаад проб өгөөд шууд тэнцсэн.
Найруулагч А.Баттүшиг ах “Энэ киноныхоо гол дүрийн эмэгтэйг удаан хайсан. Ингээд чамаар проб хаагдлаа” гэж хэлж байсан.
Бидний зохиолын уншлага долоодугаар сарын 12-нд эхэлж, тэр сарын 30-нд зураг авалтаа эхлүүлсэн. “Бэхэн зүрх” кино багийнхатайгаа хоёр сарын турш хамт байрлаж ажилласан.
-Кино багийнхантайгаа байрлаж ажиллахад ямар байсан бэ?
– Бусад кино контент дээр натурт явах үедээ л хамт хонодог байсан бол “Бэхэн зүрх” кинонд хотын зурганд ч хамт байрлаж ажилладаг байсан. Яг л нэг гэр бүл шиг байсан. Найруулагч А.Баттүшиг ах яг л аав шиг, шөнө өрөөнөөсөө гарч явахаар “Унтахгүй юу хийгээд байдаг юм бэ” гээд л, яг аав ээж шиг хүмүүстэй л хамт байсан.
А.Баттүшиг ахаас их зүйл сурсан. Намайг жүжигчний мэргэжилд дурлахад хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол найруулагч А.Баттүшиг.
Мөн make up artist Шүрээ эгч маань их зүйл зааж зөвлөдөг байсан.
-Анх яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болсон бэ?
-Би багаасаа урлагт авъяастай хүүхэд байсан. Намайг тавдугаар ангид байхад ээж маань надад Б.Лхагвасүрэн зохиолчийн “Ижийтэйгээ байхад” гэдэг шүлгийн цоморлигийг өгч байсан юм. Тэр нь дотроо шүлэгнүүдийг нь гоё аян дээр уншсан CD-тэй байсан юм. Тэр бичлэгүүд дунд нэг хүү “Ижийтэйгээ байхад” гэдэг шүлгийг уншиж байхыг сонсоод, “Би ч гэсэн ингэж уншъя” гэж бодож байлаа.
CD-гээ сонссоор байгаад шүлгийг нь цээжилж, сургуулийнхаа “Уран жиргээ” уралдаанд гуравдугаар байр эзэлсэн. Түүнээс хойш дүүрэг, улсын “Уран жиргээ” гээд л тэмцээн алгасалгүй ордог байсан. Харин аравдугаар ангидаа МХО-ны драмын дугуйланд явж, тэр үед жүжигчин болох шийдвэрээ гаргаж байсан.
-Өмнө тоглосон уран бүтээлүүдээс хамгийн хүнд санагдсан нь дүр нь юу вэ?
-Одоогоор тоглосон уран бүтээлүүдээс хамгийн хэцүү нь “Бэхэн зүрх”. Миний хувьд маш зориг шаардсан уран бүтээл байсан. Дүрийн хувьд ч их ажиллагаатай, хэцүү зохиол байсан. Би одоогоор мэргэжлийн жүжигчин болоогүй байгаа болохоор хүнд дүр шиг санагдаж, би чадахгүй байгаа ч юм шиг гуниглах байсан үеүүд байсан.
Гэхдээ найруулагчийн өгсөн зааврыг сайн сонсож, дагаад, хүнд сцений өмнө ганцаараа байж, төвлөрч, их бэлддэг байсан.
-Зураг авалт дуусч, киноны нээлтээр өөрийн бүтээсэн дүрээ хараад ямар сэтгэгдэл төрөв?
-Би кино театрт нээлтийн эхний үзвэрээ үзэж чаддаггүй юм. Дараа нь ганцаараа байхдаа киногоо үздэг. Ингэхдээ заавал 2, 3 дахин үзэж, өөрийн алдаа, харагдах байдал, цаашдаа анхаарах зүйлсээ харж авдаг.
Би одоохондоо өөрийгөө мэргэжлийн жүжигчин болоогүй, сурах зүйл их байна гэдгээ сайн ухамсарладаг.
“Би хөөрхөн, би сайн байна, би чадаж байна” гэж бодохыг хүсдэггүй. Хэрэв энэ талаар бодвол би хөгжиж чадахгүй болчих юм шиг санагддаг.
-Чөлөөт цагаараа өөргийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? Шинээр сурч байгаа зүйл бий юу?
-Одоогоор дуу хөгжимд илүү сонирхолтой байгаа. Саяхан гитар аваад, одоо сурч байна. Гитараа сайн тоглоод сурчихвал дараа нь төгөлдөр хуур тоглож суръя гэж бодож байгаа. Бас тулааны урлаг, зодооны тал дээр өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан. Эмэгтэй хүнд энэ төрлийн хөдөлгөөний эвсэл байх хэрэгтэй гэж бодоод тэр талаар хичээллэж байгаа.
Би ер нь зүгээр сууж чаддаггүй юм. Зүгээр суухаар сэтгэл санаагаар унах юм шиг санагддаг.
-Кино, контент олон нийтэд цацагдсаны дараа эерэг, сөрөг олон сэтгэгдэл ирдэг байх. Сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Сөрөг сэтгэгдэлд арай дасаагүй л байна. Гэхдээ эерэг сэтгэгдэл ч ирдэг. Кино нээх болгонд “Киног нь үзсэн, мундаг байсан шүү” зэрэг сайхан зүйлс бичдэг хүмүүс бий. Гэхдээ хэчнээн олон эерэг зүйл байсан ч цөөн хэдэн сөрөг коммент сэтгэлд үлдчихээд байдаг. Үнэндээ хэцүү байдаг юм. “Бэхэн зүрх” киноны дараа хэд хэдэн сөрөг сэтгэгдэл авсан.
Би анх “Шилжилт” кинонд 10 дугаар анги байхдаа тоглож байсан юм. Одоо намайг дагаж, дэмждэг хүүхдүүд ихэвчлэн бага дунд ангийн хүүхдүүд байдаг. Тэд намайг насанд хүрсэн гэж бодолгүй, 10 дугаар ангийн Ц.Цэлмэг гэж харж байгаа. Гэтэл “Бэхэн зүрх” киногоор шууд насанд хүрсэн дүрээр минь хүлээж аваад, сөрөг сэтгэгдэл үлдээх тохиолдол байсан.
Зарим хүн дүрээр минь хүлээж авах гээд байдаг.
Найруулагч А.Баттүшиг анх надад ийм зүйлд өртөх болохоор сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэдийг маань сануулж байсан л даа. Хэдий сэтгэл санааны бэлтгэлтэй байсан ч их гомдсон.
-2023 онд юу хийхээр төлөвлөж байна. Зорилгоосоо хуваалцвал?
-Энэ оны миний хамгийн гол зорилго сургуулиа төгсөх.Харин дараа нь монгол ахуйн сэдэвтэй кинонд тоглож үзэхийг хүсч байгаа. Мундаг зохиолчдын зохиолоос сэдэвлэсэн кино, жишээ нь “Эргэж ирэхгүй намар” УСК шиг монгол ахуй “үнэртсэн” кинонд дүр бүтээхийг хүсч байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.
https://newspress.mn/v2/%D0%93%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB-%D1%82%D2%AF%D0%B3%D1%8D%D1%8D%D0%B5/b/37620