Диана гүнжийн өмсөж байсан даашинзыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдаа энэ сарын 27-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд Диана гүнжийг шүтэн биширдэг хүн дуудлага худалдаанд оролцох боломжтой аж. Алтанзул цэцгийн хэлбэр бүхий хормойтой, энгэр хэсэгтээ мушгиралдсан хуниастай гүн нил ягаан өнгийн уг даашинз нь Английн нэрт дизайнер Виктор Эдельстайны бүтээл юм. Диана гүнж тус даашинзыг 1991 онд хааны удмын хөрөг зуруулахдаа өмсөж, мөн 1997 онд “Vanity Fair” сэтгүүлийн зураг авалтад өмсөж байжээ. Энэхүү даашинзыг Диана гүнж 1997 онд дуудлага худалдаа эрхлэгч “Christie’s” компанийн зохион байгуулсан сайн үйлсийн арга хэмжээнд хандивласан нь 24150 ам.долларын үнэ хүрч байжээ. Тухайн үед Диана уг даашинзнаас гадна өөрийн эдэлж байсан 79 хувцас өгсөн нь нийт 3.25 сая ам.доллароор үнэлэгдэж байсан. Сайн үйлсийн арга хэмжээнээс олсон бүх орлогыг ДОХ, хорт хавдартай тэмцэгч байгууллага болон гүнжийн найман жилийн турш тэргүүнээр ажиллаж байсан “Royal Marsden” эмнэлэгт хандивласан түүхтэй.