“Зарим хүүхэд намайг гадуурхаж, дээрэлхэхэд “Яагаад би ийм төрчихсөн юм бэ?” гэж хэнд ч юм гомдож, уурлаж, уйлж байсан үе надад бий. “Ийм” гэдэг нь гадна талаасаа. Шар үс, цэнхэр нүд, өндөр хамаргүй болохоор л намайг гоочлоод байна гэж бодож байсан. Ер нь иймэрхүү зүйлтэй гадаадад төрж өсөөд, өсвөр насаа өнгөрөөсөн хүүхэд бүхэн тулгардаг юм шиг байна лээ” гэж ярих түүнийг Жаргалсайханы Мишээл гэдэг. Ж.Мишээл 21 жилийн өмнө АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төрсөн бөгөөд одоо Колорадогийн их сургууль(Colorado of University)-ийн Санхүүгийн хоёрдугаар дамжааны оюутан юм.
Ж.Мишээлийн өрөөнд ороод суухад Америкт байгаа сэтгэгдэл огт төрсөнгүй. Монгол Улсын төрийн далбаа, Тэмээн жин, Хөвсгөл далайн эргийн том том зургууд, бас монгол бичгээр бичүүлсэн өөрийнх нь нэр, Монгол гэх үгсийг жаазлан өлгөсөн нь түүний өрөөний өнгө төрх ямар байдаг нь танд төсөөлөгдөж байгаа байх.
Монгол руу явах боломж
Ж.Мишээлийн эцэг эх, ах нь түүнийг төрөхөөс өмнө АНУ-ын Денвер хотод ирж суурьшжээ. Өдийг хүртэл тэдний хэн нь ч нутагтаа очоогүй. Харин Ж.Мишээл 17 насандаа гэрээсээ ганцаархнаа Монгол Улсдаа ирээд буцжээ. Энэ нь “Зориг” сангаас зохион байгуулдаг, уламжлалт сурагч солилцооны хөтөлбөр гол түлхүүр болсон байна.
Их сургуульд сурах юм сан гэхээс илүү Монгол Улс руу явж үзэх сэн гэх оргилсон хүсэл л түүнд байжээ. Тэр ч утгаараа солилцооны америк таван хүүхдийн нэгд багтах нь их сургуульд тэнцэхээс ч хүнд байсан гэнэ. Ингэхдээ Монгол руу яагаад явмаар байгаагаа эссэ бичиж, сарын дараа ярилцлагад орж, Монгол Улсын тухай, Засгийн газар болон Иргэний нийгмийн байгууллагуудын талаар, тэр дундаа “Зориг сан”-гийн үйл ажиллагаа, С.Зориг агсны талаар юу мэдэх вэ гэдгээ шалгуулсан байна.
Тэрээр “Монгол Улс миний сэтгэл зүрхэнд хэр их орон зай эзэлдгийг үнэнээр нь, ямар ч элдэв чимэг үггүйгээр хэлсэн. Би чинь төрсөн цагаасаа Монголын талаар л сонсож өслөө шүү дээ. Тийм чухал ярилцлагад орохын өмнө “Зөв оновчтой ярьж чадах болов уу” гээд айх, сандрах зэрэгцдэг юм билээ. Хоёрдугаар сард ярилцлагад орсноос хойш нэг сар хариугаа хүлээлээ. Ирсэнгүй. Горьдлого тасрахгүй, өдөр болгон мэйлээ шалгаж, утсаа хажуунаасаа холдуулаагүй. Эцэст нь, хоёр сарын дараа нэгэн монгол хүн залгаад “Тэнцсэн шүү. Явахдаа бэлдээрэй” гэж ярихад нь нүднээс нулимс гарч, магнай тэнийсэн” гэж ярьсан юм.
Ингээд тэрээр дөрөвдүгээр сард хариу авснаасаа хойш хоёр сарын хугацаанд цуг явах сурагчдын хамтаар Монголын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болгох сургалтад суужээ. Эцэст нь, Денвер-Чикаго-Бээжин-Улаанбаатар чиглэлд нисэх өдөр ирсэн байна.
Монголд очсон нь
Тэр дамжсаар Бээжингээс Улаанбаатар руу МИАТ-ийн онгоцонд суув. Шууд л “Монголын үнэр” ханхийсэн гэж тодотгосон. Энэ бол Мишээлийн тодорхойлсон ноолуурын гэмээр онцгой үнэр. Мишээл тэр үнэрийг үе үе гэрт нь Монголоос ирэх ачаанаас мэддэг болсон гэх.
Онгоц хөөрөхөөс эхлээд л буухын түүс. Үдэш орой болсон хойно Улаанбаатарт хөл тавьж, түүнийг аав ээжийнх нь хамаатан садангууд угтан авчээ. Хэдийгээр догдлон байж ирсэн боловч маргааш өглөөнөөс нь л Мишээлийн хувьд заримдаа цочиж гайхмаар, бас бахархаж яримаар олон сонин содон үйл явдлууд үргэлжилсэн аж. Хотын гудамжаар жолооч нар зогсоо зайгүй сигналдаж, сууж явсан машиныг нь мөргөх шахам ойртоход ихэд айжээ. Мөн богино хугацаанд орсон аадар зам хальтал үерлэн, гутлаа норгохгүйн тулд хөл нүцгэн хотын гудмаар алхаж явахдаа их л хөгжилтэй байсан гэнэ. Дараа өдөр нь “Нарантуул” зах руу очтол хөтөч багш нь “Цүнхээ урдаа бариад, нэг гараараа заавал атгаарай” гэж анхааруулсан байна. Түүнчлэн, Улаанбаатар хотын түүхэн газруудаар явж, аав ээжийнхээ төрсөн хотын түүхийг сонсож явахдаа “Ямар сонирхолтой түүхтэй хот вэ? Энэ тухай аав ээж, бас ах маань мэддэг болов уу?” гэж бодож байжээ.
Хотын зах зухтай танилцаж, музей, хөшөө дурсгалын түүхүүдийг сонссоны дараа Төв аймгийн Мөнгөнморьт сумын нэгдүгээр багийн нутаг Магалзарт зусаж буй малчныд очжээ. Энд тэрээр гар утасгүй гурван өдөр өнгөрөөсөн байна. Бас өнөөдрийг хүртэл найзаа гэж сэтгэлдээ тээдэг нөхдөө ч олжээ. Тэрээр “Монгол хүүхдүүд америк хүүхдүүдээс тэс ондоо. Тэд дуулж, бүжиглэх үнэхээр дуртай юм билээ. Донсолгоотой замын туршид англи, монгол гээд янз бүрийн дууг дуулсан. Би америк хүүхдүүдийг бөөндөө тойрч суугаад дуулж, наадаж байхыг нэг ч удаа харж байгаагүй. Хэрвээ америк хүүхэдтэй ахлах сургуульд найзалсан бол тэр найз ахлах сургуульдаа л үлддэг. Харин монгол хүүхдүүд хүнтэй маш урт хугацаанд нөхөрлөж чаддаг юм шиг санагдсан. Тэд бусдын хүсэл мөрөөдлийг ойлгох, дэмжих гэсэн чин сэтгэлтэй. Зүгээр л тэд амь нэгтэй” хэмээн тодорхойлов.
Америк хүүхдүүд монгол найз нартайгаа сүү хөөрүүлэх, үхэр тэргээр ундны ус зөөх, зууханд гал түлж сурах, үнээ саах, ааруул тавих гээд олон ажилд гар бие оролцжээ. Харин хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлээ харсан нь, нүдэн дээр нь хонь гаргасан явдал байжээ. Тэдэнд хонины арьсыг нударгаараа хэрхэн өвчихийг үзүүлж, махаар нь хорхог, шорлог зэргийг хийж өгчээ. “Амт нь таалагдсан ч дотор нь нэг л тавгүйрхсэн” гэж шулуухан хэлэв.
Энэ мэт Монголын талаар олон зүйлийг 14 хоногийн хугацаанд үзэж, зарим зүйлээс нь цочирдох үе ч түүнд гарч байжээ. Тэр бүрт Монголчуудын соёл, амьдрах ухааны талаар илүү ихийг мэдэх хэрэгтэйгээ ойлгож байсан гэнэ.
“Би монгол хүн” гэж хэлж байхдаа аз жаргалтай болдог
Ж.Мишээлийн өрөөний хичээлийн ширээн дээр монгол хэлний сурах бичгүүд, Хотын даргын өгсөн мэндчилгээ байх. Эдгээрийг тэр Монгол руу явж ирснээс хойш нэг ч удаа далд хийгээгүй гэнэ. Нүднээсээ далд байлгадаггүйн учрыг “Монгол руу 14 хоног аялсны дараа би америк охидтой адилхан байх гэж хичээхээ больсон. Ерөөсөө би монгол хүн гэдгээ л хүлээн зөвшөөрсөн. Америк охидод гадна төрхөөрөө таалагдаж, адилхан байх албагүйгээ ойлгосон юм. Яг тэр үеэс хойш энгийн л монгол охин байгаадаа баярлаж, их сургуулийн босгоор айдасгүй алхсан. Одоо бол, “Би Монгол хүн” гэж хэлж байхдаа аз жаргалтай болдог болсон” гэлээ.
Ж.Мишээлийн ээж өдөр бүр монгол хоол хийж, үйл урлан суудаг бол аав нь өөрийн Монголын түүх, соёлын талаар ярьж өгдөг гэнэ. Нэг удаа “Кирилл үсэг бол Монголын үндэсний бичиг биш. Бидний бичиг босоо зурлагатай. Удахгүй төрийн бичиг болно” гэсэн байна. Тиймээс тэр нагац ахаараа монгол бичиг заалгаж, чөлөө зав гарах тоолонд дуурайж бичихийг оролдох болжээ. Тэрээр монголоор ярихдаа гурваас дээш үетэй үгийг хэлэх болбол бага зэрэг түгдэрдэг. Торохгүй, хурдан хэлдэг болохын тулд бүжигчин Төөгөө, Б.Идэр-Од, В.Баярсайхан гээд залуу үеийн төлөөллүүдийг инстаграм хаягаараа дагадаг аж. Мөн мэдээллийн веб сайтуудаас үйл явдлын мэдээ уншиж, монгол хэлийг өөртэйгөө ойр байлгахын хичээдэг гэнэ.
Жаргалсайханы Мишээл бол холын Америкад төрж өссөн олон арван монгол залуусын нэг. Гэхдээ түүний хэлсэн “Би явж ирснээсээ хойш Монголын талаар бодоогүй, дахиад очих сон гэж хүсээгүй өдөр бараг л үгүй. Тэндээс төрсөн сэтгэгдэл, дурсамж бүхэн маань дандаа сайхан байдаг” гэсэн үгс их чухал санагдаж билээ.
https://itoim.mn/a/2023/03/03/world-mongolia/urr