Дэлхий дээр нэг жилд 500 орчим мэргэжил шинээр бий болдог ба нийт 12,000 гаруй мэргэжил байдаг. Төгсөх ангийн сурагч энэ олон мэргэжил дундаас өөрийн дуртай, ирээдүйтэй гэсэн мэргэжлээ олж сонгох нь чухал юм.
Хэрэв та буруу мэргэжил сонговол амьдралынхаа 4-6 жил буюу 1,460-2,190 хоногийг боловсрол эзэмшихэд зарцуулж, цаашид 40 гаруй жил дургүй зүйлээ хийж өнгөрүүлнэ гэсэн үг.
Их, дээд сургууль төгсөгчдийн дөнгөж 40 орчим хувь нь л төгсмөгцөө мэргэжлээрээ ажилд ордог. Мөн хөдөлмөрийн зах зээл дээрх ажилгүй иргэдийн 61 хувь нь 18-34 насны залуус байгаа нь ч бас мэргэжил сонголттой хамаатай. Иймд таны амьдралын үлдсэн хугацаанд үргэлж дагаж явах мэргэжил гэх шинэ найзыгаа хэрхэн сонгох вэ?
Мэргэжлээ сонгоход зайлшгүй харгалзан үзэх ёстой зүйлс
Хэдийгээр гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй мэргэжлүүдийг харах нь чухал ч нөгөө талд хувь хүний үзэл бодол, зан араншинд тохирох мэргэжил аль нь вэ гэдгийг судалж сонгох нь зөв юм.
Өөрийн сонирхолыг харж үзэх: Хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл ажлыг ажил бус хобби болгож хийх нь амьдралын чанарыг дээшлүүлж, аз жаргалтай болгоход тусална. Эсрэгээрээ, хүүхдийг дургүй зүйлд нь хүчлэхэд хэцүү.
Хүүхдийн авьяас ба онцлог шинж: Багаасаа хэл ярианы баялагтай, бичиг үсэг сонирхдог байсан хүн утга зохиолч болоход бусдаасаа илүү амжилт гаргадаг бол хими, биологидоо дуртай байсан хүмүүс сайн эмч болох магадлал нь өндөр байдаг.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзэх: Тухайн мэргэжлийг сонгохдоо ирээдүйд авах цалин болон ажлын байрны орон тоог судлах.
Дотнын хүмүүсийн ятгалгад болон сэтгэл хөдлөлдөө хэт автахгүй байх: Чиний мэргэжлийг чиний өмнөөс сонгож, ятгасан хүмүүс ирээдүйд чиний оронд амьдрахгүй. Мэргэжил сонголтоо зөв хийгээгүйгээс сэтгэл дундуурхан ажиллаж, өөр чиглэлээр сурах байсан юм даа гэсэн бодол тээн сэтгэл гонсгор яваа нь цөөнгүй. Иймд зүрх сэтгэлээ сонгож нухацтай бодож, тооцоолж байж шийдвэрээ гаргах нь чухал.
Дэлхийд эрэлттэй, ирээдүйтэй 10 мэргэжил
- Мэргэжлийн сувилагч
- Программ хангамжийн инженер
- Ерөнхий ба үйл ажиллагааны менежер
- Санхүүгийн менежер
- Удирдлагын шинжээч
- Зах зээлийн судалгааны шинжээч, маркетингийн мэргэжилтэн
- Менежер
- Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний менежер
- Эмч, мэс засалч
- Компьютер, мэдээллийн системийн менежер багтжээ.