“Mercedes-Benz” компани седан ангиллын “CLA” цахилгаан автомашинаа танилцууллаа. Тус компани шинэ загвараа “Tesla”-ийн цахилгаан автомашинуудаас хол зам туулах чадалтай гэж онцолж байна. Тухайлбал: “CLA” нь нэг цэнэглэлтээр 750 км зам туулах чадвартай нь “Tesla”-ийн шинэчлэгдсэн “Model 3”-ынхаас давсан үзүүлэлт юм.
“Mercedes-Benz” 15 минутын цэнэглэлтээр нэмж 400 км зам туулах цэнэг хураагуурын систем хөгжүүлж байгаагийн анхны загвар нь энэхүү загвар болж байна.
“Mercedes-Benz”-ийн хувьд БНХАУ дахь борлуулалт нь буурсан тул шинэ загварын үйлдвэрлэлээ эрчимжүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Хэдийгээр цахилгаан автомашины борлуулалт өсөж буй энэ үед ч уламжлалт хөдөлгүүрт седан ангиллын автомашинуудыг нь БНХАУ-ын чинээлэг худалдан авагчид ихээр сонирхож байгааг “Mercedes-Benz” мэдээлж байв. Ингэснээр тус компани БНХАУ-ын тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна. “Mercedes-Benz” БНХАУ-ын уламжлалт хөдөлгүүрт автомашины зах зээлийн 50 гаруй хувийг эзэлдэг. Загваруудынх нь эхлэх үнэ 144 мянган ам.доллар болж, зах зээлд тэргүүлсэн хэвээр байгаа аж.
Тус компани ирэх 10 жилд зөвхөн цахилгаан автомашин борлуулах зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд цэнэг хураагуурын найман үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.