Хацар хэсгийн арьстай харьцуулахад зовхины арьс хэд дахин нимгэн байдаг. Тийм ч учраас арьсны гадаргуутай ойр байрладаг судаснууд нь гэрэлтэж, нүдний доод хэсэгт хар хүрээ үүсэн эргэн тойрных нь арьс амархан хуурайшдаг байна. Түүнчлэн нүүрний энэ хэсэгт тослогийн булчирхай бага тул гидролипидийн давхарга нь нимгэн байж, арьс маш хурдан чийгшлээ алддаг.
Энэ хэсгийн арьсан доорх эд эс маш сул бөгөөд нимгэн тул ус сайн шингээдэг байна. Үүнтэй холбоотойгоор нас ахихын хэрээр нүдний ойр орчимд хаван үүсэж, хурдан үрчлээтэх үндсэн шалтгаан болдог. Хүний нүдний эргэн тойронд олон тооны мимикийн булчингууд байрладаг бөгөөд эдгээр булчингуудын тусламжтайгаар бид хөмсгөө зангидаж, нүдээ онийлгох байна. Тэр бүү хэл хүн нэг минутад ойролцоогоор 20 удаа нүдээ анивчдаг. Иймээс ихэнх хүмүүс 30 хүрэхээсээ өмнө мимикийн үрчлээстэй болдог аж.
Зовхины арьсаа хэрхэн арчлах вэ
- Ямар ч төрлийн арьс арчилгааг цэвэрлэгээгээр эхлүүлдэг. Тонер, серум, чийгшүүлэх тосоо түрхэхээс өмнө арьсан дахь бохирдлыг арилгах нь чухал. Ингэхдээ нүүрэн дэх бохирдлыг юун түрүүнд мицелляр ус, тосон цэвэрлэгч, аль эсвэл балмаар арилган, араас нь арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хангах Ph түвшин багатай цэвэрлэгчээр угаах боломжтой.
- Тонер, эссенс, серум, ампул гэхчлэн чийгшүүлэх бүтээгдэхүүнээ зовхины тосноос өмнө түрхэнэ. Мэргэжилтнүүдийн үздэгээр эдгээр бүтээгдэхүүн нь зовхи орчмын арьсыг тос хүлээж авахад бэлдэж өгдөг.
- Зовхины тосонд ихэвчлэн кофейн, гиалуроны хүчил, пептид гэхчлэн хүчтэй найрлагууд агуулагддаг тул нэг ширхэг вандуйтай дүйцэхүйц хэмжээний тос байхад л хангалттай. Хэт их бүтээгдэхүүн таны зовхийг улам тосорхог болгож тавгүйтүүлэх болно.
- Зовхины тосны найрлага нэн чухал ч хэрхэн түрхэхийн ач холбогдол их. Та нэн түрүүнд тосоо хэт чанга даралтаар түрхэхээс зайлсхийх хэрэгтэй ба эмч нар арьстай хамгийн зөөлнөөр хүрэлцэх чадвартай ядам хуруугаа ашиглахыг зөвлөдөг. Ингэхдээ хуруугаараа зөөлөн дарах хөдөлгөөнөөр тосоо арьсандаа шингээнэ. Зовхины арьс улайх, өрөвсөх зэргээр цочрол авахдаа маш амархан байдаг тул хэт чанга үрэхээс зайлсхийгээрэй.
Юуг анхаарах вэ
- Бүтээгдэхүүнээ зовхины доор байрлах ухархайн яснаас эхлэн дээшээ хөмсөгний яс хүртэлх хэсэгт түрхэнэ. Ингэхдээ дээд болон доод сормуусанд хүргэж болохгүйг анхаараарай.
- Эцэст нь чийгшүүлэх тос, аль эсвэл нүүрний будаг түрхэхээсээ өмнө зовхины тосоо шингэх хүртэл нь дунджаар хоёр минут орчим хүлээх хэрэгтэй.