Хаврын улиралд цаг агаар илүү чийглэг, дулаан болдог тул арьс арчилгаандаа тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ үед арьсаа нарны хэт ягаан туяанаас маш сайн хамгаалж, үрчлээ хөгшрөлтийн эсрэг арга хэмжээг тогтмол авах шаардлагатай аж. Тэгвэл энэ удаагийн “Амьдралд ойрхон зөвлөгөө” булангаараа хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах тухай мэдээллийг хүргэж байна.
Арьсаа зөв гуужуулах нь чухал
Арьс өөрийгөө гурван долоо хоног тутамд шинэчилж, гуужуулдаг боловч хаврын улиралд бидний хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, өөхөн булчирхайн ялгарал нэмэгддэг. Энэ үед долоо хоногт 2-3 удаа заавал гуужуулалт хийж арьсан дахь үхэжсэн эд эсийг цэвэрлэн, арьсны давхаргыг сэргээх нь чухал. Хэрвээ арьсаа гуужуулахгүй бол арьсны шинэчлэлт явагдаж чадахгүйгээр үл барам сэвх, нөсөө толбо, батгашилт үүсэх аюултай. Мэдээж хэрэг олон төрлийн гуужуулах арга бий. Хамгийн чухал нь өөрт тохирох бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх нь л чухал. Мөн арьсаа өдөр бүр гуужуулж болохгүй. Долоо хоногт 1-3 удаа гуужуулахад л хангалттай. Түүнчлэн хэт хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай бол долоо хоногт нэг удаа, хуурай, холимог, хэвийн арьстай бол 1-2 удаа, харин тослог арьстай бол 2-3 удаа гуужуулахад тохиромжтой.
Усан суурьтай, чийгшүүлэх тос хэрэглэх
Сэрүүний улиралд арьсны чийг алдагдахаас сэргийлж, хамгаалалтын давхарга үүсгэдэг, арьсыг зөөлрүүлж, тэжээл өгдөг тос түрхэх шаардлагатай байдаг. Харин хавар усан суурьтай, чийгшил сайн өгдөг, илүү хөнгөн бүтэцтэй тос, арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал.
SPF өндөртэй нарны тос хэрэглэ
Нарны тосыг хэзээд ч, ямар ч улиралд тогтмол хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ SPF индексийн хувьд цаг агаар дулаарах тусам илүү өндөр байхаар сонгох нь зүйтэй. Дулааны улиралд нарны хэт ягаан туяа илүү хүчтэй байдаг тул SPF индексээ 50+ хүртэл нэмж, арьс арчилгааны бусад бүтээгдэхүүнүүдээ ч мөн нарны хамгаалалттай байхаар сонгох нь чухал юм.
Мөн антиоксидантуудыг бүтэн жилийн турш хэрэглэх шаардлагатай ч хавар болон зуны улиралд энэ нь урьдчилан сэргийлэлт болж, арьсыг нарнаас үүдэлтэй гэмтэл авахаас хамгаалдаг. Нарны хэт ягаан туяа арьс руу нэвтрэх үед чөлөөт радикалууд үүсч арьсны ДНХ-г гэмтээж коллаген болон эластины задралыг хэт хурдасгадаг. Харин С аминдэм гэх зэрэг антиоксидантууд тэдгээр чөлөөт радикалуудыг тэнцвэржүүлж, арьсны нарнаас авах гэмтлийг бууруулдаг аж.
Хаврын улиралд арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдэд Мэри Кондо-гийн аргыг хэрэглээрэй. Хугацаа нь дуссан аливаа бүтээгдэхүүнүүдийг хаяж, спонж болон багснуудаа цэвэрлэж, хуучирсан хэрэгслүүдээ солих хэрэгтэй. Олон удаа хэрэглэсний улмаас бохирдсон, хугацаа нь дууссан, буруу хадгалсан бүтээгдэхүүнүүд бол нян, халдварын эх үүсвэр болдог байна.