Сүүлийн 3 жилд PUBG Mobile-ын ертөнцийг донсолгож яваа TOP /А.Бүрэнбаяр/, Action /Г.Сүхбат/, Nirzed /Нүрзэд/, ICY /Б.Тэнгис/, Senator /Б.Жаргалсайхан/ нарын монгол залуус “Team Falcons” багт нэгдлээ. Тодруулбал, “Stalwart Esports” багийн нэр дээр Өмнөд Азийн 4 удаагийн аварга болж өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн залуус Энэтхэгийн багаас гэрээгээ цуцалж “Sky Force” нэртэйгээр тоглож байсан юм. Шинээр гэрээ байгуулах багуудаас санал хүлээж байсан тэд э-спортын ертөнцөд хүч түрэн орж ирж буй Саудын Арабын багийн нэр дээр тоглохоор боллоо.
“Team Falcons” багийн дараагийн тэмцээн “PUBG Mobile Global Open 2024”-ын урьдчилсан шат байх юм. Арабын орнууд тэр дундаа Саудын Араб улс өнгөрсөн оноос эхлэн цахим спортод маш их хөрөнгө оруулж байгаа бөгөөд CS2, DOTA2-т дэлхийн шилдгүүдээс бүрдэх багуудыг бүрдүүлж эхнээсээ амжилт гаргаад эхэлсэн билээ.
Тухайлбал, CS2-ын багийн дасгалжуулагчаар дэлхийн аварга Zonic ажиллаж байгаа бөгөөд Magisk, Maden, SunPayus, Snappi, BOROS, Simple зэрэг шилдгүүдээр багаа бүрдүүлсэн. Харин DOTA2-ын багийг мөн л дэлхийн аварга Aui_2000 удирдаж байгаа бөгөөд skiter, Malr1ne, ATF, Cr1t-, Sneyking гэсэн бүрэлдэхүүнээр 22 дахь удаагийн “DreamLeague”-т түрүүлээд байна.
Ц.Ананд
https://time.mn/ulT.html