Бид үүнийг хүсээгүй бас хүсэхгүй
Аюулгүй амьдрал гэж ямар амьдралыг хэлэх вэ? “Үдшийн 21 цагт гэртээ кино үзээд сууж байхад аав согтуу орж ирэн ээж, дүү нарыг зодож хөөж
гаргадаггүй бол аюулгүй амьдрал” гэж 12 настай Б хариулсан бол найман настай охин Ц хэлэхдээ “Аавыг ирэхгүй оройтох үед шөнө нойр хүрэлгүй хэзээ орж ирээд ээжийг зодож эхлэх бол хэмээн орондоо хэвтэх үе.
Аав ээжийг зодоод эхэлмэгц би айсандаа орон доогуур шургаж ороод зүрх хурдан хурдан цохилж, дэрээр толгойгоо бүтээн уйлж эхэлдэг. Аав согтуу ирээгүй өдөр бол аюулгүй бас тайван амьдрал” хэмээн хариулсан байна. Үнэндээ аюулгүй амьдралыг хайхын тулд дээрх амьдралын бодит дүр зургийг тойрч гарах гээд хэрэггүй. Гэр бүл дэх аюулгүй амьдралыг сарниаж байгаа гишүүн нь аавууд гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрөх буй заа.
Гэр бүлийн хүчирхийлэл хэмээх чимээгүй хэрнээ жижигхэн байшин доторх аймшигт дүр зургийг олон эхчүүд эхчүүдээс ч олон балчир үрс харж, хашгирч, чичирч байна. Байшин доторх аавын триллер үзүүлбэр үргэлжлээд удам залгах хүүд ч нөлөөлдөг байна. Учир нь аавын гаргасан араншин хүүд хэвийн зүйл мэт ухаанд нь сууж ингэснээр гэр бүлийн хүчирхийлэл байх л ёстой зүйл мэт ухамсартай шинэ садистууд хүмүүждэг талаар мэргэжлийн хүмүүс дурдсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл байх ёстой зүйл мөн гэж үү?
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр жендэрийн тэгш эрхийн хууль батлагдан гарсан. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль 2004 онд батлагдан гарснаас хойш найман жил өнгөрчээ. Гэвч уг хууль хэтэрхий түүхий хууль болсон учраас хохирогчийг бодитойгоор хамгаалах тал дээр яриад ч хэрэггүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хохирогчийг хамгаалж чаддаггүйн учир нь уг хуулийг хэрэгжүүлэх механизм нь хуулиндаа суугаагүйд байгаа юм.
Хохирогчийн аюулгүй байдлыг ямар замаар хамгаалах вэ, хамгаалах байрны хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарах ёстой зэрэг нь уг хуулинд нарийн тодорхойлоогүй бөгөөд зөвхөн хуулийн байгууллагуудын тодорхой мэргэжилтнүүдийн чиг үүргийг л зааж өгсөн байна. Түүхий хуулийг шинэчлэхээр 2011 онд Хууль зүйн яамны дэргэд Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан байдаг.
Ажлын хэсэг өнөөг хүртэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхээр ажиллаж байгаа хэдий ч хуулийн боловсруулах явц туйлын удаашралтай явагдаж байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулга 2013 онд багтан гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа хэдий ч энэ хугацаа хойшлогдох төлөвтэй байгаа гэдгийг хуулийн шинэчилсэн найруулгад оролцож буй төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлж байна.
Шинэчлэн найруулж буй уг хуулиас хүсэх гол зүйл нь хохирогч аюулгүй байдлаа бодитойгоор хамгаалуулах боломжийг л бий болгох явдал. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хамгаалан түр орогнуулах байрны асуудал ч хамгийн чухал зүйл болчихоод байна. Төрийн бус байгууллагын төлөөллүүд үүнийг ам нэгтэйгээр Засгийн газраас хүсч байна. Хохирогч цагдаа дээр өргөдлөө бариад очлоо гэхэд нэн даруй авах ёстой арга хэмжээнүүдийг хуульчлах шаардлагатай байна.
Үүний дараагаар цагдаа болон шүүхийн байгууллага, засаг захиргааны анхан шатны байгууллага ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг маш тодорхой, нарийн, хоорондоо уялдаа холбоотойгоор тусгаж өгөх хэрэгтэй байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол нийгмийн олон талт асуудлыг хамарсан асуудал байдаг учраас нэг байгууллага асуудлыг шийдчихдэг зүйл биш юм.
Яг үнэндээ бол гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл багасах юм бол өдөр алгасалгүй чих дэлсэх нийгмийн онц ноцтой, зэрлэг гэмт хэргүүд буурах боломжтой. 2013 оны намрын чуулганаар батлагдах төлөвлөгөөтэй байгаа. Нэг цэгийн үйлчилгээ 2010 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ тусламж өгөх зорилготой газрууд юм. Энэ нь гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэг, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж байгаа. Эдгээр үйлчилгээний байгууллагууд хохирогчдод харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэнэ.
Согтуу биш хүнд үйлчилдэггүй цагдааийн байгууллага
Цагдаагийн байгууллагад өдөр тутам ирдэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн ихэнх нь танхайрсан гэсэн зүйл заалтанд багтдаг. Эрүүл ухаанаар найруулан баталж чадаагүй хуулийн заалтаар бол гэр бүлийн хүчирхийллийн үйлдлүүдийг энэ зүйл заалтанд багтаагаад байгаа. Согтуу эр орон гэрээ түйвээж, хөл нүцгэн хөөж гаргасан үйлдэл, цай аягалаад өгсөн эхнэр рүүгээ халуун цайтай аягыг нь чулуудсан нөхрийн хэрэг ч танхайн зүйл заалтанд ордог.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад түрүүлж ханддаг. Магадгүй тэдний зарим нь хүчирхийллийн эерэг байгууллага гэж ямар байгууллага байдгийг ч мэддэггүй. Цагдаагийн байгууллагад хандсан эмэгтэйд цагдаа хэрхэн ханддаг талаар хохирогч ийн ярьж байна.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч цагдаагийн байгууллагад очоод мэдүүлэг өгье гэхэд мэдүүлэг өгөх тусгай өрөө байдаггүй байна. Мэдүүлэг авч буй цагдаа нар нэг өрөөнд хэдүүлээ, хэдэн гэмт хэрэгтэнтэй сууж байдаг билээ дээ. Чи чинь яаж явж байгаад ингэчихсэн юм. Чи өөрөө ийм хувцастай явсан юм биш үү? Гэх мэт хохирогчийг өмөөрөх биш буруутгах хандлагаар мэдүүлэг авдаг.
Үүнээс үүдэн хохирогч өөрөө өөрийгөө буруутган цагдаагийн байгууллагад хандахаас зүрхшээж байна. Ийм учраас надтай адилхан ихэнх бүсгүйчүүд цагдаагийн байгууллагын хүнд суртлаас үүдэн гомдлоосоо татгалздаг. Яагаад гэвэл процесс нь удаан, цагдаагийн байгууллагаас хохирогчийг буруутгах талтай байгаад байдаг. Эрх зүйн орчин байхгүй, байсан ч түүнийгээ ашиглаж чаддаггүй.
Сүүлийн жилүүдэд ийм шалтгаанаар цагдаагийн байгууллагад бус Хүчирхийллийн эерэг үндэсний төв, Гүнж төв гэх мэт төрийн бус байгууллагад хандах нь нэмэгдэж байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд нөхрөөсөө дайжаад ирсэн эмэгтэй гурван cap хүртэлх хугацаанд байрлах боломжтой байдаг байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхний хэлж байгаагаар иргэд цагдаагийн байгууллагад хандахаасаа илүүтэйгээр төрийн бус байгууллагад хандах эрмэлзэлтэй болсон бөгөөд тулгарч буй хамгийн хэцүү асуудал нь түр орогнуулах байр гэнэ. Энэ талаар тус төвийн ажилтан Мөнхсаруулаас тодруулав.
-Нэгэн хэргийн талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. Энэ бол өнгөрсөн хавар гэр бүлээ цуцлуулах гэх яваад шүүх хурлын өмнөхөн нөхрийнхөө гарт амь насаа алдсан эмэгтэй. Үүнийг төр иргэнээ хамгаалах чадваргүйн тод жишээ гэж танай төвөөс мэдэгдэж байсан?
-Төрөөс хохирогч, гэрчийг хамгаалах эрх зүйн орчин үгүйлэгдэж байна. Шүүх хурал болохоос 30 минутын өмнө амь насаа алдсан шүү дээ. Гадны улс орнуудад шүүх хурал шүүх хурлын өмнө ч дараа ч хохирогч эмэгтэйг хамгаалдаг. Харин манайд шүүх хурал үргэлжилж байх үед л хамгаалалт гэж хэлж болохоор газар буюу шүүх хурлын танхимд хохирогч айдасгүй байх боломжтой байдаг.
-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг тухайн үед хамгаалж чадаагүйд хэн буруутай гэж та хэлэх вэ?
-Нөхөр нь тухайн байрыг олоод мэдчихсэн. Тухайн үед тэр эмэгтэйгээс гадна өчнөөн олон гэрээсээ дайжсан эмэгтэйчүүд, хүүхдүүд тэр байранд амьдарч байсан учраас тэдний аюулгүй байдал ч мөн алдагдсан. Тийм учраас тэр эмэгтэй өөрийнхөө ухамсраар байр түрээслэхээр түр хоргодох байрнаас гарч байр түрээсэлсэн. Харин шүүх хурал болохын өмнө талийгч эмэгтэй манай төвийн хүнтэй уулзах гэж яваад эмгэнэлт явдал болсон. Бид түүнийг хамгаалаад байж болох байсан ч тэрбээр бусдынхаа аюулгүй байдлын төлөө өөрийн хүсэлтээр түр орогнох байрнаас гарсан. Харин цагдаа, шүүхийн байгууллагын хариуцлагагүй үйлдлээс л эмэгтэй хохирсон.
-Нийт хэдэн хоргодох байр байгаа, хэр ачаалалтай ажилладаг талаар?
-Улаанбаатар хотод гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хоргодох хоёр байр. Хөдөө орон нутагт гурван байр байгаа. Гэвч Улаанбаатар хотод байдаг хоргодох хоёр байрны нэгийнх нь байрлалынх нь нууцлал алдагдсан. Уг нь бол нууцлагдмал байх ёстой.
-Хоргодох байрны багтаамжийн хувьд?
-Нэг байр 20 хүн байрлах боломжтой. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хэзээ ч ганцаараа ирдэггүй. 2-3 хүүхдээ дагуулаад ирдэг. Тэгэхээр нэг байранд дунджаар 30 орчим хүн байрладаг гэсэн үг. Нийслэлд байрладаг хоёр байрны нэг нь үйл ажиллагаа явуулдаг. Ихдээ 30 хүн багтаана гэж байна Энэ хангалттай гэж үү?
Төрөөс хоргодох байрны хувьд ямар ч дэмжлэг байхгүй.
Энэ бол төрийн бус байгууллагуудын бий болгосон байрнууд. Санхүүжилт тун хэцүү. Тухайлбал, нэг эмэгтэй гурван хүүхэдтэй ирнэ. Тэд өмсөж зүүх, идэх уух зүйлд нь санхүүжилт хэрэгтэй. Дээр нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хэзээ ч бэртэл гэмтэлгүй ирдэггүй. Хүүхэд нь ханиадтай өөрөө хөл гар нь хугарсан ч байх жишээтэй. Дээрээс нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хүүхдээ тэврээд хөл нүцгэн хүрээд ирэх ч тохиолдол олон.
Ингэхээр хохирогчийн ахуйн зардал, эрүүл мэндийн зардал, тог байрны мөнгө гээд урсгал зардлууд гардаг. Эдгээр зардлын 40 хувийг нь Засгийн газраас гэрээлэх хэлбэрээр авч байна л даа. Гэвч одоогийн байгаа хамгаалах байр хэдэн хүнийг хамгаалж чадах вэ, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн бидэнд хандах хандалт хэр байдаг вэ гээд бодоод үзэхээр санхүүгийн асуудал бас нэг хэцүү зүйл болж байна.
-Тэгэхлээр шуудхан хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд маш олон бий. Гэвч тэднийг хамгаалах асуудал орон байрнаасаа эхлээд ямар түвшинд явагддаг нь харагдаж байна л даа?
-Уг нь бол иргэнээ хамгаалах арга хэмжээг төр өөрөө авах ёстой зүйл. Үүний төлөө Хүчирхийллийн хохирогч төр намайг хамгаалах ёстой гээд шахалт үзүүлэх ёстой шүү дээ.
-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй цагдаагийн байгууллагад хандлаа гэхэд ямар үр дүнд хүрдэг вэ?
-Нөхөртөө зодуулаад дайжаад хүрээд ирсэн эмэгтэй манайд хандлаа гэхэд нөхөр нь араас нь хүрээд ирдэг. Энэ тохиолдолд бид цагдаа дуудахад цагдаагийн байгууллагаас ямар хариу өгдөг вэ гэхээр наад хүн чинь согтуу юм уу гэж асуудаг. Үгүй ээ согтуу биш эрүүл хүн байна гэхээр эрүүл хүнийг бид баривчлахгүй шүү дээ. Хэн нэгнийг гэмтээгээд гарыг нь хугалчихсан л бол баривчилна гэж хэлж байгаа юм.
Гэтэл цохиод алчихгүй юм аа гэхэд сүх далайгаад, заазуур авч шидээд өдөр шөнөгүй ийм айдсыг хүнд мэдрүүлээд байвал хэцүү биз дээ. Яг ингээд нөхөр нь араас нь хөөгөөд ирсэн ийм тохиолдолд ганцхан тэр эмэгтэйн ч бус манай байгууллагын ажилчдын амь насанд хүртэл эрсдэлтэй алхам тулгардаг.
Хүчирхийллийн золиос хүүхэд, харин хүчирхийлэгч нь эрчүүд
Хүчирхийллийн эерэг үндэсний төвөөс хөдөө орон нутгаар сургалт судалгаа хийх үеэрээ богино хэмжээний хүүхэлдэйн киног хүүхдийн хэллэгээр орчуулан бага насны охидод үзүүлсэн байна. Уг хүүхэлдэйн киноны утга агуулга нь нэгэн хойд эцэг нь бага насны охиноо байнгын бэлгийн дарамтанд байлгадаг тухай байсан байна. Гэтэл Өвөрхангай аймгийн нэгэн суманд уг богино хэмжээний хүүхэлдэйн киног үзсэн нэгэн бага насны охин ээждээ “Ээж ээ надад яг ийм зүйл тохиолддог. Бүр маш олон удаа. Одоо ч гэсэн тохиолдсоор ч байгаа” хэмээн ярьжээ. Энэ үйлдлийг хойд эцэг охиноо хайрлах нандин хайр хэмээн тайлбарлаж байжээ.
Аюулгүй амьдралын төлөө та нэгдээч
Өнөөдөр 10 гэр бүлийн зургаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байна. Харин хүчирхийлэлд өртсөн таван ээжийн нэг нь л цагдаа эсвэл төрийн бус байгууллагад ханддаг. Бурхан хүнийг бүтээхдээ эрэгтэйд нь илүү эрх мэдэл, хүч чадлыг өгчээ. Гэхдээ Бурхан эмэгтэйдээ харгис хэрцгий хандаасай хэмээн эр хүнд хүч чадал хайрлаагүй баймаар. Улс орны амгалан тайван байдал, үнэ цэнэ нь гэр бүл байдаг. Харин айл гэрийн ноён нуруу амгалан байдлыг тогтоогч нь эр хүн та. Өнөөдөр таны ханийн зүрхэнд балчир үрийн чинь сэтгэлд айдас, түгшүүр жаварлах ёстой гэж үү?
С.Мөнх-Од
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”