Та давс хэтрүүлэн хэрэглэдэг үү. Магадгүй “үгүй” гэж хариулах байх. Гэвч насанд хүрсэн монгол хүний давсны хоногийн дундаж хэрэглээ 7.3 грам гэсэн статистик үзүүлэлт гарчээ. Энэ нь та давс хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг. Насанд хүрсэн хүн өдөрт таван граммаас бага давс хэрэглэх ёстойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээ юм байна. Давсны хэрэглээг багасгавал цусны даралт буурч, зүрх судасны өвчин үүсэх, цус харвахаас сэргийлдэг.
Даралт ихтэй хүн хоолныхоо давсыг жаахан хасахад л дөрвөн долоо хоногийн дараагаас амтлах мэдрэмж нь сэргэн, хоол, хүнсний жинхэнэ амтыг мэдэрч эхэлдэг гэнэ. Манай улсад буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт ихэссэн нь нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудлын нэг болж, артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэл жил ирэх тусам нэмэгдэх болсныг мэргэжилтнүүд онцолдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2010 онд батлан гаргасан “Давсны хэрэглээг бууруулах бүсийн стратеги”-д манай улс гишүүн орны хувьд хүн амынхаа давсны хэрэглээ, эх үүсвэр, хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх хэмжээг судлахад анхаарч гурван сарын хугацаанд дөрвөн аймгийн 13 сум, нийслэлийн гурван дүүргээс олон үе шаттай, санамсаргүй түүврийн аргаар 25-64 насны 1034 хүнд судалгаа хийжээ.
Судалгаанд хамрагдсан таван хүн тутмын нэг нь давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг, найман хүн тутмын нэг нь давстай хоол идэх нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэйг мэдэхгүй, хоёр хүн тутмын нэг нь давстай цай, хоол тогтмол хэрэглэдэг байхад гурван хүн тутмын нэг нь давсны илүүдэл хэрэглээгээ бууруулах талаар ямар нэг алхам хийдэггүй байна. Манай улсын хүн амын 92 хувь нь давс хэтрүүлэн хэрэглэдэг, ялангуяа баруун бүсийг төлөөлөх Увс аймгийн иргэд хоногт 15 грамм давс хэрэглэдэг нь нотлогджээ. Энэ зохисгүй хэрэглээнээс нь үүдэн тус аймагт ходоодны хорт хавдар давамгайлдаг аж.
Давсны хэрэглээг бууруулахын тулд бага насны хүүхдэд анхнаасаа давс, сахаргүй хоол өгч хэвшүүлэх, давсгүй цай ууж заншихаас гадна хүнс, хоол бэлтгэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр багасгах нь хамгийн зөв арга гэнэ. Мөн хүнсний бүтээгдэхүүний сонголт хийхээсээ өмнө гадна сав, баглаа боодлын шошгыг сайн унших хэрэгтэй аж. Жишээлбэл, 100 грамм бүтээгдэхүүнд 0.3 грамм, түүнээс бага хэмжээний давс агуулсан бол хэвийн гэж үздэг байна. Импортын зарим бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээг биш, натрийн хэмжээг “Na” гээд ард нь бичсэн байдаг. Ийм тохиолдолд 100 граммд 0.1 гр ба түүнээс бага хэмжээг нь сонговол давсны илүүдэлгүй байх аж. Бидний идэж буй давсны ихэнх нь талх, хиам даршилсан болон лаазалсан бүтээгдэхүүнүүд чипс, самар зэрэгт агуулагддаг тул эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг багасгах нь эрүүл мэндэд тустай. Үүнээс лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, гич, улаан лоолийн сүмс зэргийг хэрэглээнээс хязгаарлах хэрэгтэйг судалгааны багийнхан зөвлөж байна. Хоол амтлахдаа нимбэг, сонгино, сармис, цагаан гаа, халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, болон бусад төрлийн ургамлын гаралтай амтлагч хэрэглэж заншвал эдгээр нь давсны хэрэглээг бүрэн нөхөх боломжтой аж.