-Таны шинэ уран бүтээл “Би эмэгтэй хүн” кино саяхан нээлтээ хийлээ. Энэ киногоор үзэгчдэд юуг харуулахыг зорьсон бэ?
-“Би эмэгтэй хүн” кино арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийгээд одоо кино театруудаар гарч байна. Эмэгтэй хүн ямар ч баггүйгээр ямар байдаг вэ. Хамгийн гол нь дотоод мөн чанар, дотоод гоо үзэсгэлэн орхигдоод хүмүүс гаднах үзэмжийг илүүд үзэж байна гэдгийг гаргахыг зорьсон. Энэ киног үзээд ерөөсөө л гоо сайхан, гадаад үзэмжийн талаар эргэцүүлээсэй гэж хүсч байна. Гадаад үзэмж нь уруу дорой эмэгтэй нийгмээс яаж тусгаарлагдаж, хайр дурлалынхаа төлөө яаж тэмцэж байгааг харуулсан кино юм.
-Таны бүтээсэн дүр дотоод чанартай тань төстэй юү?
-Үгүй. Би чинь ганцаардсан, хэлэх гэсэн үгээ хэлж чаддаггүй ноомой хүн биш шүү дээ.
-Тийм ээ. Миний бүтээсэн Нараа гэдэг эмэгтэйн дүр бол дотогшоогоо дүр. Харин би бол гадагшаа хүн. Би сэтгэл хөдлөлөө шууд л харуулж, нээлттэй байж чаддаг эмэгтэй. Гэтэл Нараа тийм биш. Их дотогшоо, гуньсан эмэгтэй. Манай найзууд үзчихээд гайхсанаа яриад инээж байсан юм. Кино эхлээд таван минут орчмын дараа миний машинд мөргүүлдэг хэсэг гардаг. Гарч ирээд хашгичаад загнаад унах байх гэсэн чинь даруухнаар уучлаарай гээд явсан чинь ямар эвгүй юм бэ. Нэг л дасахгүй байна гэж байсан. Эндээс огт өөр дүр бүтээсэн нь харагдаж байгаа юм. Гэхдээ жүжигчин хүн ямар ч дүрд тоглох чадвартай, бүтээмжтэй байх ёстой.
-Бусад бүтээсэн дүрүүдтэйгээ харьцуулахад хэр үнэлэгдэх бүтээл болов?
-Улаан цайм муу кино бол биш. Арай дөнгүүр болсон гэж бодож байгаа. Үзэгчид л дүгнэж, цэгнэх байх. Миний хувьд нээлтэн дээр үзчихээд дүгнэлтээ хийчихсэн. Өөрийнхөө дотны уран бүтээлчдэд ч хэлэх үгээ хэлчихсэн. Урлагийн нүдээр, уран бүтээлч хүний нүдээр харвал нарийн алдаа байсныг нуухгүй. Ер нь алдаа, оноо аль аль нь байсан. Дундаж уран бүтээл болсон болов уу. Гэхдээ өөрийнхөө дүгнэлтээс болоод үзэгчдээ алдмааргүй байна шүү дээ. Хүний дүгнэж ярьсан яриа чухал байдаг байхгүй юу. Гэтэл тэр кинонд надаас гадна маш олон уран бүтээлчийн хөлс хүч, хөдөлмөр шингэсэн. Хүмүүс их үзэж байгаа. Таалагдаад л үзэж байгаа байх.
-“Хориотой загвар” гэдэг нэртэй загварын кинон дээр ажиллаж байна. Зураг авалт 90 гаруй хувьтай явж байна. Энэ долоо хоногийн сүүлээр бараг дуусчих байх.
-Таны бүтээсэн дүрүүдийг харахад эрч хүчтэй, цоглог, шуудхан хэлэхэд тухайн киног амь оруулсан “галзуу” дүр байдаг. Энэ байдал Навчаа гэдэг хувь хүнтэй л холбоотой гэж боддог?
-Навчаа гэдэг хүний бие цогцос, оюун ухаанаар тэр дүрүүд гарч байгаа болохоор адил төстэй зүйл байна л даа. Гэхдээ намайг жижиг сажиг зүйлд уурлаж, уцаарлаад хүн рүү орилоод байдаг гэж ойлгож болохгүй шүү /инээв/. Амьдрал дээр аливаа асуудалд ер нь их тайван хандахыг хичээдэг. Жишээ нь өчигдөр “Макс” групптэй хийсэн гэрээн дээр бага зэргийн асуудал үүссэн. Менежер бүсгүй нь их сандарсан юм шиг байна лээ. Намайг маш тайвнаар хүлээж авахад гайхаж, таныг ингэж хүлээж авна гэж төсөөлсөнгүй гэж байсан. Өөр хүн бол уцаарлах л байсан байх. Гэхдээ мэдээж бухимдах үе гарна л даа.
-Хэчнээн кинонд дүр бүтээгээд байна?
-Нарийн тоолж үзээгүй юм байна. 20 лав гарсан байх аа. Зарим мундаг, нямбай уран бүтээлчид өөрийн тоглосон уран бүтээлүүдээ архивлаад эмх цэгцтэй байдаг юм билээ. Би энэ тал дээр жаахан хайнга хүн дээ. Миний хувьд 2000 оноос л кинонд тоглож эхэлсэн.
-Одоо бодоход тэр үед л хамгийн хичээл, зүтгэл гаргасан даа гэж хэлэхээр ямар уран бүтээл байна вэ?
-Би өөрөө давруу юм шиг байгаа юм. Кинонд хамтарч ажиллаж байсан найруулагч нартаа сүртэй загнуулж бараг үзээгүй. Нэг удаа “Цасан охин” киноны зураг авалтын үеэр зэмлүүлж, хөөгдөөд явж байсан. Тухайн үед бид “Найрамдал” зусланд зураг авалтад орж байгаад хот руу ирж амарчихаад очтол бидний темп, хурд алдагдчихгүй юу. Тэр өдөр зураг аваад эхэлтэл найруулагч бухимдаж “Та нар биш болчихож” гээд бүгдийг нь хөөгөөд явуулж байлаа. Түүнээс биш “Чи болохгүй, чадахгүй байна” гээд элдэв юм сонсож явсангүй ээ. Найруулагчийн санаанд тааруулаад жүжиглэчихдэг юм шиг байна лээ /инээв/.
Маш их ажиллагаа шаардсан уран бүтээл гэвэл “Хоёр ертөнцийн буудал” жүжиг. Уран бүтээлчийн талаас ихээхэн бэлтгэл сургуулилалт хийсэн. Шаггүй тэвчээр, ур чадвар шаардсан шүү. Өөрийгөө хувь хүн талаас тэр дүр рүү чиглүүлэхийн тулд өдрийн 15.00 цагаас хойш Навчаа биш Мария болж хувирдаг байв. Гэр бүл, найз нөхөд гээд ойр дотныхонтойгоо хүртэл Мариягийн дүрээр харилцана. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр манай хүүхэд хүртэл цэвэрлэгчтэй харьцаж байгаа шиг харьцаж, зөвлөгөө хүртэл өгнө. Уйлдаг хэсэг дээр нь охин маань “Ээж ээ битгий уйл л даа, уйлахгүй бэлдэж болохгүй юм уу, би өрөвдөөд байна” гэдэг байв. Сонгодог жүжиг учраас гэртээ хүртэл бэлдэхгүй бол болохгүй.
Түүнээс кинон дээр бэлдээд сүр болж байсангүй. Харин “Гоёлын даашинз” кинон дээр судалгаа хийж үзсэн. Дизайнер Соёлмаа эгчийг дуурайх байсан болохоор зан араншингаас нь эхлээд имижээ бүрдүүлэхийн тулд судалгаа хийсэн л дээ.
-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Спортоор хичээллэдэг үү?
-Үгүй, үгүй. Би чинь энэ талаар болхи бүдүүлэг хүн. Хааяа чөлөөт цаг гарвал гэр орноо л сайхан цэвэрлэнэ дээ. Эмэгтэй л хүний ажил шүү дээ. Хүмүүс гэр бүлээрээ салхинд гараад, тэгж зугаалаад гээд л ярьдаг юм билээ. Надад лав тийм юм байдаггүй.
-Гэхдээ олон нийтийн ажилд идэвхтэй оролцоно биз?
-Оролцоно, оролцоно. Их сайн оролцоно шүү.
-Хүндэлж явдаг уран бүтээлчдээсээ нэрлээч?
-Ахмад үеийнхний тухай ярих юм байхгүй, гайхамшигтай хүмүүс. Ардын жүжигчин Гантөмөр гуайд би насан туршдаа ач санаж явах учиртай. Тэр хүнийг мартвал алдас болно. Намайг урлаг руу хөтөлж, энэ хүүхдийг жүжигчин болго гээд Батзаяа ахад аваачиж өгсөн хүн дээ. Мөн Ардын жүжигчин Цэвээнжав гуайг хүндэлж явдаг. Тоглосон бүтээлүүдийг нь хараад ямар мундаг хүн бэ гэж боддог. Номын дуу сонсоогүй ч байгалиас заяасан авъяастай хүн. Тухайлбал “Сэрэлт” кинонд ямар сайн тоглосон билээ.
Саяхан “Макс” группын рекламанд тоглохдоо би их санаа зовсон. Тэр мундаг хүнийг би яагаад ч дуурайж чадахгүй шүү дээ. Миний жүжиглэлт, тэр хүний жүжиглэлт тэнгэр, газар шиг ялгаатай.
Одоо үеийн жүжигчдээс Одончимэг эгчийг хүндэлдэг. Мөн ноён заяатай гэдэг шиг Сүххуяг гэж тэнгэрээс заяасан авъяастай хүн байна. Түүнийг жүжигчин байх одонд төрсөн хүн гэж үнэлж явдаг. Жүжигчний хувьд надад их холын од шиг санагддаг юм. Телевизийн олон ангит “Хэцүү анги” киног хийх үеэр телевизийн хоолны газар тааралдчихаад зүрхшээж байсан ч очоод уулзсан. “Би таныг нэг кинонд тоглуулмаар байна аа. Та битгий гайхаарай, таныг архичин, гуйлгачин хүний дүрд авна шүү. Та жүжигчин хүн, ямар ч дүрд тоглоно биз дээ. Жүжигчин хүн дүр голдоггүй гэж та өөрөө ярьдаг биз дээ” гэлээ. Сүххуяг ах энгийн хүн юм билээ. Тэр дүрийг голоогүй, “Хэцүү анги”-ийн архичин аавын дүрийг их сайн гаргасан. Тэр хүнд илүү, дутуу юм хэлэх шаардлага ч байгаагүй. Найруулагчийн хувьд хүний урманд би ганц үг ч хэлж чадаагүй. Тэр хүн өөрөө л дүрээ гаргаж тоглосон. Бид зургаа аваад л зогсож байсан. Түүний тоглосон хэсгийг би найруулсан гэж худлаа хэлэхгүй ээ. Үнэхээр мундаг жүжигчин. Мэдээж тэр кинонд өөр сайн жүжигчид байсан л даа. Гэхдээ л Сүххуяг ахыг онцолж ярьмаар санагддаг юм.
Нэмж хэлэхэд уран бүтээлчдийн хувьд нэг нэгнийхээ бүтээсэн дүр, уран бүтээлийг сайн, муу гэж ялгамааргүй санагддаг. Тэртэй тэргүй үзэгчид шүүгээд гаргаад ирдэг шүү дээ.
Г.Долгорсүрэн
time.mn