Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд нийслэлийн шинэ жилийн цэнгүүн болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас Улаанбаатар хотын иргэддээ зориулан шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажил бүрэн дууслаа. Нийслэлийн шинэ жилийн цэнгүүнд өвлийн өвгөн цасан охид хүрэлцэн ирж нийслэлийн иргэдэд зориулсан сонирхолтой бэлгээ задлахаас гадна урлагийн одод нэгэн тайзнаа чуулж он солигдох мөчийг хамтдаа угтах юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл он солигдох торгон агшинг Нийслэлийн иргэдтэйгээ хамт тоолж, шинэ оноо Сүхбаатарын талбай дээр угтана. Шинэ жилийн цэнгүүн 2012 оны 12 дугаар сарын 31-нд 23:00 цагаас эхлэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.