АЖИГЛАЛТ ба БАРИМТЖУУЛАЛТ
Сургалтын агуулгыг тогтоож, хэрэгжүүлэх ажлын гарааны цэг нь хүүхдүүдийн тавьж буй асуулт, сонирхол, сэдэж буй сэдвийг мэдэрч хүлээж авах явдал юм. Хүүхдээс ирж буй мэдээлэл нь тэдний суралцах сонирхлын илэрхийлэл бөгөөд чухамдаа үүнээс л тэдэнтэй явуулах үйл ажиллагааны эх үүсвэр тавигдана. Тэгэхээр хүүхдийн асуулт, сонирхож, сэдэж буй зүйл нь багшийн зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөлтөд голлох байрыг эзэлнэ. Иймээс аль ч сургалтын үйл ажиллагааны суурь дэвсгэр нь хүүхдийг системтэйгээр ажиглах, тэднийг ойлгож мэдрэхэд оршино.
Ажиглалт нь сургалтын чиглэл бүрээр хүүхдүүдийн хүчтэй болон сул тал, тэд багшаас өгсөн санаа сэдлийг хэрхэн хүлээж авч байгаа, түүний дагуу хэрхэн ажиллаж байгааг илрүүлэх зорилготой байдаг. Суралцах үйлд нь зөвхөн түлхэц үзүүлж (энэ нь “зоригжуулах” байдлаар хүүхдэд нөлөөлнө гэсэн үг), дараагийн судлах ажилд нь урам өгөх байдлаар л багш хүүхдэд нөлөөлнө.
Өгсөн санаа, өдөөлтийн дагуу хүүхэд хэрхэн туршлага хуримтлуулж байгааг ажиглалтаар олж мэддэг тул ажиглалт нь хүүхдийн хөгжлийн үйл явцыг баримтжуулах ажлын нэг хэсэг нь болно. Өөр хоорондоо ялгаатай, дараалан явагддаг ийм баримтжуулалтын дүнд хүүхдийн хөгжил хэрхэн явагдаж байгааг олж харж, ойлгож болдог. Үүний зэрэгцээ ажиглалтын тэмдэглэл (баримтжуулалт) нь эцэг эхтэй ярилцлага хийх баттай суурь дэвсгэр болж өгдөг.
Сэдвийн цаана оршин буй сэдэв
Хүүхдийн суралцах үйл явцыг дагаж, идэвхжүүлэхэд багш (мэргэжлийн хүмүүс)-аас зайлшгүй сурган хүмүүжүүлэх зониуч занг шаардана.
Хүүхэд тус бүрийн өөрийнх нь суралцах арга замыг олж мэдэх, өвөрмөц сонирхолд нь нийцүүлэхийн тулд багш бол “судлаач сурган хүмүүжүүлэгч” байна. Яагаад гэвэл багш тухайн хүүхэд юуг сонирхон оролдож байдаг, юу хийхдээ дуртай эсвэл дургүйг мэддэг байх ёстой. Энэ явцад багш тухайн хүүхдийн харилцаа ба амьдралдаа амсаж мэдсэн зүйлийнх нь талаарх ойлголтоо тэлж, хүүхдийн сул талыг нь дэмжих, хүчтэй талыг нь батжуулах чармайлт гаргаж байдаг.
Үргэлжлэл бий.
Холбоотой материал:
http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1323
http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1338
http://www.davlagaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1363
Орчуулсан: Н.Норжхорлоо
Ном зүй:
Beobachtung und Dokumentation, s.21-22, Kindergarten Heute, Konzepte entwickeln-Bildung planen, Herder Verlag, Kundenservice-Center, Hermann-Herder-Strasse 4, 79104 Freiburg