Чамайг над руу инээмсэглэсэн цагаас хойш нар минийх болсон.
Тэр үргэлж л гутлынхаа хоншоорыг ширтэж явдаг охин байлаа. Хамран дээрээ тохсон бүдүүн хүрээтэй дугариг шилээ л дийлдэггүй юм боловуу гэмээр нүүрээрээ газартай наалдах нь холгүй бөхийж явна. Гэхдээ тэр газрын сайхныг бүгдийг нь мэднэ. Шоргоолжны явдлыг, өвс ямар өдөр яаж найгадагийг, үргэлж явдаг замынх нь чулуу салхинд аргадуулсаар өдөр ирэх тусам өтөлж байгаа хүн шиг мөлийх болсныг ч мэднэ. Замд нь өдөр болгон дайралддаг цөөн хэдэн хүмүүсийг гутлаар нь андахгүй. “Өнөөдөр нөгөө өндөр өсгийт чинь өөр нэг гялгар хоншоортыг дагуулаад явж байна”. Ингээд л бодол дотроо бяцхан тэмдэглэгээ хийх нь түүнд таалагддаг байлаа. Гутлын зөвхөн хоншооронд л сүртэй ач холбогдол өгнө. Харж явахад хоншоор нь хөөрхөн бол тэгээд л болох нь тэр. Бусад хувцас нь товчгүй, өнгөний цуглуулга шиг хачин харагдаж байсан ч тоохгүй байж мэдэх…Ийм л нэг, газарт хайртай охин байсан юм.Гэтэл нэг өдөр онцгой сонин үйл явдал болов. Танил гуталтнууд нь дэргэдүүр нь явдгаараа явж, чулуу нь мөлийдгөөрөө мөлийж, өвс салхины заасан зүг найгаж л байсан. Бусад хүмүүсийн хувьд болоод л өнгөрдөг, хэн ч хачирхахааргүй зүйл байсан боловч газарт хайртай охины хувьд энэ амьдралд нь тохиолдсон гойд үйл явдал байлаа.
Автобусан дотор нэг их гоё гурвалжин хоншоортой эрэгтэй гутал үзэгдэв. Өөрийнхөө буух буудал хүртэл тэр гутлыг удаан ширтлээ. Эзнийг нь харж чадсангүй. Учир нь түүнийг толгойгоо өргөдөг дээд хэмжээндээ аваачихад, харц нь дөнгөж тэр залуугийн цээжний тэг дунд очиж байжээ. Тэрнээс дээшээ харах хүсэл байсан ч өмнө нь огт хийж үзээгүй нүгэл, давах ёсгүй хил хязгаарыг давах гэж байгаа юм шиг санагдаад чадсангүй. Автобус хааяа нэг гэрлэн дохион дээр удаан зогсоход тэр гуталны эзэн яарч байгаа бололтой доороо хурдан хурдан товшиж байв. Харин бусад үед нь огт хөдлөхгүй нэг байрандаа л зогсох. Энэ зэргийг нь харж “Их тайван хирнээ, цагаасаа хоцрохыг хүсдэггүй хүн юм байна л даа” гэх мэтчилэн хэнд ч хэрэггүй боловч өөрийнхөө л хувьд их чухал, хэнээр ч батлуулах шаардлагагүй дүгнэлтийг өгөөд байлаа. Гэр лүүгээ харих замдаа тэр гуталны эзэний зан араншинг өөрийнхөөрөө төсөөлж, хирэндээ л их жаргалтай болов.
Маргааш нөгөөдөр хоёр автобусанд өнөөх гуталтай ахиад л таарлаа. Дээгүүрээ өмссөн жийнс брюк хоёр нь ээлжилж солигдох ч гутал нь хэвээр. Үүнд нь ч тэр баяртай байв. Учир нь тэр царайг нь нэг ч зориглож харж байгаагүй учраас гутлаа сольчих юм бол түүнийг танихаа больчихно гэж айж байсан юм. Автобус хааяа хүчтэй тоормослоход түүний цээж өөр дээр нь бараг л унаад ирнэ. Энэ үед яагаад ч юм түүнийг ямар нэг юм хэлвэл яана гэж бодоод, дотроо гялс хариулах үгээ бэлдэж үглэдэг байв. Нэг удаагийн тоормосон дээр нөгөө залуу чинь болгоомжгүй хөдлөхдөө өөрийнх нь гутлан дээр гишгэж орхилоо. Мэдээ ч үгүй шахам, огт бэлтгэлгүй байхад нь тэр гэнэтхэн бөхийж ирээд л түүний өөдөөс харав. “Уучлаарай”. Өвлийн хувцастай явж байтал нь гэнэт зун болчих шиг эвгүй, хэтэрхий давчуу, халуу шатсандаа нүцгэлмээр мэдрэмж. Тэрүүхэн хооронд цээжин дотор нь бөөн цагаан эрвээхэй орчихоод энгэрээ жоохон задгайлчих л юм бол нисчих гээд байгаа юм шиг санагдахаар нь хүрмээ хоёр гараараа сайн гэгч нь зөрүүлж барив. Тэр залуу уучлалт гуйчихаад буцаад өндийлөө. Өөрийнх нь харц эзнээ дагаж байгаа шивэгчин шиг л түүнийхийг дагаж дээшлэв. Зугтах аргагүй, нэг юманд лавтайяа цоожлуулчих мэт болоод харцанд нь наалдаж орхих нь тэр. Тэр хэн нэгэн рүү өмнө нь ийм удаан ширтэж үзсэнгүй.
Тэгээд л нөгөө гойд юм нь болсон юм. Тэр залуу инээмсэглэжээ. Яагаад юм бүү мэд. Ер нь өөрөөс нь нүдээ салгахгүй байгаа танихгүй охиныг хараад хэний ч инээд хүрэхгүй гэж үү? Эсвэл тэр зүгээр л хөлөн дээр нь гишгэсэн гэмээ цайруулах гээд тэгсэн байх. Ямартай ч тэр инээмсэглэж орхижээ. Бүх юм болж өнгөрөөд, түүнийг цаашаа харчихаад байхад хүртэл охин хүзүүгээ өргөсөн чигтээ зогсоод л байлаа. Хүүхэд байхдаа самбар харж хичээлээ хийхээ больсон цагаас хойш эрүүгээ ийм дээшээ өргөлгүй тэр их удсан байжээ.
Автобуснаас буучихсан хойно нь ч, ой санамжийнх нь орон зайг түүний инээмсэглэл дүүргэчихээд шөнө хүртэл тэр охин одоо цагаас хөндий амьдрав. Тэр уг нь нөгөө замаараа гэртээ харьж, хоолоо идэж, усанд орж, дүүгийнхээ хичээлийг хүртэл давтуулсан. Гэхдээ түүний оюун ухаан өнөөх автобуснаас буугаагүй л явав. Ер нь түүнд бага насыг нь эс тооцвол онцгой дурсамж гэхээр зүйл тэр мөчийг хүртэл байгаагүй юм. Сүүлийн хэдэн жилийн турш огт нээгдээгүй оюун ухааны дурсамжийн дэвтэрт нь салхи орох шиг болсон нь тэр аж. Яг л удаан хугацаанд юу ч гараараа бичилгүй байж байгаад гэнэт юм бичиж байгаа хүн шиг, түүний талаарх дурсамжаа оюун санаандаа эв хавгүй, эмх замбараагүй, энд тэндээс нь түүж холин бичиж байлаа. Удаж удаж ганц гоё дурсамжтай болсон нь тэр.
Заримдаа зөвхөн дурсамж төдийхөн нь байхад л сэтгэл цатгалан, хангалуун болчихдог. Түүний хувьд ч гэсэн яг л тийм байлаа. Илүү юуг ч хүсэхгүй, түүний бүх биенд урсаад л ороод ирсэн харц, инээмсэглэлийг санан санахдаа л тэр жаргалтай явдаг болжээ. Тэгсэн хирнээ бас түүнтэй дахиад таарах санаатай гутлын хоншоор ширтдэг хэвээрээ. Нөгөө автобусандаа дахиад 10 өдөр 10 удаа суусан ч нөгөө гутал нь харагдсангүй. Тэгээд боджээ. “Гутлаа сольчихсон юм биш байгаа?” Түүнд тэгээд ганц л сонголт үлдэв. Царайгаар нь хайх. Энэ мөчөөс хойш газарт хайртай охин сэтгэлийг нь эзэмдсэн инээмсэглэлтэйгээ дахин хаа нэгтээ тааралдаж магадүй гээд, үргэлж дээшээ харж явдаг болов. Эхэндээ энэ нь тийм ч амар байсангүй. Хүн болгоны харц түүнд шалгалтанд орж байгаа юм шиг ямар түвэгтэй санагдаж байсан гээч. Тэгээд дараа нь дасч эхлэв. Хүмүүсийн царай түүнд харин ч дотно санагдах болжээ. Өнөөдрийг хүртэл дунд нь амьдарч байсан хирнээ анзаардаггүй зүйлс ямар олон байсныг хараад, тэр өдөр бүр нээлт хийж амьдрах болов. Тэгээд газар ширтэхийн оронд хүмүүсийг ширтдэг болов. Гэхдээ хүмүүс түүнд хэтэрхий олуулаа санагдаж байлаа. Түүнд өмнөх шигээ хүмүүсийг гутлаар нь хоёр гуравхан бүлэгт ангилаад харчих нь уг нь амар мэт.Учир нь хүн болгоны царай, харц, инээмсэглэл өөр, харин гутал хэдхэн л төрөл байдаг болохоор цээжлэхэд хялбархан байдаг байсан. Асгачихсан элсэн дундаас үйрмэг эрдэнэс хайх шиг хүнийг гутлаар нь биш царайгаар нь хайна гэдэг түүний өмнө нь хийж байгаагүй хамийн хэцүү зүйл байв. Гэсэн ч тэр дээшээ харж сурчээ.
15 хоногийн дараа тэр бүр тэнгэр лүү зоригтойгоор хардаг болов. Тэнд нар байлаа. Нар луу харахад төрсөн мэдрэмж түүнийг өөдөөс нь инээмсэглэхэд төрсөн мэдрэмжтэй ойролцоо санагдсан болохоор тэр охин боломж л гарвал нар луу хардаг боллоо. Дулаахан, төөнөсөн, цацарсан, гялбаж дальдичмаар хирнээ харцаа салгамгүй…тэгээд бас их өндөрт оршдог. Нар, дурлалт залуу хоёрт нь төстэй зүйл олон байсан болохоор тэр нэрийг нь үл мэдэх өнөөх хүндээ НАР гэж нэр өглөө.
Бүр шар өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр аваад дээр нь “Нарыг хайсан өдрүүд” гэж гарчиглав. Түүн дээрээ толгойгоо өргөж явдаг болсноос хойш тэнгэрийн, бас хүмүүсийн сайхныг хэрхэн олж харсан тухайгаа бичих боллоо. Шувуудын нислэгийг, үүлс ямар өдөр яаж нүүдгийг, үргэлж явдаг замынх нь модод цаг хугацаагаар услагдсаар өсөж байгаа хүүхэд шиг улам өндөрсөж байгааг ч тэр мэддэг болов. Ийм л нэг, тэнгэрт хайртай охин болжээ. Энэ бүхэн НАР-ны ач гэдгийг бараг өгүүлбэр болгондоо дурдана. Гэхдээ түүнийг олохгүй байгаадаа тэр тэгтлээ их гунигласангүй. Учир нь тэр өдрийн дурсамж төдийхөн өөрийг нь тэжээсэн хэвээр байсан юм. Харин ч түүнийг хайх тусам, олохгүй байх тусам тэр улам толгойгоо өндөрт өргөж сурч байлаа. Ядаж түүнийхтэй төстэй ч болов инээмсэглэлийг олж харахын тулд тэр өөрөө бусад руу инээмсэглэдэг болжээ.
Нэг өдөр түүнийг мишээчихсэн явж байтал хамар дээр нь борооны жижигхэн дусал уналаа. Урьд нь үргэлж доошоо харж явдаг байсан түүний мөр юм уу үсэн дээр л бороо дусдаг байсан болохоор өмнө нь авч үзээгүй энэ өхөөрдөм мэдрэмжийн тухай тэр дор нь бичмээр санагдаж гудамжны тэг голд зогсонгоо дэвтрээ гаргаад “Хавартай өөрөөр танилцав. Түүнийг хайгаад аль хэдийн 2 сар өнгөрчихжээ” гэж бичээд цэг хатгах гэтэл хэн нэгэн хажуугаар нь зөрж өнгөрөхдөө хөл дээр нь санаандгүй гишгэчихлээ. Дэвтрээ бариад дээшээ харав. Тээр дээр…НАР гэрэлтэж байлаа.
12.11.20 http://www.mglradio.com/main/index.php?mid=uranzohiol&document_srl=532611