Үлгэр жишээ хамгийн сайхан хосын тоонд яах аргагүй орж байсан загвар өмсөгч Хайди Клум болон дуучин Сиэл нарын салалт 2012 онд олныг шуугиулсан билээ.
Тэгвэл нэрт загвар өмсөгч маань энэхүү салалтынхаа тухай “Marie Claire” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байна.
Тэрээр хэлэхдээ “Бурхан минь, чи яагаад Сиэлээс салж байгаа юм бэ” хэмээн хүмүүс байнга надаас асуудаг. Үнэн хэрэгтээ гэр бүлийн харьцаандаа цэг тавихыг би хүссэн гэж үү? Мэдээж үгүй. Хүн болгон аз жаргалтай сайхан амьдарч байхад гэнэт зовлон шаналал ирэхийг бид урьдчилан таамаглаж мэдэх боломжгүй, мөн хэзээ ч түүнийг хүсэхгүй шүү дээ. Би үүнийг хүсээгүй, миний оронд хэн ч байсан хүсэхгүй л байх байсан” хэмээн салалтынхаа тухай сэтгэгдлээ хуваалцсан байна.
Дөрвөн хүүхдийн эцэг эх тэд жил болгон хуримын ойгоо тэмдэглэж, хамгийн сайхан хос хэмээн тооцогдож байсан ч өнгөрсөн жилийн нэгдүгээр сард зургаан жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. Харин Хайди 2012 оны есдүгээр сараас өөрийн бие хамгаалагч Мартин Кирстэнтэй хайрын холбоо үүсгэсэн нь нэгэнтээ ил болсон юм. Түүнээс бие хамгаалагчтайгаа гэрлэх бодол байгаа эсэх талаар асуухад тэрээр “ Үгүй, үгүй. Би тэгж бодохгүй байна. Би хуучин гэрлэлтийнхээ дурсамж, гэрэлт мөчүүдийг дурсан санаж цаашид амьдрахыг хүсэж байна. Тэрнээс биш ахин гэрлэх бодол надад алга. Гэрлэлт гэдэг чинь цорын ганц үнэ цэнэтэй байх ёстой бөгөөд тийм яаран сандран шийдвэр гаргах зүйл биш юм. Би их зөөлөн хүн ч гэлээ ийм асуудал дээр их нухацтай хатуу байр суурьтай байдаг. ” хэмээн хариулсан байна.
Б.Сондор
www.gogo.mn