Лос-Анжелес дахь Холливудын алдрын гудамжны 2488 дахь “од” Хелен Мирренийх байв. Тэрбээр “Би итгэж чадахгүй нь. Өнөөдөр миний амьдралын хамгийн онцгой өдөр” хэмээжээ. Өдгөө 67 настай жүжигчин “Хатан хаан” киноны гол дүрийг бүтээж Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан чадварлаг жүжигчин юм.
Хелен Миррен Холливудад алдраа мөнхлөн үлдээж буй алдрын одны ёслолын ажиллагаандаа цэнхэр өнгийн даашинзаар гангарч, өндөр өсгийт өмссөн байсан нь олны харааг булаажээ. Мөн түүнтэй энэхүү дурсгалт өдрийн баярыг хуваалцахаар түүний нөхөр, найруулагч Тейлор Хекфорд, кино урлагт хамтран зүгтгэгч алтан үеийн жүжигчин андууд нь хүрэлцэн ирсэн байна.
Түүнчлэн нэрт жүжигчинд баяр хүргэхээр дуучин Ашер, дуучин, жүжигчин Женнифер Хадсон, Эллен Де Женерес нар хүрэлцэн иржээ. Өдгөө ч кино, дэлгэцнээ дүрээ мөнхөлсөөр яваа Хеллен Миррен хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн “Hitchcock” кинонд нэрт жүжигчин Энтони Хопкинстой хамтран тоглосон юм.
Г.НЯМСҮРЭН