Бүсгүй хүн бүрт ядаж нэг бяцхан хар даашинз байх ёстой гэдэг. Цаг хугацааны шалгуурыг давж, бичигдээгүй хууль болтлоо зонхилсон энэ тренд хаанаас эхтэй вэ? Яагаад өнөөдрийг хүртэл хүчирхэг хэвээр байна вэ?
1926 онд Коко Шанелийн зохион бүтээсэн бяцхан хар даашинзны зураг Америкийн Vogue сэтгүүлд хэвлэгдсэнээр энэ түүх эхэлсэн гэдэг. Түүнээс өмнө эмэгтэйчүүд хар даашинзаар гангарах биш гашуудаж буйгаа илэрхийлдэг байжээ. Гэтэл Коко Шанелийн зохион бүтээсэн тэрхүү даашинз энэ бүхнийг орвонгоор нь эргүүлж орхисон аж.
Коко Шанель
Эсгүүр загварын хувьд энгийн. Гоёлд ч, энгийн үед ч өмсөөд гарч болох. Гол төлөв боломжийн үнэтэй. Бас дээрээс нь төлөв даруу байдал, дэгжин хээнцэр байдлыг нэг дор илэрхийлж чадах классик хар өнгө. Бяцхан хар даашинзны энэ бүх шинж чанарууд 21-р зууны бүсгүйчүүдэд ч таалагдсан хэвээр байна.
Загвар өмсөгч Кендалл Женнер
Загвар өмсөгч Миранда Керр
Амал Клуни (Жорж Клунигийн гэргий)
Дуучин Адель
Бүх цаг үеийн хамгийн алдартай бяцхан хар даашинз бол 1961 онд “Тиффанигийнд барьсан өглөөний зоог” киноны гол дүрд тоглохдоо жүжигчин Одри Хепберны өмссөн даашинз билээ. Загвар зохион бүтээгч Юбер де Живанши (Hubert de Givenchy)-гийн бүтээсэн тэрхүү даашинз 2006 онд болсон дуудлага худалдаанд бараг 1 сая ам. доллараар үнэлэгджээ. Уг даашинзыг цагаан сувдан зүүлтээр чимж өмссөн Одри Хепберны үзэсгэлэнт дүр төрхийг кино эхлэх хэсгийн доорх бичлэгээс үзээрэй. (Энэ хэсгийн хөгжим нь бас их гоё шүү, тийм ээ?)
https://www.goshopping.mn/blogs/news/article-1