Дуучин Бейонси Америкийн “HBO” телевизтэй хамтран бүтээж буй намтарчилсан баримтат киноныхоо триллерийг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэлээ. “Life is but a Dream” нэртэй кинонд Бейонсигийн амьдралыг элдэв хачиргүйгээр харуулах юм. Киноны талаар дуучин бүсгүй “Би үргэлж чадах бүхнээ хийхийг зорьдог. Олны танил хүмүүсийг мөнгөтэй, баян чинээлэг, нэр алдартай гэдгээр нь хүлээж авдаг.
Гэтэл бид ч бас хүн шүү дээ. Бусдын л адил уйлж, гуньж, айж, бухимддаг. Тиймээс өөрийгөө хувь хүн талаас нь илүү дэлгэрэнгүй харуулахыг зорилоо” хэмээжээ. “Life is but a Dream” баримтат кинонд түүний амжилтад хэрхэн хүрсэн, туулж өнгөрүүлсэн амьдралын замнал, баяр баясгалан, хүнд бэрхийг өгүүлэхээс гадна Жей Зитэй гэрлэж, охин Блю Айвигаа тээж төрүүлсэн үеийн ховор дүрс бичлэг, гэрэл зургийг дэлгэх аж. Киноны найруулагчаар дуучин бүсгүй өөрөө ажилласан бөгөөд ирэх сарын 16-нд “HBO” телевизээр цацагдах юм байна.