Сар шинийн бэлтгэл базааж буй энэ үед ууцны үнэ ямар ханштай байгааг сонирхохоор “Хүчит шонхор” захыг зорьсон юм.
Тус захын задгай талбайд хонины ууцыг эгнүүлэн тавьжээ. Энд ууцны үнэ 110-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
“Энэ жил хонины ууцыг нэг килограммыг нь 5400 төгрөгөөр худалдаж байна. Дундаж ууц 180 мянган төгрөгийн ханштай байна. Өмнө нь бид ууцаа худалдан авагчтай тохиролцоод зарчихдаг байсан. Хүмүүс ууц авч л байна” хэмээн махны худалдаачин С.Баяраа ярилаа.
Тус зах дээр шар тос 8000, ааруул 4000, хорхой ааруул 5.500-6000, аарц -1200 төгрөгийн ханштай байна.
Б.Заяа