Ийм сэтгэлгээтэй хүүхдүүд өнөөдөр олон улсын эко-сургууль хөтөлбөрийн анхны гэрчилгээ гардан авахаар “Чингис” зочид буудлын хурлын танхимд цугларлаа. Тэд сургуулийнхаа гадна, дотно орчныг эко болгохоор юу хийснээ тайлагнан дор, дорноо үзэсгэлэн гаргажээ. Шинэ эрин сургууль 6 настнуудынхаа бүтээлийг дэлгэсэн бол бусад нь танилцуулга, нөөц хаягдал ашиглан хийсэн үзэгний сав, усан завь, галт тэрэг зэрэг бэлэг дурсгалын эд зүйлсээр үзэсгэлэн гаргасан байлаа.
Олон улсын эко-сургууль хөтөлбөрийн анхны гэрчилгээ гардуулах ёслолыг БОНХЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв”, “Монголын байгаль орчны консерциум” ТББ хамтран зохиож байгуулсан бөгөөд үйл ажиллагааг нээж Дэд Сайд Б.Тулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Феликс Феллманн нар үг хэлэв. Тэд бүгд эко хүүхдүүдэд, багш нарт нь баяр хүргэж, эко сургуулийн сүлжээнд хамрагдан сургууль болон орон нутагтаа байгаль хамгаалах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буйг дэмжин, Монгол Улсын анхны гэрчилгээг гардуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байв. Үнэхээр ч 2-5 жил идэвхтэй ажилласан Улаанбаатар хотын 9, хөдөө орон нутгийн 43 сургууль гэрчилгээ авах эрхтэй болсон нь тэдний ажлын үнэлэмж юм.
Сонгинохайрхан дүүргийн долоон дунд сургуулийг нэгтгэсэн Ирээдүй цогцолборын I дунд сургууль 2007 оноос Шведийн Нордикийн сангийн “Цөлжилтийг сааруулах” төсөлд хамрагдаж, одоо эко сургуулиудын эгнээнд нэгджээ. Сургуулийн гадаад орчныг ногоон байгууламжтай болгох, анги танхимд цэцэг тарих ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Тус сургуулийн цэцэгжүүлэх ажил ч бусад сургуулийнханд “халдаж” бүгд цэцэг тарьж эхэлжээ. Бусад сургуульдаа нөлөөлж чадсанаа сургуулийн захирал П.Цэрэннадмид энэ үеэр бахархан ярилаа. Сурагчдын хэн нь ч хогоо энд тэнд хаядаггүй учраас тус сургуулийн “00”, үүдний коридороос бусад газар хогийн сав байхгүй гэнэ. Мөн тамхигүй орчин бий болгосноор багш нар нь сургуулийн орчинд тамхи татахаа больж, ихэнх нь бүр татахаас татгалзаж эхэлсэн гэнэ. Хүүхдүүд аав, ээжийгээ ч тамхинаас гаргаж эхэлжээ. Тэд үйл ажиллагаагаа цаашид идэвхжүүлж, сурагчдаар өөрсдөөр нь дамжуулж эко боловсрол олгосоор байхаа хэлэв.
Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн “Хошой” тэргүүний 105-р сургуулийнхан танилцуулах албыг гартаа авав. 2009 онд тус сургуулийг “Цөлжилтийг сааруулах төсөл”-д хамрагдахад сургуулийн гаднах ногоон байгууламж 35 хувь байсныг одоо 100 хувь болгосон байна. Шинээр 800 мод суулгаж, 11 дүгээр хорооны орчин “ногоон” болжээ. Энэ нь олон улсын аргачлалын дагуу сургуулийн дотоод, гадаад орчинд эко үнэлгээ хийлгэж гаргасан үзүүлэлт аж. Мөн хог хаягдлаа цаас, хуванцар, бусад гэж ангилан гурван төрлийн хогийн савыг ангидаа байрлуулдаг аж. “Нэг сурагч-нэг цэцэг” аян өрнүүлж жил бүр 1000 цэцгийн үзэсгэлэн гаргадгаа ч энэ үеэр сурагчид ам уралдуулан танилцуулав.
“1000 цэцгийн баяр” хийх зорилготой өөр нэгэн газар бол Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль. Тэд ангиудын дунд “Хэн хамгийн олон цэцэг тарих вэ” уралдаан зарлаж хавар шалгаруулдаг байна. Одоогоор 500 гаруй цэцэг ургуулан арчилж байгаа аж. Ийнхүү сургууль бүр хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулахдаа баяртай байсан юм.
Гэрчилгээ авах эрхтэй болтлоо ажилласан сургуулиудыг нэрлэвэл, 79, 37, 58, 32, 105 дугаар сургууль, “Шинэ эрин”, “Байгаль эх” лицей, Ирээдүй, Амгалан цогцолбор сургуулиуд юм.
БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч, албаны дарга Д.Дагвадорж эко сурагчдад “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр танилцуулга хийж, байгаль эхээ хайрлах, цаасаа хэмнэж, модоо гамнахыг уриаллаа. Үйл ажиллагааг хааж БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар хэлсэн үгэндээ “БОНХЯ 2013 оныг Байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ жилийн ажлын гол баатруудын нэг нь орон даяарх 77 экс сургуулийн экологич хүүхдүүд байх болно. Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр МҮОНТВ-тэй хамтран та бүхний эко үйл ажиллагааг сурталчилсан реалити шоуг бэлтгэн, бусад үеийн найз нарт чинь хүргэхээр төлөвлөж байна. Энэ нэвтрүүлгийн дараа бүх хүүхдүүд сургуулиа эко болгох, эко клуб байгуулах санал санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна” гээд “Чингис зочид” буудалд ирсэн бүх хүүхэд, багш нарт сайд С.Оюун Японы сурагч Айка Цуботагийн “Дэлхийн нууц” номыг бэлэглэж байгааг дуулган, хүссэн мэдээллээ авахаар зорьж очиход яамны үүд хаалга нээлттэй, ах эгч нар нь үйлчлэхэд бэлэн байгааг хэллээ.
Олон улсын эко сургуулийн үйл ажиллагаанд хүрэх анхны шангаа татсан эко хүүхдүүд багш нарын хамт, гартаа “Дэлхийн нууц” номоо барин баяртайгаар гэрийн зүг явцгаалаа. Тэд номын эхний хуудсан дахь “Би та нарыг Дэлхийн нууцын талаарх шидэт аялалд аваачихаар ирлээ” гэсэн Руми охины үгэнд хөтлөгдөн “Өчигдөр бол томчуудын хийсэн үйл, маргааш бол хүүхдийн хийх үйл” хэмээн хүн эх дэлхийгээ толь шиг харж амьдрахыг улам илүү ухааран баясах биз ээ. Эко хүүхдүүдийн сэтгэлд лааз шиддэг нь өнгөрсөн түүх, цуглуулж авах нь ирээдүй гэсэн сэтгэл, сэтгэлгээ хэзээний суусан байдаг.
Б.Мягмансанж
www.bolod.mn