Ажил сургуульдаа яарсан том жижиггүй “туулай” чихсэн нийтийн үйлчилгээний автобус уулзвар дээр улаан гэрэл харангуутаа огцом тооромсоглов. Яагаад “туулайнууд” гэсэнийг ойлгож байна уу?… Мөнгө хураагч ч хөдөлж чадахгүй, олон хүний дунд хавчуулагдаад амьсгаа авч чадахгүй үхэх нь ээ цаана чинь. Тэгэхээр одоохондоо мөнгө хураагчаар үйлчлүүлээгүй зорчигчдыг “туулай” гэж хэлэхээс яах вэ. Гэнэт тоормос гишгисэн автобусны жолооч ч гэж “хөдөөний хөөсөн мантуу” байнаа. Ар талд нь ямар аюул учирсаныг тэр сандруу жолооч мэддэг болоосой…
Жижигхэн биетэй болохоор хөл газар хүрэхгүй олон хүний цээж, нуруунд тас хавчуулагдан “нисэж” явсан би гэнэтийн сэгсрэлтэнд өөдөөс харж явсан тарган хүүхний хоёр том мөөмний голд толгойгоороо тэвхдүүлэв. Энгэр нь задгай даашинзны цаанаас талхны гурилын иссэн зуурмаг шиг бандгар хоёр мөөм нь хүзүүг минь хавчаад хааш нь ч хөдөлгөхгүй “бат араанд” хийлээ. Түүнээс гурил исгэгчийн исгэлэн үнэр биш үнэртэй устай холилдсон хулмас үнэртэхийг нь яана. Агаар… агаар… Үнэндээ надад амьсгалах агаар тун бага байлаа. Юугаар амьсгалж байгааг минь та нар мэдэж байгаа… Нийтийн тээврийн автобусанд хүчил төрөгчтэй сав өлгөж явах хэрэгтэй гэдгийг энэ дашрамд анхааруулчихъя…
Танихгүй хүүхний цээжинд нүүрээрээ шигдсэн би сандрахдаа амьсгал авахаар агаар сортол хүзүүний доохон талд нь шимж орхиод ямар их айсан гэж санана… Хүзүүнийхээ улааныг үзээд “Хүчиндчихлээ” гэж зарга заальхай болох вий гэхээс өмдөндөө шээсэнгүй. Харин мань хүүхэн бөхчүүд шиг хээгүй нэгэн бололтой. Миний өрөөсөн чихнээс татаж ” Жаахан амьсгаа ав. Бүтэж үхлээ бяцхан жаал минь” гэж өхөөрдлөө. Ойн модыг ашиглах хуулийн долоогийн гуравт заасан стандартын хэмжээнээс үл ялиг өндөр хожуул шиг намхан намайг хүмүүс янз бүрээр хэлдэг болохоор хэн юу гэж ч байсан би тоохоо байчихжээ.
Хадмууд намайг “Өөдөс хүргэн” гэдэг юм. Тавын таван охинтой, амьдралаараа “шатсан” хадам аавд маань надаас өөр хүргэний “үртэс” ч байхгүй. Тэгсэн мөртлөө ямар хожуулаас гаралтайгий нь мэдэхгүй бөөн зээнүүд дотроо орж нуугдаад “Өөдөс хүргэнээр юу байна даа?” гэж балбуулаад сурсан хүн шиг жонгиноно. Талийгаач хадам ээжээс хойш “эмээ” болчихсон юм даа, зайлуул… Хормогч зүүчихсэн гал зуухандаа хиншүү хярвасын ажилтай болсон нэгэн.
Хадам эгч нар маань намайг “Өөдөсхөн” гэж дуудана. Нөхөргүй тэдний дунд миний эхнэр бол тэнгэрийн умдаг атгасан бүсгүй. Нөхрөөсөө салсан, жийгдсэн, хулхидуулсан эгч нарынхаа дэргэд нээрээ нүүр бүтэн хүн дээ. Таван хүүхний дунд “тарвалзсан” би тарвага шиг жижигхэн биетэй ч гэсэн тэдний дунд эр хүйстэй ганц эрийн хувьд од битгий хэл нар сарнаас дутахгүй. Нөхөргүй хүүхнүүдийн нөхөөсөнд явж, нүүрээ улайлгах бол юу ч биш.
Хүүхдүүдийг нь ганц “хийцэлдэг” хүн би. Сахилгагүй хөвгүүдийн эвдэлсэн сандал ширээг сургууль дээр нь очиж засаж янзалж өгдөг нь би. Хөвгүүдэд цасаар нүүрээ угаалгасан охидуудыг нь өмөөрч хамгаалдаг хүн нь би. Дөрвөн эгчийн найман хүүхэд, минийхтэй нийлээд арван хүүхдэд аавын оронд аав болсон алдарт сурган хүмүүжүүлэгч нь ч би билээ.
Эгч нарыг оройтоход би тосно. Элдвийн харчуул хоргоогоод байвал би очно. Согтуу халамцуу юмнуудад “нөхөр” болж жүжиглэн, зангидсан нударгаа харуулдаг ганц ганцаардахгүй дайчин нь би бас. Шинэ жилээр өвлийн өвгөн болдог, нийтийн бүжгэнд хөлийн загатнааг нь гаргадаг, наадмаар хонь төхөөрдөг, энэ гэрийнхэнд үйлчилдэг жолооч, жолооны багш, засварчин, цахилгаанчин, мужаан, дархан, гуталчин гээд шилээ харуулсан өөдгүй эрчүүдийн өмнөөс хамаг ажлыг нь нугалдаг хүн бол би.
Үүрэг хариуцлага маань ахадсан ч гэсэн намайг хүндэлдэг, “эрхлүүлдэг” олон хүүхнүүд байна энэ гэрт. Мартын наймныг хадам өвгөн бид хоёр “аргалчихвал” цэргийн баяр гээд бид хоёрын “жаргах цаг” ар араасаа цуварна. Таван хүүхний халамж анхаарал дунд бид хоёр ч ёстой нэг туйлнаа. Хадам эгч нар маань надад бүгд талтай. Гэхэдээ энэ нь эр эмийн ёс талаасаа бус цорын ганц эхнэртээ үнэнч эр хүнийг хүндлэн хайрлах гэр бүлийн уламжлал талаасаа тэр.
Хүний амьдрал болсон хойно жижиг зөрчил мундахгүй. Олон эмэгтэйчүүд цугларсан газар хэрүүл шуугиан байхгүй байна гэж юу байх вэ. Сайн муу олон тал байна. Сайныг нь ярихаа азнаад муугаас нь хэлэх юм бол хэдэн эгч нар минь эхнэрээс минь илүү намайг “хардаж” зовооно. Эхнэр минь хоёр нүдтэй ч эгч нарынхаа нүднүүдийг нийлүүлэхээр арван нүд болно биз дээ. “Өөдөс өө чи тэнд юун хүүхэнтэй явж байсан бэ?” гээд явган хүний нарийхан зам дээр зөрж өнгөрсөн бүсгүйтэй хардана.
Хөөрхий хадам аав миний үнэнчийг охидуудаасаа илүү үнэлдэг болохоор “Цөг. Өөдөсийг та нар тайван байлгаач. Та нар ийм “хар”-тайдаа эр нөхөр тогтоодоггүй биз” гэж намайг өмөөрнө. Эрчүүд ч бас амар хүмүүс. Хажуу хөршийн бэлэвсэн авгайгийнд хадам аав хааяа “морилдог” юм. “Аавыг дэлгүүр явуулах гэсэн чинь амрагийн “болзоонд” явчихжээ. Энэ муу хар авгай аавын толгой эргүүлээд байна аа янз нь” гэж хадам эгч нарыг ам уралдуулахад “Эр хүнийг та нар эрлэгт явтал нь тайван байлга” гэж би хадам аавыгаа хаацайлна.
Ний нуугүй хэлэхэд таван эгч дүүсийн дунд “Монголд хэн жаргалтай вэ?” гэвэл намайг л хэлнэ дээ. Нэг нь шинэ зангиа бариад гүйгээд ирнэ. Нөгөө нь костюм индүүдээд өгнө. Цардсан захтай цамц, хоншоор нь хүний нүүр харагдахаар тосолсон гутал Монголд хэн өмсч байна. Би л өмсч байна. Ганц эрийг яаж гангаруулахаа манай хэд андахгүй. Би хэрэв нөхөртэй байсан бол ийм цув авч өгөх байсан гээд нэг нь шинэ цув худалдаад аваад ирэх бол байдаг л нэг явдал. Миний төрсөн өдөр тавуулаа таван ширхэг сахлын цахилгаан машин бэлэглэж хөглөж байсан түүх ч бий…
“Хөөе Өөдөсөө яаж байна чи? гэх жоль дуу гарахаар нь амьсгаа боогдож үхэх гэж байгаагаа мэдэхгүй би хэрэгт дурлан хажуу тийш нүднийхээ булангаар харвал хадам аав дэргэд амь наана там цаана “дүүжлэгдэж” явна. Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно гэдэг шиг хадам аав гуай хорь орчим насны хонгор шаргал үстэй, өндөөр охины цамцны цаанаас товойх болсон алим шиг товгор хөхнөөс тас зуурчихсан зогсож байдаг байгаа…
“Харин та өөрөө?” гэсэн чинь мань нөхөр ойлгодоггүй. Тэгэхээр нь нүдээрээ дохиж үзүүлбэл хадам аав сая ойлгож, гараа татаж авах гэсэн боловч батганы хошуу багтах зайгүй тас хавчсан чихэлдээн дундаас тохойгоороо нугалсан гараа татаж авч чадалгүй бантсандаа ” Охин минь, өвөөгийнхөө гарыг өгөөч” гэж уйлагналаа. Өндөр охин доош тонгойсоноо сая учрыг ойлгож ” Өвөө минь төлбөрөө төлөөрэй. Наад ясан гар чинь ямар хатуу юм бэ? Гижиг хүргээд байна… Ядуу оюутанд хуушуурын мөнгө ч хэрэгтэй шүү” гэж аалигүйтэв.
Хадам хүргэн хоёр хаашаа ч үгүй болжээ. “Баригдана даа баригдана” гэдэг шиг бие биенээ хулмалзан харах боловч хүн сийрэг болж, зай гартал “гардуулсан” байрлалаасаа хэн хэн нь сугарах боломж олддоггүй. “Настай хүн байж ямар муухай юм бэ? Шар сэмжилсэн энэ өвгөдөөс болж монгол орны нэр хүнд навс унаж байгаа юм” гэж сэхээтэн байрын авгай муу хадмыг минь “хажиглатал” өвгөн сав хоосон буцаасангүй “Та харин миний юунаас… атгасан гараа авчихаж болох уу?” гэж цовоо хариулт өгч нам дарлаа. Болж байна даа, өвгөрсөн болохоос үхсэн биш гэж би хадмаа өмөөрөх завсар автобус дараагийн буудалд ирж зогсоход ихэнхи залуучууд дөрвөн мөчөө тийчлэн сугарч буухад сая нэг юм автобусанд хүн шиг амьсгаа авах бололцоотой болов. Бодох нь ээ оюутнууд сулрав бололтой.
Эвгүй эвгүй “байдалд орж” хүссэн хүсээгүй эротик “кино”-нд “тоглосон” зорчигсод шалан дээр нэг хүн түсхийн унахад нь дуу алдсаныг үзвэл хөөрхий мөнгө хураагч амьсгаа нь боогдоод багтран унасан нь тэр байлаа. Жолооч автобусаа зогсоож, “Зам тавиарай. Салхий нь өг салхий нь өг. Агаарыг нь битгий хаагаад бай” гэсээр туслахаар ирэв. Мөнгө хураагч жолоочийг савтай ус авчирч амандаа хийн цацахад сурмаг гэгч нь сэргэн бослоо. Олон хүнд даруулан унасаар байгаад бүр сурчихжээ… Нүүрээ нусны алчуураар арчин хэсэг уужирсан мөнгө хураагч “Таминь ээ, орлого алга болчихож” гэж гэнэт муухай дуугаар орилов. Нэг сэргэлэн гар нь мөнгий нь туучихсан ажээ…
Хадам бид хоёр сая л нэг хэдэн үг чөлөөтэй солихтойгоо болов.
-Та энэ эрт хаачиж яваа юм бэ? Арай болзоонд… түрүүн ч эвгүй гардуулсан даа гэж намайг түрүүлэн байдлаас мултрах гэж шрүүптэхэд хадам хацар нь улайсанаа,
-Цөг, золиг минь шинжилгээ өгөх гээд төв рүү явж байна. Чиний ямар байдалтай явж байсаныг эхнэр чинь мэдсэн бол Өөдөс хүргэний минь нүүр атар газар хагалсан юм шиг болно доо гэж даапаалж байна.
-Би ч бас залуу хүн шүү дээ, аав аа. Дөч хүрсэн эр дөрвөө дарсан ат гэж мэднэ биз дээ
-Чи ч нэг иймэрхүү байдалтай ажилдаа явдаг хүн бий вий гээд хадам гэнэт урвайгаад явчихав.
-Юу гэсэн үг вэ? Машинтай явахаар зам бөглөрөөд явуулахгүй юм. Тэгээд л олны жишгээр… Юу нь болохгүй байна? Харин ч хөгжилтэй юм бишүү. Та бол ёстой “од” байсан шүү дээ. Залуу охины чанга мөөм атгаад… гэж хадам аавыгаа тайвшруулах гэж үгээ олж ядтал,
-Ингэж хүний мөөмөнд толгойгоо шааж явбал ёстой бүтэхгүй. Нэг мэдэхэд нөгөө том мөөм толгойг чинь “тасдаад” явчихвал яана даа. Дахиад л би зээ нараа харж үлдэнэ гэж өвгөн санаа алдав. Тоглоогүй бололтой. Өвгөнийг ямар ч үнээр тайтгаруулах нь чухал. Эхнэрт очоод хэлэхгүй ч гэсэн настай хүн царай алдаад намба төрхөө гутаахгүй нэмэр.
-Аав аа, та автобусанд болсон явдлыг амьдралтай хутгаж бодоод хэрэггүй. Хүргэндээ итгээрэй. Эр хүн тоглоом ч даадаг, тортог ч даадаг байх хэрэгтэй. Надаас илүү амьдрал үзсэн танд нээх их Лениний сургааль хайрлаад ч яах билээ. Өөдөсхөн ч гэсэн хүү нь өрх гэрээ хаяхгүй. Бие нь бага ч бодол нь дэлхий шиг шүү… Таныг би эр хүний чинь хувьд, эцэг хүний чинь хувьд хүндэлж хайрлаж явдаг гэж үгийн сангаа уудлан сэтгэлийн үгээ өчвөл хадам аавд миний үг таалагдсан уу яав толгойгоо өргөж, зальжин нүдээр гурвалжлан харсанаа,
-За за аав нь тоглосон юм. Эр хүн энэ зэргийн юманд эд эсээ үхүүлнэ гэж юу байдаг юм. Чамайг л цаашлуулж л байхгүй юү. Намайг яасан ийсэн гэж эхнэртээ хэлж нүүр түлэвз. Энэ бол эрчүүдийн нууц. Нийгмийн нэг хошин дүр. Усны бөмбөг шиг цүлхийсэн хоёр мөөмөнд толгойгоо хавчуулчихаад сугалж авч чадахгүй сарвагнаад явж байсаныг чинь бодохоор инээд хүрчихлээ… Золиг минь чи ам алдав” гээд гүд гүд инээсээр хадам аав автобуснаас буулаа.
2012 он
Ар Гөрөөчний Эрка