Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж байвал зохистой талаар Цахим ѳртѳѳгѳѳр 2 жил дараалан хэлэлцүүлэг явагдаж, нийтдээ 8 сабжэтээр 100 гаруй эмайл цуглав. Энд миний гүйцэтгэх үүрэг гэвэл ердѳѳ хэлэлцүүлгийн модератор хийж тэмдэглэл хѳтлѳх явдал байлаа. Энэ ч бас нилээд учиртай. Яагаад гэвэл маргаан мэтгэлцээний алим байсаар ирсэн сэдвийн чанх голд нь зогсож тал тал тийш үсчинэ гэсэн үг гэмээр ч юмуу.
Ѳнгѳрсѳн жил эвгүйхэн эхлүүлчихээд жингийн ачаа яагаа ч гүй байхад хазайж цагаан сараа яаж тэмдэглэхээ цагаач нараар заалгах болоогүй гэх шахуу л загнуулж байсан туршлагадаа дулдуйдан энэ жил их л болгоомжтой, тэгээд ч ѳѳр аргаар хэлэлцүүлгийг явуулахыг зорьсон билээ. Ѳѳрѳѳ агуулга хэлж мэдэм зан гаргасан ч гүй, зүгээр л санаа шидэж ѳдѳѳх маягаар оролцоод харин оролцогчдын мэргэн санаануудыг базаж нэг цул болгохыг хичээгээд, дараа нь эмхтгэн ѳѳрийн санаагаар баяжуулах маягаар бѳѳн ачаа болгон нуруун дээрээ тохов. Харин, ийм жин дарсан нүсэр ачаа ирнэ гэж тѳсѳѳлсѳнгүй, нэгэнт эхлүүлчихсэн болохоор шаварт унасан шарын эзэн гэгчийн үлгэрээр яаж ийгээд дуусгахыг зорьсон минь энээ. Ачаагаа арай ядан буулгахын хирд тэмдэглэл болгох уу, нийтлэл байх уу гэдэг дээр ёстой л нѳгѳѳ дилеммад нь орчихов. Эр хүн зоригтой бол чоно юу яана ч гэдэг билээгийн үлгэрээр нийтлэл хийхээр зориг гаргаатахсан даруй материал дутаж сунжрах аядсанд твиттерд хандан аврал эртэл учиргүй их юм оллоо, бѳѳн аз. Бас ѳртѳѳний гишүүн Мѳнхтамга хүү зүтгэл гарган цуглуулсан нилээд материал, нийгмийн судалгаа хийсэн дүн гээд шаггүй зүйлс явуулсныг олзуурхан авч даалуу барин давхар цохив. Хүмүүст чанартай мэдээлэл ѳх боломжийг хайн зарим нэг эртний болон орчин цагийн эх сурвалжийн тэмдэглэлээс чадан ядан харж, нийтлэлч нарын бичсэнийг сѳхѳж гайгүй сайн будаа идсэнээ шууд хэлье. ЦАГААН САР гэсний учрыг ухаж гаргах ч хэрэг гарсныг нуух юун.
УИХ..ын бүсгүй гишүүд цуглан Цагаан сарыг ургийн баяр маягаар тэмдэглэж болох талаар ярилцаж, бэлэг сэлтний талаар шинэ сайхан санаачилга гарган хѳтѳлбѳр хийснийг нэг гишүүн нь намайг тоож ирүүлсэн нь цаг гарган суухад минь бас их зориг орууллаа. Фейсбүүкийн Яруу сэтгээч, твиттерийн Цагаан сарын тѳлѳѳ санаа зовогчдын үзэл баримтлал сайхан санаа, мэдээллүүд ѳглѳѳ. Бас ѳртѳѳний хуучин танил Ч.Дэлгэр маань аль уржнан жилийн хэлэлцүүлгийн материал олж явуулан тус болсныг хэлье. Ямартай ч энэ нүсэр ажлын ар нүдэнд торов болтой.
Монгол соёлын ѳв
Монголчуудын цагаан сараа тэмдэглэдэг зан үйл нь үе удам дамжин уламжлагдаж ирсэн, эрийн гурван наадамтай ч эн булаалдахуйц соёлын уламжлалт ѳв юм. Шинэ оноо угтах ёслол аль ч оронд, ямар ч үндэстэнд байдаг л зүйл байх, гэхдээ монголын энэ зан үйл дэндүү баялаг агуулгатай, гүн гүнзгий утга учиртай, ураг, үндэс угсаагаа гэсэн ач холбогдолтой соёл ажээ. Энэ сайхан монгол уламжлалын туулж ирсэн түүхэн замнал нь шулуун дардан, нэр шигээ цагаан байсаан гэвэл бичигч бибээр далан худалч болох биз ээ. Бурханы шашинд довтлуулан нэгийг үзэж, коммунизмд дарлуулан хийморио гутаалгаж ойворгон хүмүүсийн авирт хазайсан ч гэсэн ул суурь, ноён нуруу нь ганхсангүй, үе удам дамжин ёсолсоор ѳнѳѳг хүрчээ.
Их эзэн Чингис хаан, 1206 онд монгол улсаа байгуулсаны дараа урьд нь намар хийдэг байсан Цагаан идээний баярыг, ирэх урин цагийн эхэн хаврын тэргүүн сард ёсчилж, ЦАГААН САР хэмээн нэрийдэж байхаар зарлигдсан байдаг. 1207 онд анхны ЦАГААН САР тэмдэглэх хаврын эхэн сарын шинийн 1..ний ѳглѳѳ Их хаан, хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад ёсны цагаан дээлээ ѳмсѳн Ѳүлэн эхэд мѳргѳн золгосны дараа ордоноосоо гадагшилж хуран цугласан олонд хандан их сайхан үг хэлсэн юм билээ. Энэ тухай В.Инжинаашийн ХѲХ СУДАР шасдирын 39 дүгээр зүйлийн магнай хэсэгт бий гэсээн.
Хаан, хэлсэн үгэндээ, энэ баяр цэнгүүнийг омойтож хѳѳрѳхийн нэр болголгүй, даруухан ёсчилж байхыг сануулсан нь бий. Хааныг гарч ирэхэд нь 9 зүйлийн хѳгмийн зэмсэг хангинуулан их шуугиан гаргасанд сэтгэл нь тѳвдсѳн тэрээр, хѳгжим аялгуулж дуугаргах нь Думдад улсын ёсоо, бибээр нэхий дээлтэй монгол хүн. Энэ ёс ар газрын бидэнд таарахгүй ээ, тэрний оронд 9 цагааныг гүйцэлдүүлэн ёсчилж бай гэж заасан юм билээ. Эрэн сурвалжилсны үр болгож, 9 цагааны ёсыг дараахи байдлаар юм болуу гэсэн санааг дэвшүүллээ.
1.Байгаль дэлхийг тахих ёсон.
Цагаан сарын шиний 1..ний ѳглѳѳ, гэрийн эзэгтэй эртлэн босч гэрээ нар зѳв тойрон гороолж, ертѳнцийн 4 зүг 8 зовхист хандан газар тэнгэрийн савслагаар чиг барин цагаан сүүний дээдийг ѳргѳж эх дэлхийгээ тахидаг бѳѳгийн ёс одоог хүртэл уламжлагдан иржээ. Тэр үеийн сацлын халбага нь нэг үзүүртээ сацлын 9 хонхорхойтой, нѳгѳѳ үзүүртээ цагаан хялгасан унжуургатай модон халбага байжээ. Одоо ч зарим нутагт тааралддаг юм байна.
2.Хотоо мялаах ёсон. Гэрийн эзэн цагаан сарын шинийн 1..ний ѳглѳѳ эртлэн босч, эрт гарсан цагаан хурга тэврэн хонины хотоо нар зѳв тойрон ерѳѳлийн үг хэлдэг байжээ.
3.Уяа мялаах ёсон. Монгол эр хүний хийморь морьтой олон зүйлээр холбогддог. Цагаан сарын шинийн 1..нийг угтан битүүний шѳнѳ, дэлий нь засч гоёж янзалсан цагаан бүгээн зүсмийн адуу уяж хонодог байжээ.
4. Гэрийн үүд тахих ёсон. Цагааны энэ ёсыг одоо хүртэл зарим нутагт үйлддэг. Цагаан сарын шинийн 1..ний ѳглѳѳ, гэрийн баруун тотгоны дээд биенд цагаан чулуу, эсвэл цагаан хѳр цас тавин тогтоож, сайн юмс орж ирэхийг билэгддэг.
5. Гэрээ цагаалж чимэх. Цагаан сараа угтан гэр орноо цэвэрлэж, хир хур буртаганаас нь салган угааж цэвэрлэх нь монгол туургатны ёсон. Цагаан сараар аль л ѳѳдтэй ѳнгѳтэй гэсэн ширдэг, олбог, хивсээ дэвсдэг. Дээхни үедээ шинэ цагаан эсгий гарган дэвсдэг байжээ.
6. Зоогийн цагаан идээ бэлдэх ёсон. Гэрийн хойморт явган ширээ тавин, бяслаг хэвийн боовоор таваг засч, цагаан идээ арвин тавьж, ирсэн орсон гийчдэд амсуулдаг ёс бол эртний уламжлалтай юм.
7. Биеэ гоёх зан үйл. Монголчууд цагаан сараар цагаан бѳс торго, хурган, сэсүүргэн дээл ѳмсч гоён айл хунараар орохдоо цагаан морь хѳлѳглѳн дэгжирдэг байжээ.
8. Цагаан сэтгэлийн илэрхийлэл. Цагаан сараар муу юм ярьдаггүй ёс бий. Цагаан сэтгэлийн илэрхийлэл болгон, цагаан хурган нударгаа нэгэнтээ сэгсэрч сэтгэлээ илэрхийлэн золгодог байсан юм байна. Нударга зангидан юмуу шамлан золгодог монгол хүн гэж үгүй. Хожим нь хадаг барин золгодог болжээ. Золгосны дараа сэтгэлээ нээн үг солилцож, хаш гаанс, хѳѳрѳг дуу гарган зѳрүүлж, сэтгэлийн гүнд юм үлдсэн бол тайлж, бие биедээ найрсаг сайхан ерѳѳл хэлж харилцдаг сайхан ёс ѳнѳѳдрийг хүртэл түмний дунд уламжлагдан үлджээ.
9. Гар цайлгах ёсон. Цагаан сараар оймс цуглуулж бэлэг ѳгдѳг болсон нь сүүлд гарсан зүйл. Эртхэндээ бэлэг гэдэг ойлголт байсангүй, харин хүүхэд хѳгшчүүл, ирээгүй удсан айлчин гийчинд гар цайлгах гэх ёс байсан юм байна. Хошуу торгонд хэвийн боов, хавсай, бяслаг аарул цагаан идээ боож ѳгдѳг байжээ. Манжийн үед дээдэст 3 лангаас эхлүүлэн 50 лангийн хүртэл ембүү барин золгодог байсан юм билээ.
Ийнхүү, ЦАГААН САР гэсний учир нь цагаан үйл, урин цагийг хаврын тэргүүн сараар билэгдэе гэсэн утга болтой, зарим хүмүүсийн цас, цагаан идээтэй холбож тайлбарлаад байдаг нь бас л учир дутуу юм байна гэж. Бэлхнээ байгаа юмсын ѳнгѳ тѳрхийг хэлээгүй, монголчуудын сэтгэлээ ариун цагаан байлгая гэсэн эрмэлзлийн ухаан, ахан дүүсээрээ эвтэй эетэй оршие гэсэн ургийн ухаан, байгал дэлхий байгаа орчноо шүтэж амьдрая гэсэн аж тѳрѳхийн ухаан…гээд олон талтай монгол ухаанаар бүтээгдсэн, урсан ирж буй урин цагийг цагаанаар угтан золгохыг билэгдсэн монгол соёлийн гайхамшигт ѳв, уламжлалт ёс юм байна шүү гэдгийг л илтгэн хэлэх байна.
Цагаан сарын олдмол наалдмал гажуудал
Цагаан сарыг уламжлалт ёсноос нь гажуудуулсан олон хүчин зүйл, гажуудуулсан олдмол зан үйлүүд, энэ монгол эрхэм соёлд наалдаастай байдаг. Тэр болгоныг тоочих аргаггүй, хэлэлцүүлгэнд оролцсон хүмүүс тодорхой саналууд хэлчихсэн байгаа дээр би давхардуулаад хэрэггүй юм. Цагаан сарын уламжлалд нѳлѳѳлсѳн хүчин зүйлүүдийн уршиг дотроос үрэлгэн байдал газар авсан нь учир шалтгаан бий гэдэг дээр үг нэмэрлээд ярилцлагадаа орсуу!
Монголын эртний уламжлалаас аваад үзсэн ч эзэн Чингисийн хэлсэн үгнээс ургуулаад бодсон ч цагаан сар бол их л даруухан, сайхан цэнгүүнт ёс юм даа. Ялангуяа уур, шунал, мунхаглал тэргүүтнийг цээрлэн тэвчихийг урьтал болгодог байжээ.
Дээл хүндэдвэл ѳмссѳн хүндээ ачаа
Эмээл хүндэдвэл тохсон мориндоо дарги
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол
Янз хэтэрвээс ядуу доордост зүдгүүр гэж эртний эх сурвалжид заасан байдаг нь нэгийг хэлж, хоёрыг сануулна.
Цагаан сарын гажуудал нь 17 дугаар зуунд монголд шарын шашин хүчтэй нэвтрэн орж, нийгэм зоны амьдралын хэв маягийг тодорхойлох болсноор эхэлсэн нь маргаангүй. Цагаан сарыг шашны баяр болгосныг Занабазар гэгээнтэй холбон бичсэн судлаачид бий, үнэхээр тийм айлдвар лүндэн байдаг эсэхийг мэдэхгүй, олж хараагүй болохоор эх үндэс муутай барин тавин үгээр их хүний нэрэнд сэв суулгах магад тул хувьд хэлээд байх юм алга даа. Тэгээд ч тэр нэг их чухал биш, харин ѳнѳѳгийн бурхан шашныг авч яваа хүмүүс юу айлддагийг сонирхвол зүгээр ч юмуу. МБШ Тѳвийн тэргүүн хамба, жил бүрийн цагаан сарын ѳмнѳ ёс шиг элдвийн айлдвар намируулахдаа ЖИЛИЙН ѲНГѲ гэдэг үгийг хэзээ ч мартаж байсангүй. Идээ будаагаа хангалуун элбэг дэлбэг байлгавал ирэх жилийн ѳнгѳ сайхан байнаа л гээд аваад байдаг, үнэн хэрэгтээ ирэх жил яаж амьдрахыг цагаан сарын идээ будаа шийдэхгүй л дээ хэхэ. Цагаан сарыг ашиглаад янз хэтрүүлж жаахан давилуунтвал сүсэгтэн олон минь зүгээр шүү ч гээд байгаа юм шиг.
Цагаан сарыг цагаан биш болгох шахсан ѳѳр нэг томоохон гэмтэн гэвэл манжийн дарангуйлал гарцаагүй мѳн. ХООСОН ХОНОХГҮЙ ХОЁР ИДЭХГҮЙ гэх нь манжийн үед гарсан юм гэдэг. Ядуу монгол ардууд ѳлбѳрч үхчихгүй шиг ѳлмѳн зѳлмѳн байж алба гувчуураа л тушааж байдаа л гэсэн санаа. Нутгийн зулгуй баячууд манж ямбатан түшмэдүүдэд долдигнож алд хадган дээр ембүү барьж золгосоор дадал болгосон түүхийн үнэн бий.
Лений заасан зам гэгчид ард олныг хашсан МАХН, үзэл сурталд таарахгүй заваан баяр хэмээн цагаан сарыг ад үзэж ѳргѳн тэмдэглэхийг хориглон, НЭГДЭЛЧДИЙН БАЯР хэмээн нэр зүүж монгол сайхан ѳв соёлоо эгээтэй л түлхээд унагачихаагүй.
Социал эв хамтаар амьдрагч лүмпэн зэлмэн ардууд нь хѳгшчүүл дээрээ золгох нэрээр цаг цагт нэг, цагаан сараараа ахиухан цадаад авдаг байв.
Сүүлийн үеийн ойворгон, аархуу хүмүүс цагаан сарыг баярхах, хахууль барих талбар болгон ашгийн сонирхлоо гүйцэлдүүлдэг болоод бас ч багаггүй хугацаа ѳнгѳрч одов. Тавгийн боов, тавьсан ууц, тамхины хѳѳргѳѳр ѳрсѳлдѳж, энгийн хүмүүсийг хѳлдѳѳ чирдэг боллоо. Жилдээ ганц нэг удагийн гангараанд хэргэлэх хаш хѳѳрѳг хар зах дээр 120 сая тѳг байгаа ажээ. Хэн юу хэргэлэх нь хэнд хамаатай, гэлээ ч янз хэтэрсэн тал нь цагаан сарын уламжлалд л лавтайяа таарамжгүй гоёо юмаа гэж.
Янз хэтэрсэн цагаан сарын тухайд ѳѳрийн санааг энэхэн зуур хавчууллаа, одоо олон юу хэлэхийг сонордуулъя! ( үргэлжлэл бий)
И.Цэрэнхүү
miss.mn