Нарс гэдэг модоороо
> Наадмыг сийлсэн аав минь дээ…
>
> Даваажавын Жамсрандорж гэдэг шавилхан шар хүү хүрээний бага
> сургуулийг төгсөөд,эргээд сургуульдаа багшилж эхлэхдээ дөнгөж 16-хан
> настай байжээ.Энэ залуухан багш ардын хүүхдүүдэд А,Б зааж ,ажлын
> гараагаа эхэлсэн хэдий ч цаашид суралцаж ихийг мэдэх гэсэн хүсэл
> мөрөөдөл зүрх сэтгэлд нь бамбар мэт дүрэлзэж байжээ.
>
Залуу хүүгийн зүмбэрлэх их хүсэл тэмүүлэл түүнийг тэр үеийн ЗХУ руу
> хөтөлсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хүчир үе ч түүнийг
> айлгасангүй. Тэрээр Калининград хотод Цэргийн сургуулийн химийн
> ангид суралцаж эхэлсэн нь 1945 он.
> Дайн дажины хүнд үед монголоос ирсэн оюутнуудыг хамгаалах
> зорилгоор орос овог нэр өгдөг байж. Аав минь Давидов гэж нэрлэгдэн
> хоёр жил суралцаад 1947 онд нутагтаа буцаж иржээ.Дайны хүнд үед монгол
> хүүхдүүдийг олон жил сургах боломжгүй байсан байж мэдэх юм. Нутагтаа
> буцаж ирээд Хэнтии аймгийн цэргийн ангид захирагчаар дөрвөн жил
> ажиллажээ. Гэвч Улаанбаатар хотод амьдралынхаа ханьтай учирчээ.
> Хэнтийгээс хот руу байсхийгээд л давхидаг байсан нь хайр дурлалын
> эрч хүч ажгуу.
> Аавын минь учирсан хань,бидний хайртай ээж Рэнцэнгийн Сэр-Од бол
> тэр үедээ Санхүүгийн техникомын арван хурууны хурдан бичээчийн курс
> дүүргэсэн гунхсан цагаан хүүхэн байжээ.
>
> Ээжийн яриа: Аав чинь их сайхан хүн байсан юм шүү,залуудаа. Өтгөн
> халимагтай,тэвхэлзсэн шар залуу байж билээ. Би аавтай чинь
> танилцсаныхаа дараахан нэг хуудас дүүрэн шүлэг бичсэн. Тэгээд нэг удаа
> уншиж үзсэнээ ээж үзчих байх гээд ураад хаячихаж билээ.Их ичимхий
> байж дээ…
>
> Аав маань хотод сууршихаар шийдэж,Хэнтийгээсээ бүрмөсөн шилжиж
> ирсэн байна. Хоёр залуу нэгэн шинэ айл гэр үүсгэн анхны галаа
> асааж,анхны охиноо төрүүлжээ. Аав маань хоёрдох охиноо буюу намайг
> арай гараагүй байхад 1951 оны 9-р сард МУИС –ийн хими биологийн ангид
> суралцахаар орсон байна.
>
> Аавын яриа: Би Их сургуулийн хажуугаар явах болгондоо л,би энэ
> сургуульд заавал орж суралцана даа гэж боддог байсан. Тэгээд 27 тойдоо
> Хими биологийн ангид орсон доо…
>
> Ээжийн яриа: Нөхрийгөө Их сургуульд ороход би хоёрдохь охиноо
> төрүүлэх гээд төмпөн шиг гэдэстэй амьтан гэртээ сууж байлаа. Хэзээ
> Жамсрандорж сургуулиа төгсөж, хэзээ бид нар дээд мэргэжлийн өндөр
> цалинтай залгах бол доо? Таван жил гэдэг мөн ч их хугацаа даа гэж
> бодож байсансан…
>
> Гэтэл залуу хосод таван жил гэдэг нүд ирмэхийн зуур өнгөрчээ.Аав
> минь 1955 онд Их сургуулиа төгсмөгцөө Залуу байгальчдын станцыг
> үүсгэн байгуулалцаж анхных нь захирал болсон байна. Одоогийн “Орчлон”
> сургуулийн хойхно орших томоо хашаанд алим ,үхрийн нүд,сонгино сармис
> тарьж,нийслэлийн сургуулиудын хүүхдүүдэд газар шороо,байгаль эхтэйгээ
> зөв харьцах ухааныг сургасан дугуйлан ажиллуулдаг байлаа. Аав минь
> сурагчидтайгаа цуг алимын модоо усалж тортож,давжаа алим гэдгийг хувин
> саваар дүүрэн хураачихсан ажилчиддаа,хүүхдүүддээ хувааж суудаг
> байсан нь одоо ч нүдэнд тодхон харагдана. Сэлбэ голоос суваг татан
> байцаа,төмсөө услах шинэ арга сэдэж,Шаамараас алимын мод бөөн бөөнөөр
> нь авчирч суулгадаг байсан.Давжаа алимын нилээд хэдэн мод Улаан-Үдээс
> авчирсан нь сүүлдээ жилээс жилд олширсоор тэр том хашааны бараг нэг
> талыг эзэлдэг байсан санагдах юм.
>
> Зундуйн Оюунцэцэг: Манай аав Залуу байгальчдын станцын анхны
> нягтлан бодогч байсан юм. Танай аав чинь алимын модоо бараг л
> өөрийнхөө дээл хувцаснаас илүүчлэн бүтээж,хулдан ороож өвөлжүүлдэг
> байсан байхаа. Баахан л хучсан,бүтээсэн моднууд өвөлждөг байсан даа…
>
> Аав минь Залуу байгальчдын станцыг хөл дээр нь босголцож , “Хөдөө
> аж ахуйн үндэс” гэдэг анхныхаа номыг гаргаж байсан тэр цаг бол
> 1955-аас 1963 он билээ. Тэр үеийн Улсын Их хурлын дарга Ж.Самбуу
> гуайгаас “Засгийн газрын хүндэт жуух” бичиг гардан авч, 50 мянгатын
> гурван өрөөний түлхүүрийг атгачихаад эхнэр хүүхдүүдтэйгээ өргөө
> гэрийнхээ хаалгыг
> хөөр баяртай онгойлгож байсан сайн эцэг,олон сурагчидаараа
> хүрээлүүлсэн тэргүүний сэхээтэн байсан билээ. Тиймээс ч 1963 онд
> “Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан”болсон байна.
> Аав минь 1963 оноос нийслэлийн 12,4,45 –р сургуулиудад хими
> биологийн багшаар насныхаа тэтгэвэрт гартлаа ажилласан юм. Энэ
> хугацаанд хэдэн зуун шавьтай болсны дотор
> эрдэмтэн,сэхээтэн,сэтгүүлч,эмч,багш нар олон байдаг .
> Аав ээж хоёр минь тавиад жил ханилан суухдаа дөрвөн хүү,гурван
> охин төрүүлж өсгөсөн ач гучаа бүүвэйлсэн алдарт ээж,халамжит эцэг
> байсан билээ.
> Аав минь улсад 47 жил тасралтгүй ажлаад 1989 онд , ээж минь үр
> хүүхэд,ар гэрийн их ажлын хажуугаар нягтлан бодогчоор 40 гаруй жил
> ажиллаад , хоёулаа гавьяаныхаа амралтанд суусан билээ.
> Аав минь орос хэлтэй,бичгийн өндөр чадавхитай, үлгэр дуурайл болсон
> сайхан
> сэтгэлтэй ,хүүхдүүд бидэнтэй ч,шавь нартайгаа ч андын ёсоор үнэн
> үгээр санаа бодлоо илчлэн ярьдаг байсан сан.
> Ингээд аавынхаа бяцхан намтарыг аавыгаа дурсан санасан шүлгээр төгсгөе дөө.
>
>
> ААВАА ДУРСАХУЙ.
>
> Ачлалт аавыгаа санан дурсахад
> Алтан үзэг ч элэгдэх биз ээ.
> Ариухан үнэн сургаалийг нь гүйцээхэд
> Амь нас минь ч хүрэхгүй буйзаа.
>
> Үрс биднийгээ зөв яваасай гэхдээ
> Үүр шөнөөр зовж л сэрдэг байсан даа!
> Энэрэл ачийг нь хариулж чадаагүй бид
> Ийм л хэдхэн мөр хэлхэх юм даа.
>
> Амьдралд дийлдэж явнуу гээд зовнихдоо
> Амарч чадахгүй л байгаа даа, диваажиндаа.
> Бидний байж байгааг хараад, тэвчихгүй
> Би арай эрт явчихжээ гээд өмөлзөж суугаа даа!
>
> Ачлалт аавыгаа санан дурсахад
> Арван түмэн дэвтэр ч багадах биз ээ.
> Ариухан үнэн сургаалийг нь биелүүлэхэд
> Амь нас минь ч хүрэхгүй биз ээ!
> Аавдаа хайртай охин,
> Жамсрандоржийн Оюунцэцэг. 2013.02.02.