Бүсгүй чи энэ онд өөртөө ямар өөрчлөлт хийхээ аль хэдийн төлөвлөчихсөн байгаа байх. Тушаал дэвшинэ, үсээ тайрна, магадгүй хамраа өндөрсгөж, хөхөө томсгоно гээд л.
Тэгвэл хайрт чинь чамайг, харин ч эсрэгээрээ ажлаа бага хийж, өөрийгөө байгаагаар нь үзэсгэлэнтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсч байгаа гэдгийг чи мэдэх үү?
-2012 онд эхнэр минь намайг амьдралаа босгохын тулд чадлынхаа хирээр хичээж байгааг ойлгодог болоосой гэж хүсч байна. Нэг л өдөр баян болчихгүй, баян болохын тулд шат дарааллын дагуу хөгжиж дэвждэг амьдралын дүрмийг ухаараасай гэж хүсч байна. Учир нь миний эхнэр намайг одоогийнхоосоо илүү их орлоготой болооч гэж үргэлж загнадаг. /23 настай Г. Тулга/
-Намайг найзуудынхаа найз залуучуудтай битгий харьцуулаасай гэж хүсч байна. Учир нь би бол би. Тэд бол тэд шүү дээ. Хүн бүрийн зан араншин, өссөн орчин, хийдэг ажил өөр. Тиймээс намайг яг байгаагаар минь хайрладаг байгаасай л гэж… /25 настай С.Санчир/
-Би найз бүсгүйгээ надаар ямар нэг юм авахуулмаар байвал тэрийгээ шууд хэлчихэж байгаасай гэж хүсч байна. Намайг мөнгөтэй болмогцоо ихэнхийг нь дансанд аваачаад хийчихдэг болохоор их харамч гэж боддог юм шиг байна лээ. Би уг нь түүнтэйгээ тусдаа гарах гээд л, байрны мөнгө хураагаад байгаа нь тэр. Гэвч түүнийгээ гоё юм авахуулмаар байна гэвэл дуртай нь аргагүй авч өгнө. Би түүнийг аз жаргалтай байлгахыг л хүсдэг гэдгийг ойлгоосой. /24 настай Б.Тайванаа/
-Би жирэмсэн найз бүсгүйгээ жолоо барьж байхдаа утсаар ярьж, мессеж бичихээ, урд талынхаа толинд үсээ тольдохоо, кофе уухаа болиосой гэж хүсч байна. Өөрийгөө, амь насаа жаахан ч гэсэн хайрлаасай л гэж хүсч байна. /27 настай Жамъяан/
-Би эхнэрээ өөрөө өөртөө ачаалал нэмэхээ болихыг хүсч байна. Тэр хүнд үгүй гэж хэлж сураагүй зангаасаа болоод, надад ч анхаарал хандуулалгүй бусдын юмыг зохицуулах гэж гүйдэг. Заримдаа би түүнийгээ эмэгтэй хүнийхээ хэтэрхий уян зөөлөн зангаа орхиод эр хүн шиг хатуу, амиа хичээсэн байгаасай гэж хүсдэг шүү! /31 настай Н.Ялалт/
-Би найз бүсгүйгээ надтай тусдаа уулзах зав гаргаасай гэж хүсч байна. Тэр маань маш олон найзтай учраас бид хоёр үргэлж дөрвүүлээ, эсвэл зургуулаа болзоонд явах хэрэг гардаг. Харин би хааяа ч болов түүнтэйгээ хоёулахнаа баймаар санагдах юм. /21 настай М.Ангараг/
-Би эхнэрээ над шиг ажлаас өөрийг мэддэггүй мулгуу толгойг хүчлээд ч хамаагүй өөрийнхөө дэргэд байлгаасай гэж хааяа хүсэх юм. 2012 он миний бага ажиллаж, гэр бүлийхэндээ илүү их цагийг зарцуулах он болж өнгөрөөсэй. /35 настай О. Мэндбаяр/
-Би найз бүсгүйгээ уур нь үнэхээр хүрч байвал “Би чамайг ийм үйлдэл хийсэн учраас ууртай байна. Дахиж ийм явдал гаргавал би тэвчихгүй гэдгийг ойлгоорой” гээд л надад товч бөгөөд тодорхой хэлдэг байгаасай гэж хүсч байна. Яасан бэ гэж асуухаар яагаа ч үгүй гэж хариулаад, дуугаа хураачихдаг болохоор нь би үнэхээр уурлуулах юм хийсэн эсэхээ боддог ч үгүй орхичихдог. /24 настай Б.Цэнгэлжаргал/
-Найз бүсгүйн минь нүүрэн дээр нэг ширхэг батга гарсан байсан ч намайг тоохгүй гэдгийг тэр минь ойлгоосой. Тэр ч бас өөрийгөө миний нүдээр үзэсгэлэнтэй гэж хардаг болоосой. /20 настай Гантулга/
-Миний эхнэр хэтэрхий их ажилладаг болохоор өөртөө цаг зав гаргадаггүй. Хааяа ч болов түүнийгээ найз хүүхнүүдтэйгээ гадуур уулзаж, караокед орж, бүжиглэж, утга учиргүй дэлгүүр хэсээсэй гэж хүсдэг. /32 настай Өлзий/
Та хайртыгаа энэ онд ямар өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна вэ?
Эх сурвалж: Гоолингоо.мн