“Mercedes Benz Fashion week Tokyo” буюу дэлхийн таван топ загварын долоо хоногт Монголын загвар зохион бүтээгч бүсгүй өөрийн урласан коллекциороо оролцох гэж байна. Авьяаслаг энэ бүсгүйг Э.Ариунаа гэх бөгөөд Германы урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн хүн.
Тэрбээр “Ariunaa Suri” дизайнер брэндийг үндэслэгч. Э.Ариунаа “Zero” брэндийн туслах загвар зохион бүгээгч, Германы нэрт зохион бүтээгч “Evelin brand” fashion компанид креатив загвар зохион бүтээгч, “Говь” ХК-д мөн л креатив загвар зохион бүгээгчээр ажиллаж байсан юм билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-“Мерседес Бенз”-ийн загварын долоо хоног жилд хоёр удаа дэлхийн загварын төв болсон хотуудад болдог уламжлалтай. Нью-Йорк, Парис, Милан, Лондон, Токио хотод болдог энэ алдартай шоунд монгол дизайнер оролцож байсан удаагүй. Тэгэхээр энэ шоунд оролцоно гэдэг таны хувьд нэр төрийн хэрэг. Ер нь яаж энэ шоунд оролцох эрхээ авсан талаар эхлээд сонирхуулаач?
-Миний хувьд гадаадын ямар нэгэн загварын долоо хоногт оролцоно гэж төлөвлөөд есдүгээр сараас эхлэн загваруудаа гаргаад явж байсан. Гэхдээ яг “Mercedes Benz Fashion week Tokyo” шоунд оролцоно гэж бодоогүй. Нэгэнт Загваруудаа гаргачихсан байсан болохоор энэ шоунд ч гэсэн оролцоод үзье гэж бодоод бөглөх ёстой бүх анкетуудыг нь бөглөж явуулсан юм.
Гэтэл тэндээс их сайхан хариу ирсэн. Үнэндээ энэ хариу бидэнд гэнэтийн баяр болсон. Яагаад гэхээр ийм том шоунд эхний оролдлогоороо оролцох боломж тун ховор. Тийм ч учраас эхний шалгаруулалтаараа энэ шоунд оролцох болсондоо гайхсан хэрэг.
Өөрөөр хэлбэл эхний нэг хоёр жилдээ бүтээлээ явуулж л байя магадгүй гурав дахь жилээс нь шалгарчих ч юм билүү гэж бодсон юм л даа Ер нь эхний шалгаруулалтаараа Мерседес бензэд шалгарна гэдэг их том амжилт. Загварын долоо хоногийн хүрээнд зохиогдож байгаа өөр зөндөө л шоу байгаа ш дээ. Тэдний нэгэнд л оролцоно гэж бодож байсан.
-Мерседес бенз шоуны онцлог нь юу вэ? Бусад шоунаас юугаараа ялгаатай вэ?
-Загварын долоо хоногийн хүрээнд болдог хамгийн том шоу нь. Гоёмсог машин, гоё хувцаслалт хоёр тухайн хүний гарын үсэг болдог юм байна л даа. Тийм учраас мерседес бензийнхэн энэ шоуг 10-аад жилийн өмнөөс уламжлал болгон зохион байгуулдаг болсон юм билээ.
Загвар зохион бүтзэгчдийн бас тухайн брэндийн бизнесийн үйл ажиллагааг дэмждэг томоохон арга хэмжээ болж хувирсан учраас өнөөг хүртэл амжилттай зохион байгуулагдаж байгаа. Нэг ёсондоо урлагийн маш гоё ертөнцөд мерседес бензийн бизнес хийгддэгээрээ энэ шоу онцлогтой.
-Энэ шоунд хэдэн орны загвар зохион бүтээгч оролцох вэ?
-Японд болж байгаа загварын долоо хоног учраас мэдээж Азийн загвар зохион бүтээгчид илүүтэй оролцох болов уу. Миний сонссоноор Голланд, Белги зэрэг улсаас нэлээд сайн сайн загвар зохион бүтээгчид ирж байгаа гэсэн. Ер нь энэ шоунд жил бүр оролцдог хэд хэдэн дизайнер бий. Анзаарч байхад жилд нэг хоёр л шинэ загвар зохион бүгээгч нэмэгдсэн байдаг.
Энэ удаад манайх шинээр нэмэгдсэн улс нь болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ сарын 17-23-ны хооронд Токио хотноо болох энэ шоунд манай улс анх удаа оролцох гэж байна. Ямартаа ч энэ жил уг шоунд оролцох болзлыг нь хангаад тэр мундагуудтай нэг эгнээд орчихлоо. Мэдээж цаашдаа Мерседес бензийн тайзан дээр үлдэх нь чухал.
-Энэ шоунд загвар өмсөгчдөө авч явна гэсэн үү?
-Тиймээ. Найман загвар өмсөгч сонгон шалгаруулж авсан. 15-19 насны охид. Угаасаа энэ шоунд оролцож байгаа загвар өмсөгчид ихэвчлэн ийм насныхан байдаг. Яагаад гэвэл энэ насныхан юмыг илүү гоё, шинэлэг харагдуулж чаддаг. Бас өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг.
Би томоохон сэтгүүлүүд дээр гараасай томоохон гэрэл зурагчдын хараанд өртөөсэй гэсэн үүднээс өвөрмөц царай төрхтэй охидыг шалгаруулсан. Мэдээж өвөрмөц төрхтэйн дээр жигд сайхан бие, тайзан дээр хэрхэн алхаж байна гэдгийг нь харгалзсан.
-Өөрийнхөө загварын онцлогийг сонирхуулаач. Өвөл, намрын өдөр тутмын хувцсаар оролцоно гэсэн үү?
-Тиймээ. 2013,2014 оны намар өвлийн 40 орчим их бүрэн загварын нийт 170 гаруй загвараар оролцоно. Мөн дөрөв хоног загварын үзэсгэлэнд оролцож бүтээлүүдээ танилцуулна. Онцлог нь гэх юм бол анх удаа энэ шоунд оролцож байгаа гэдэг утгаараа монгол хэв маягийг оруулахыг хичээсэн.
Өөрөөр хэлбэл европ стандартын өдөр тутмын хувцасны загварын чиг хандлага дээр монгол маягийн жижиг деталл шигтгэсэн загвараар оролцоно. Сүлжмэл, нэхмэл, савхи гээд л материалын хувьд олон төрөл байна.
-Монгол загвар зохион бүтээгчийн монгол загварын цаана монгол аялгуу эгшиглэнэ гэж сонссон?
-Мэдээж загвар өмсөгчдөө тайзан дээр гарч ирж миний загварыг амилуулахад би ямар нэгэн ая сонгох нь гарцаагүй. Харин энэ аялгуу чухам ямар байх вэ гэдэг нь чухал. Гадаадын аль нэг аялгууг сонгочихож болох л байсан. Гэхдээ би тэгээгүй.
Тэгээд Bro’s records студийнхэн “Ертөнц” хэмээх цомог гаргасан гэж сонсоод тэдэнд хандсан л даа Гэхдээ энэ аялгуугаа тайзны алхаанд таарахаар болгож өгөөчээ гэсэн хүсэлт тавьсан. Тэд энэ саналыг минь маш сайхан хүлээн авч MMJ Үүрээ гэж залуутай хамтран маш сайхан аялгуу урлаж өгсөн. Тэгэхээр Bro’s records аялгуу албан ёсны эрхтэйгээр миний коллекцийн цаана эгшиглэх болно.
-Өөрийнхөө загварыг хэр олон хүний хараанд өртөнө гэж бодож байна. Загварын ертөнцөд олон жил амьдарчихсан акулууд хэн ямар юм хийж ирж вэ гээд л ажиглаад сууж байгаа байхдаа?
-Тэгэлгүй яахав. Хүн бүрт өөрийн гэсэн чанарууд байдаг. Загвар зохион бүтээгчид чинь нэг нэгээсээ ялгаатай ш дээ. Миний хувьд өөрийнхөө онцлог чанрыг харуулсан загвараа урлаад очно. Харин түүнийг минь зуун зуун жил өвлөгдөөд ирчихсэн fashion салбарын шүүмжлэгчид олж харж энэ хүн бусдаас үүгээрээ онцлог юм байна гэдгийг нь тодорхойлж хэлнэ.
Үүгээрээ илүү юм байна гэдгийг олж харсан тэр гярхай нүд л миний загварыг шүүмжилж хэлэх байх. Энэ удаад бол өдөр тутмын загвараар оролцож байгаа. Цаашдаа урлагийн бүтээлийн чанартай загваруудаар оролцохыг бодно. Гэхдээ энэ нь нэлээд цаг шаарддаг төрөл.
-Дэлхий дахинд Монголын үндэсний хувцас ихээхэн шуугиан тарьдаг. Гэхдээ та өдөр тутмын хувцсаар оролцох гэж байна. Ер нь өөрийнхөө загварт хэр сэтгэл хангалуун байна, шуугиан тарьж чадах уу?
-Өдөр тутмын энгийн загваруудаар оролцоно гэдгээ дахин хэлье. Та бүхэн надаас битгий тийм их юм хүсээрэй. Миний загварууд гэрэл чимэг болсон гял цял хувцаснууд биш шүү. Бид бүхэн ажилдаа өдөр тутам өмсдөг тийм л хувцсыг урлаж түүндээ монгол дизайнерын хувцас гэдгийг нэг жижигхэн деталлаар харуулсан байгаа. Ер нь бол мэдрэмжтэй “хараатай” хүмүүс энэ чинь ийм юм байна, эсгүүр нь ийм юм, ер нь арай өөр юм байна шүү гэж анзаарч харна.
-Монголчуудын өдөр тутмын хувцас бол европоос гаралтай. Үнэндээ европ хувцсаар оролцож байснаас үндэснийхээ хувцсаар оролцсон бол амжилт дагуулах магадлал нь илүү юм биш үү?
-Европ хувцас энэ монгол хувцас гэж салгахын бодоогүй. Тиймдээ ч европ хувцас дээр монголынхоо деталлаас оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл миний энэ коллекцид өрнө дорнын хувцасны хэв маягийн аль аль нь шингээстэй байгаа. Тиймдээ ч энэ коллекцио “Хооронд оршигч” гэж нэрлэсэн.
Х.Алтанцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”