Монгол Улс энэ жил тив, дэлхийн хэмжээний 5-6 тэмцээн хүлээж авах нь тодорхой болоод байгаа билээ.
Тэгвэл эдгээрийн хамгийн эхнийх, бас хамгийн том нь гэж хэлж болох эмэгтэй чөлөөт бөхчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Буянт ухаа дахь спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиогдлоо.
ОХУ, Азербайжанаас бусад нь ирэв
“Дэлхийн цом”-ын тэмцээнд өмнөх жилийн ДАШТ, олимпийн наадамд амжилттай оролцож эхний найман байр эзэлсэн баг урилгаар оролцдог уламжлалтай. Энэ ёсоор Лондоны олимпод өндөр амжилт үзүүлсэн Япон, БНХАУ, Энэтхэг, Монгол, АНУ, Канадын бөхчүүд хүрэлцэн иржээ.
Мөн дэлхийн шилдэг багуудын нэг Шведийн баг Лондонд амжилтгүй барилдсанаа уршгаар Монголд ирж чадсангүй. Тивээр нь авч үзвэл “Дэлхийн цом-2013”-т ази тивийн тав /Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Монгол/, Хойд Америкийн хоёр /АНУ, Канад/, Европын нэг /Беларусь/ баг хүрэлцэн иржээ.
Бөхийн спорт өндөр хөгжсөн Европоос ганцхан баг ирсэн нь жаахан тиймхэн ч олимпийн шинэ цикл эхэлж байгаа гэхэд олимпийн наадамд шалгаран оролцсон зургаа, олимпийн медальт хоёр, дэлхийн аварга цолтон гурав, ДАШТ-ний медальт 10, залуучуудын дэлхийн аварга дөрөв, өсвөрийн дэлхийн аварга нэг, оюутны дэлхийн ес, тив, тивийн наадмын аварга 11 бөх Монголын дэвжээн дээр хүч үзлээ.
Олимпийн төлөө…
Нээлтийн ажиллагаа урьд өмнөх тэмцээнүүдийн адил үндэсний хэв шинжийг агуулсан зохиомжтой болсон байсан. Онцлог нь гэвэл үг хэлсэн бүх эрхмүүд олимпийн хөтөлбөрөөс хассаныг эсэргүүцэж, эргэн нэгдэх талаар ажиллахаа амалж байсан.
ЗБХ-ны дарга, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл жендерт ач холбогдол өгч, “Эмэгтэй бөхчүүдийн тэмцээнийг эмэгтэйчүүдийн баярын өмнө хүлээж авч, бэлэг барьсандаа УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүний хувьд баяртай байгаа”-гаа илэрхийлсэн бол, МЧБХ-ны Ерөнхийлөгч Л.Чинбат “Дэлхийн цомыг амжилттай зохион байгуулах нь ДАШТ-ийг зохион байгуулах эрх авах зүгт хийсэн чухал алхам болно” хэмээн амбийцаа илэрхийлсэн.
МЧБХ-ны ажил урагштай яваа, Дэлхийн цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан болохоор бид удахгүй ДАШТ-ийг эх орондоо хүлээж авах биз ээ. Иранд болсон эрэгтэй багуудын “Дэлхийн цом”-ын тэмцээний үеэр дэлхийн шилдэг бөхчүүд ОУОХ-нд эсэргүүцэл үзүүлсэн. Тэгвэл Улаанбаатарт ч энэ хөдөлгөөн үргэлжиллээ. Таван цагариг, “Бөхийг олимпийн төрлөөс битгий хасаач” гэсэн утга бүхий уриа, ирээдүй нь бүрхэг болсонд уйлан харамсаж буй эхлэн хичээллэгч бяцхан жаалуудыг хараад үзэгчдийн самсаа шархирсан.
О.Бурмаа, Б.Одончимэг эхний өдрийн баатар…
Эхний өдөр хэсгийн барилдаан болоход манайхан учраа бүрээ ялсаар аваргын төлөө барилдах эрхээ авсан. Манай баг бүрэлдэхүүндээ олимпийн мнөгөн медальт, дэлхийн аварга бөхчүүдийг багтаасан Канадын багийг 4:3-аар, Энэтхэгийг 5:2-оор, Японы багийг 4:3-аар тус тус ялж, “А” хэсгээс нэгээр шалгарсан юм. Канадын багт 0:2-оор хожигдож явах үед өрсөлдөгчөө цэвэр даран итгэл найдвар бэлэглэсэн С.Бямбацэрэн, Канадад 1:3, Японд 0:3-аар хожигдож явах эгзэгтэй мөчид нэг ч ялагдалгүй ачааны хүндийг үүрсэн МУГТ О.Бурмаа, Б.Одончимэг, С.Батцэцэг, О.Насанбурмаа нар болсон.
Мөнгөн медалийн төлөө барилдаанд 3:3 болж тэнцээд байх үед өрсөлдөгч Хирое Сузукитай барилдахдаа нэгдүгээр үед хөлдөө алдан нэг оноо алдсан ч шийдвэрлэх үед шийдсэн мэх хийж баруун гарыг нь сугадан үүрч 2:1, хоёрдугаар үед ард нь гарч шидэн бүхэл дөрвөн оноо авч 4:1 онооны харьцаагаар хожсон Б.Одончимэгийн гавьяаг онцлох ёстой. Аваргын төлөө барилдаанд манайхан БНХАУ-ын багт 4:3-аар хожигдож мөнгөн медаль дээр буусан юм. Энэ бол манай бөхчүүдийн Дэлдхийн цомын тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.
Хүчээр биш ухаанаар ялагдлаа
Аваргын төлөө манай бөхчүүд сүүлийн таван жил дараалан түрүүлээд буй БНХАУ-ын багтай барилдсан. Ц.Энхжаргал, Т.Мөнхтуяа, О.Насанбурмаа нар ялагдаж, Э.Даваачимэг, С.Бямбацэрэн, С.Батцэцэг ялсан шийдвэрлэх үед Б.Одончимэг барилдсан. Гэвч тэрбээр дүрмээ сайн судлаагүйн гайгаар ялагдал хүлээж, алтан медалиа алдсан юм. Эхний үед оноогоор ялагдсан манай бөх хоёрдугаар үед өрсөлдөгчөө торгуулж, нэг оноо алдсан. Энэ хэвээрээ цаг дуусахад манай бөх хожих байв. Гэвч тэрбээр хожигдоно гэж бодсон бололтой шийдсэн мэх хийж яваад ялалтаа тавиад өгчихсөн юм.
Манай шигшээ багт сургалт дутуу байгааг энэ барилдаан тод харууллаа. А.Энхээ гавьяат үзэгчдийг будилуулав “Дэлхийн цом 2013”-ыг “Монгол” телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулсан билээ. Манай телевизүүд өмнө нь “Чингис хаан” дэлхийн цом зэрэг тэмцээнүүдийг шууд дамжуулдаг байсан ч үндэсний биш олон улсад шууд дамжуулсан, техник технологийн хүчин чадлыг дээд зэргээр харуулсан гэдгээрээ ялгарч чадсан. Гэвч тайлбар хийж суусан н.Ганболд, МУГТ А.Энхээ нар хоёрдугаар тойрог өндөрлөсний дараа “За маргааш өглөө Монгол-Японы багуудын гал гарсан сайхан барилдаанаар уулзья” гэж хэлээд үзэгчдийг будилуулсан нь тоогүй. Тэднийг ингэж хэлсний дараа сурталчилгаа явж эхэлсэн бөгөөд маргаашийг тэсэн ядан хүлээсээр сувгаа сольсон гэнэ. Бүсгүйчүүд нь дэлхийн шилдэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Японы багийг хэрхэн ялахыг харж чадаагүй үзэгчид “Тайлбарлагчид хэрэггүй л итгэлээ” хэмээн бухимдаж байхтай олон таарлаа. Спорт сонирхогчдоос сэтгэл дэнслүүлсэн торгон мэдрэмж, сэтгэлийн таашаал эдлэх боломжийг нь тайлбарлагч нар ийнхүү булаасан нь тоогүй.
Нээлтийн ёслолын үеэр туг баригч бүсгүй ухаан алдаж унав
Нээлтийн ёслолд баг тамирчдын тугийг барьж жагсах охидын хувцсыг сонгохдоо ЗБХ хайнга ханджээ. Богино цамц, жинсэн өмдөөр ижилссэн нь ямар ч сүргүй, ёслол төгөлдөр бус харагдаж байв. Тэгээд ч зогсохгүй, ёслолын ажиллагаа ид үргэлжилж байх үеэр Канадын тугийг барьж жагссан охин ухаан алдан унаж зохион байгуулагчдыг багагүй сандаргасан юм.
“Mongolia open 2012” тэмцээний үеэр БНХАУ-ын нэгэн бөх ухаан алдсан тохиолдол гарч байсан. Шинэ ордны агааржуулалт муу байгаа гэдгийг харуулсан нэг үзүүлэлт болов уу. Тийм ч халуун биш хэрнээ бүгчимдээд байх бололтой юм билээ. Бөх сонирхогчдод баяр хөөр, харуусал гунигийн аль алиныг өгсөн “Дэлхийн цом 2013” ийнхүү амжилттай болж өндөрлөсөн юм.
Дэлхийн цомын дүн
1.БНХАУ
2.Монгол
3.Япон
4.АНУ
Х.Батсайхан