2013 оны насанд хүрэгчдийн ширээний теннисний улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй тамирчдын ганцаарчилсан төрөлд спортын мастер Б.Энхжин анх удаагаа аваргаар тодорсон бол эрэгтэйчүүдийн төрөлд спортын мастер Э.Лхагвасүрэн тэргүүлж, улсын хошой аваргаар шалгарлаа.
Тус тэмцээнийг Монголын ширээний теннисний холбоо Богд хааны ордон музейтэй хамтран “Соёл ба спорт” нэрийн дор энэ сарын 15-17-нд “Оч” ширээний теннисний клубт зохион байгууллаа. Энэхүү 47 дахь удаагийн УАШТ-д 24 байгууллагын 180 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос, холимог хосын төрлүүдэд өрсөлдлөө. Тэмцээнд ОУХМ цолтой С.Галбадрах, О.Бадамцоо, Т.Энхтөр, Л.Алтантулга, Б.Батхишиг нарын шилдэг тамирчид болон Дорнод, Дундговь, Ховд, Баянхонгор, Орхон, Дарханаас баг тамирчид оролцов. Ирэх тавдугаар сард Парис хотод болох ширээний теннисний ганцаарчилсан төрлийн ДАШТ болно. Тус тэмцээнээр шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалтын сүүлийн сонголт болж байгаагаараа онцлог юм. Тэмцээний үеэр Төрийн шагналт, түүхч, доктор О.Батсайхан “Монголын Богдууд” сэдвээр түүх, соёл, танин мэдэхүйн илтгэлийг тавьсан юм.
Эрэгтэй хосын төрөлд 40 хос ур чадвараа сорьж алтан медалийг спортын дэд мастер Б.Билэгт, спортын дэд мастер Д.Баатарсүрэн (Бридж) нарын хос хүртлээ. Эмэгтэй хосын төрөлд 20 хос өрсөлдсөнөөс ОУХМ Б.Батхишиг, ОУХМ О.Бадамцоо (Бридж) алтан медалийн эзэд болов.
Холимог хосын төрөлд (42 хос) ОУХМ Л.Алтантулга, спортын мастер Б.Эрдэнэсувд (Хасу Мегават) нар тэргүүллээ.
Байгууллагын дүнгээр “Хасу мегават” старс тэргүүлж, Бридж, SKF, Тэвхэн (Улаанбаатар), Эрдэнэт, Баянхонгорын багууд удаалав.
Д.Өлзий montsame