Дэлхийн кино урлагийн бүдгэрэшгүй од, гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг Мерлин Монрогийн амжилт одоог хүртэл охид бүсгүйчүүдийн хүсэж мөрөөддөг зүйлийнх нь нэг болж үлдсэн билээ
Мерлин Монро нэрээр дэлхий дахинаа нэрд гарсан түүний жинхэнэ нэрийг Норма Жин Бейкер гэдэг. Норма 1926 оны долоодугаар сарын нэгэнд Лос-Анжелес хотод төрж, хүүхэд ахуйдаа асрамжийн газар өсч хүмүүжсэн ажээ. Тэрээр айлын гурав дахь охин бөгөөд эцгийгээ ганц ч удаа хараагүй, эх нь тийм ч нийтэд дэлгээд байхаар амьдралтай нэгэн байгаагүй юм. Норма 16 настайдаа далайчин Жим Доэртитэй гэрлэсэн нь түүнд учир утгагүй хэрмэл амьдралаас гарах боломж олгожээ.
Голливудын гэрэл зурагчин Дэвид Коновер Америк цэргүүдийн сэтгэл санааг өргөж дэмжиж байдаг ар талын бүсгүйчүүдийн зургийг буулгаж байхдаа Нормагийн зургийг дарж, түүний зураг сонинд анх удаа гарсан нь од олох замыг нь нээж өгсөн гэж хэлж болно. Зурагчны зөвлөснөөр Норма гадаад байдлаа өөрчилж, хүрэн үсээ шараар будуулж, жүжигчний ур чадварын хичээл заалгаж байлаа. Норма энэ үед жүжигчин болохыг маш ихээр мөрөөдөж, Голливудад орохсон гэж маш ихээр хүсч байлаа. 1946 онд түүний мөрөөдөл биелж, “XX зуун фокс” студитэй гэрээг байгуулан, Мерлин Монро гэсэн нууц нэрээр кинонд тоглох болжээ.
Америкийн киноны нэрт мастер Жон Хьюстоны “Барагшингийн билүү шугуй” хэмээх кинонд дүр бүтээж, үзэгчид түүнийг мэддэг болов. “Берд Евагийн тухай”, “Ниагара” , “Автобусны зогсоол”, ” Жентельмэнүүд шаргал үст хүүхнүүдэд дуртай”, “Зөвхөн бүсгүйчүүдийн жаз” зэрэг кинонуудад тоглосон нь түүний амжилтыг бататган кино од болгосон юм. Мерлин Монрогийн энэ их амжилт, гоо үзэсгэлэнг олны хэл ам байнга дагаж, хувийн амьдралынх нь нарийн ширийн зүйлс хэвлэл алгасалгүй бичигдэх болжээ.
Мерлин Монрогийн нууцлаг үхэл үй түмэн асуултаар дүүрэн үлдэж, түүнийг ихэд алдаршуулсан гэж хэлж болно. Монрогийн түүх бол үнсгэлжингийн жинхэнэ биелэл болсон америк гүнжийн түүх юм.
ХУЛАНГОО