Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын нууц данс илэрсэн тухай мэдээлэл цацагдаад байсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл анх Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын (ICIJ) вэб хуудаснаа тавигдсанаар олонд ил болсон юм. Ингээд уг нийтлэлийг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэе… Монголын өндөр албан тушаал хашдаг улстөрчдийн нэг Швейцарийн банкинд нууц данстай нь илэрсэн тул албан тушаалаасаа огцрох магадлалтай болоод байна. “Би энэ дансыг нээх ёсгүй байсан юм” хэмээн Монголын УИХ-ын дэд дарга Сангажавын Баярцогт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум дээр хэлсэн байна. “Би өөрийнхөө нэр төрийн төлөө санаа зовж буй зүйл алга. Харин гэр бүлийнхээ төлөө санаа зовинож байна” хэмээн түүний нууц эзэмшлийг илрүүлсэн талаар асуухад тэрээр хэлжээ. “Одоо би албан тушаалаасаа огцрох талаар бодолхийлсэн нь дээр байх” хэмээн тэрээр мөн нэмж хэлсэн байна. Швейцарийн банкинд 1 сая гаруй ам.долларын хадгаламжтай Баярцогт 2008 оны есдүгээр сард улсынхаа Сангийн сайдаар томилогдсноос хойш 2012 оны наймдугаар сард Засгийн газар өөрчлөгдөх хүртэл ажилласан юм. Энэ хугацаанд тэрээр олон улсын олон уулзалт, хэлэлцээрт оролцож, Азийн хөгжлийн банк болон Европын банкинд хандаж, ядуу буурай орондоо гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт оруулах зорилготойгоор ажиллаж байж. Мөн тэрээр дэлхийн хамгийн цөөн хүн амтай улсуудын нэгд багтдаг эх орондоо гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагчдыг татах тал дээр санаачлагатай ажиллажээ. Тэрээр Legend Plus Capital Limited хэмээх компанийг 2008 оны тавдугаар сард Их Британд байгуулан, бүртгүүлээд түүнийгээ Швейцарийн банкинд компаний-хаа нэрээр мөнгө хадгалуулахад ашиглаж байжээ. Баярцогт банк дахь бүх мөнгийг зөвхөн өөрийнх нь биш гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэхүү дансыг олон улсын хувьцааны зах зээл дээр ашиглах зорилготой байснаа дурьджээ. Түүний хэлж буйгаар бол банк дахь мөнгөнийхөө 200 мянган ам.долларыг нь гэр бүлийнхээ газар тариалангийн бизнесээс олсон ажээ. Харин үлдсэн 800 мянган ам.долларыг “найз бизнесмэнүүд”-ийнхээ мөнгө гэжээ. “Найз нар минь надад “Чи нэмэлт орлоготой юм чинь яагаад данс нээж болохгүй гэж” хэлсэн юм. Бидний эхний зорилго 1 сая гаруй ам.доллартай болох байлаа” гэж тэрээр ярьсан байна. “Хэдийгээр эрсдэлтэй бизнес ч бид оролдоод үзэхээр шийдсэн юм. Гадаадын банкны телөөлөгчид Монголд ирж, биднийг гадаадад хөрөнгө оруулахыг урьсан. Би энэ дансыг нээх ёсгүй байсан юм” хэмээн Баярцогт өгүүлж байна. Тэрээр Монголын өндөр албан тушаалтай улстөрчийн хувьд нууц компани, нууц дансаа зарлаагүйгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн энэхүү нууц компаниа татвараас зайлсхийх зорилгоор ашиглаагүй гэсэн байна. Учир нь юу ч үйлдвэрлэдэггүй, орлого олдоггүй тул татвар төлөх ч учиргүй байсан гэнэ. “Би энэ компаниа хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ тусгаж өгөх ёстой байсан. Бид татварын асуудлын талаар огт бодоогүй. Одоо би энэ дансыг хаах болно” гэж тэр хэлжээ. Баярцогт Монголд гадаадын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт хийхэд голчлох үүргийг гүйцэтгэсэн. Тэрээр Австрали, Их Британид байрладаг уул уурхайн Rio Tinto компанийг Монголд хөрөнгө оруулуулахын тулд 2011 онд татварын хууль болон бас бус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хичээж байсан юм. Хэдийгээр түүний улстөрийн албан тушаал нууц компанитай нь хамааралгүй мэт боловч Швейцарийн банк дахь данс болон Их Британд бүртгүүлсэн компани нь сайдын албан тушаалд тухласан он жилүүдэд нь нууц хэвээр байсаар иржээ.
Тэд түүний тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Баярцогт гишүүнд тохиолдсон хэргийг татвараас зугтсан хэрэг гэж хэлэхэд эрт байна. Гадны хэвлэлүүд дансанд нь нэг сая ам.доллар байгаа гэсэн. Харин УИХ-ын дэд дарга өерөө гурван сая төгрөг л байгаа гэж мэдэгдсэн байна лээ. Эхлээд энэ хадгаламжийн зөрүүний асуудлыг шалгаж, шийдвэрлэх байх. Тиймээс байдлыг ажиглаж байж дүгнэлт хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Г.Уянга: С.Баярцогтоос зөвхөн албан тушаалыг аваад орхих ёсгүй. Оюутолгойн талаар бидний тэмцэл үнэнд гүйцэгдэж байна. Утасны үзүүр хөвөрч эхэллээ… Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг: Ямартаа ч алдаа гаргасан юм байна. Одоо өөрийг нь сонсоод, ажил амьдралаа цааш нь авч явах хэрэгтэй. Муу эр дайнд хөөрнө. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат Монгол Улсын Сангийн сайд хүн том гэрээ зурж байх үедээ гадаадад нууц данс нээсэн нь нэг хүний жижиг асуудал биш. Бид их санаа зовох мэдээ. С.Баярцогтын муу сайныг ярилцах ямар ч сонирхол алга. Монголын төр, Монгол Улс ямар их хэврэг байгааг харж санаа зовж байна. Монгол Улсын сайд хүн авлига авсан бол зөвхөн тэр хүний хэрэг огт биш. Үүнийг хэн хийж байна, ямар зорилготой зэрэг нь бүр том асуудал. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Баавгай хөөж буй анчин туулайны мөр хараад зогсдоггүй. С.Баярцогт оо, туулай яах вэ, Оюутолгойгоос Монгол хожих нь чухал. Эдийн засагч Н.Дашзэвэг: С.Баярцогт УИХ дээр нэг сая ам.доллараар мөрийцөх үү гэсэн байдаг. Түүнд нэг сая ам. доллар бол бөгс арчих цаас төдий зүйл.
ЭХ СУРВАЛЖ: ХӨХ ТОЛБО |