Хуучин найз залуу Жейк Гилленхалаасаа салаад багагүй хугацаа өнгөрсөн ч каунтри дуучин Тэйлор Свифт шархалсан зүрх сэтгэлийн тухай дуу зохиож цомогтоо оруулна хэмээн зарласан. Тэгвэл одоо шинэхэн болзоот залуудаа бас дуу зохиох хэрэг гарч магадгүй болоод байна. Харин 22 настай дуучин бүсгүй холливудын царайлаг, залуу жүжигчин Зак Эфронтой Лос-Анжелес дахь нэгэн Итали зоогийн газарт оройн зоог барьжээ. Эфроны машинаар хамтдаа зоогийн газарт ирсэн хосууд их л халуун дотноор ярилцаж, инээлдэж байсныг харсан эх сурвалжууд Us Weekly сэтгүүлд ярьсан юм. Мөн энэ долоо хоногийн эхээр Тэйлор, Зак хоёр Жастин Биберийн хамт зоог барьсан билээ.
Тэдний хамтдаа халуун дотно байгааг харахад нэг их гайхах зүйлгүй биз ээ. Учир нь 2010 оны 12 дугаар сард найз охин Ванесса Хадженсаасаа салсан Зак Эфрон Свифтийг “хайр булаам, үзэсгэлэнтэй охин” хэмээн хэлж байсан удаатай. Мөн л тэр үед найз залуу Жейк Гилленхалаас салсан Свифт харин Закийг “Бүх шинжитйг өөртөө багтаасан гайхалтай залуу” хэмээн магтаж байжээ. Ойр ойрхон хамт явж харагдах болсон Зак, Тэйлор хоёрын зүгээс өөрсдийн харилцааныхаа талаар мэдэгдсэн зүйл байхгүй ч Закийн нэгэн танил тэднийг удаан хугацааны турш найзууд байсан хэмээн хэлж байгаа юм. Гэхдээ цаг хугацаа энэ эргэлзээний үнэн учрыг харуулах биз.
Бэлтгэсэн: Б.Бурмаа