Монголын хамтлаг дуучдаас гэр хороололд амьдарч байсан гэдгээ ВХ, Gee хоёр л нуухгүй байна. Ус зөөж, түлээ хагалж, хашаа хороо цэвэрлэж хар бор ажил хийж өссөн энэ залуус өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрч, “хүн хаана төрсөн нь чухал биш, хүсэл мөрөөдөл, авьяастай бол амжилтанд хүрч болдог” гэдгийг үе тэнгийнхэндээ өөрийн биеэр харуулж чадаж байгаа.
Удахгүй хоёр дахь бие даасан тоглолтоо төрсөн өдөртэйгээ давхцуулан хийх гэж байгаа ВХ-ийн бага нас гэр хороололд өнгөрчээ. Баянбүрдийн тойргийн хойно, Дэнжийн мянгын гэгдэх цагаан байрнууд дунд тэрээр тоглож өсчээ. Хашаа давж, тэвэг өшиглөж, чулуугаар байлдаж өссөн ч “дуучин болно” гэсэн мөрөөдлөө гээгээгүй байна. Үүнийгээ нэг удаа хамаатны эгчдээ цухуйлгаж үзжээ. Тэгсэн толгой түрийгүй загнуулсан байна.
-Чи бид хоёрын дуучин болдог гэж юу байсан юм бэ? Зүгээр л усаа зөөгөөд мөрөөрөө явж бай. Дуугүйхэн шиг л эгчийнхээ хүүхдийг хараад байж бай гэж хэлж байжээ. Гэвч тэрээр шантарсангүй. Найз Эзотойгоо хамтран “Funky family” хэмээх хамтлаг арван жилд байхдаа байгуулж, тухайн үеийн залуусын дунд хит болсон хэд хэдэн дууг зохиож явсан ба “Нью стар” студитэй гэрээ байгуулснаар дуучин болох мөрөөдлөө биелүүлжээ. Тиймдээ ч тэрээр одоо арван жилийнхэнтэйгээ таарахаараа эвдрээгүй, нэг л зангаараа уулзалддаг гэнэ.
М.Жаргал