Амжилттай суралцахын эх үндэс нь зөв уншиж сурахад байдаг тухай багш нар нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.
Харин унших арга барилгүй хүүхдийн хувьд бүх л хичээлийг ойлгоход хэцүү байдаг. Бага насандаа уншиж номд дурласан хүүхдийн хувьд сургуулийн амьдралд хөл тавихад тийм ч биш байдаг ажээ. Азаар, хүүхдийг уншлаганд дуртай болгох бодит аргууд байдаг нь олзуурхууштай. Ийнхүү сургуулийн босгоор өөртөө итгэлтэй баяртайгаар алхан ороход нь туслах ном уншлагын аргуудын тухай өгүүлье.
1. Хүүхдэдээ чангаар уншиж өгөөрэй.
Хүүхдүүд таныг уншиж байхад тань сонсож, дараа нь өөрөө уншиж сурна. Таныг уншиж байх явцад үлгэр болон үлгэр болон өгүүллэг хэрхэн сонсогдож байгаа, уншиж байхдаа өгүүлбэрийн утга санааг алдалгүй гаргаж байгаа байдлыг үлгэрлэн харж сонсоно. Ихэнх хүүхдүүд чангаар уншиж өгөхөд юуны тухай өгүүлж байгааг өөрсдөө уншсанаас ч илүү ойлгодог. Та хүүхдэдээ уншиж өгснөөр түүнийг номонд дуртай болгох тэмүүллийг бий болгодог. Ингэснээр хүүхдийн хувьд ном нь чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн тааламжтай зүйлийн нэг болж хувирна.
2. Урмаар тэтгээрэй.
Олонтоо бяцхан уншигчид унших дургүй байдаг нь эхлээд үсэг холбож үг болгон уншсаар юуны тухай өгүүлж байгааг сүүлд нь ойлгодогтой холбоотой. Хүүхдийнхээ унших гэж байгаа зүйлийг эхлээд чангаар уншаад өг. Тэгвэл хүүхэд өөрөө уншихдаа бүх зүйлийг улам лавшруулан ойлгох болно. Хүүхэд уншиж эхэлмэгц “Хүү минь (охин минь), чи маш сайн уншиж байна. Надад их таалагдаж байна” гэхчлэн урмын үгээр тэтгээрэй.
3. Хүүхэд тань танд чангаар уншиж өгөг.
Энэ нь танд төвөгтэй мэт санагдаж магадгүй. Энэ аргыг сонирхолтой болгох үүднээс та эхэлж нэг өгүүлбэр уншаад, дараа нь хүүхэд тань өгүүлбэр унших маягаар ээлжил. Хамтран унших явцад хүүхэд унших аргад суралцаж байдаг. Харин хүүхэд ямар нэгэн үг ойлголгүй үлдэхгүйгээр дундаж хурдтайгаар уншиж өгөөрэй.
4. Дүр төсөөллийг бий болгож сурга.
Зарим нэгэн ном зураггүй байдгаас хүүхдийн дүрслэн бодоход муугаар нөлөөлдөг. Насанд хүрэгчид унших явцдаа тухайн зохиолын тухай тодорхой төсөөллийг бий болгож чаддаг бөгөөд үүнийг хүүхдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Үйл явдлыг төсөөлж дүрслэн бодож сурвал хүүхдийн уран сэтгэмж хөгжих сайн талтай. Гол дүрийн баатар, үйл явдлын өрнөлийн талаар хүүхдэдээ асуулт тавьж яриулах хэрэгтэй.
5. Үйл явдлыг урьдчилан төсөөлж сургаарай.
Номоо уншиж өгөхийн өмнө хүүхдэдээ номын хавтасны зургийг харуулаад юуны тухай ном байж болохыг хүүхдээсээ асуугаарай. Дараа нь номоо уншиж дуусаад үйл явдлын өрнөлийг та болон хүүхэд тань зөв, эсвэл буруу бодсон эсэх талаар эргэцүүлэн хараарай. Хэрэв та хоёрын бодож байснаас үйл явдлын өрнөл өөр байх юм бол хүүхдээсээ яагаад тэгж бодсон талаар нь асуугаарай. Энэхүү дасгал нь таны хүүхдийн хийсвэрээр сэтгэн бодох, дүрслэх чадварыг хөгжүүлнэ. Хүүхдийг номд дуртай болгох зөв арга бол хүүхэдтэйгээ өдөр бүр ном унших явдал юм. Энэ үйл ажиллагаа нь эерэг үр дүн авчирна гэдэгт та бүрэн итгэж болно. Дээрх уншлагын хэлбэрүүдийг аль болохоор сонирхолтой, цагийг хөгжилтэй үр дүнтэй өнгөрөөж болохоор бодолцож хийгээрэй.
Эх сурвалж: “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүл