“Үлэг гүрвэлийн төв музей”-н захирал Н.Жавзмааг музейгүй музейн захирал, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэгч хэмээн саяхан л гоочилж байса. Гэвч Америкт дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Батаарын олдвороо эх орондоо авчирч, төв талбайдаа дэлгэн үзүүлж, маргаантай байсан байраа өөрийн болгож чадсан билээ. Гэхдээ энэ удаад түүнтэй өөр сэдвээр ярилцлаа.
–Таныг анх дуурийн дуулаачаар Болгар руу сургуульд явж байсан гэж сонссон. Яаж яваад газарзүйч мэргэжилтэй болчихсон юм бэ?
-Тэр их сонин түүхтэй. Би 1978 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Болгарын консерватурт дуурийн дуулаачийн сургуульд явсан юм. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав багш намайг “1985 оны Кармен” гээд явуулж байсан. Гэтэл цуг явсан хүмүүс маань “Чам шиг бүдүүн хоолойтой дуучин Монголд явахгүй” гэх зэргээр болохгүй, бүтэхгүй зүйл ярьсаар айлгасан л даа. 18 настай жаахан хүүхдэд тэдний үг хүчтэй туссан байх. Айж шантарсан амьтан багшдаа очиж учир байдлаа хэлээд дуурийн дуулаачийн ангиа орхиж, Софи их сургуулийн аялал жуулчлал, газарзүйн ангид шалгалт өгч орж билээ. Ингэж л мэргэжлээ дур мэдэн өөрчилсөн хүн дээ.
–Газарзүйч мэргэжлийн дипломоо өвөртлөөд ирэхэд ажлын байр хэр олдоцтой байв?
-Сургуулиа төгсөөд 1986 онд ирэхэд Монголд аялал жуулчлал хөгжөөгүй байсан үе. Намайг Улаанбаатар, Баянгол зочид буудлын жижүүр хийлгэнэ гэсэн. Болгарт сурчихаад буудлын жижүүр хийнэ гэж байхгүй гээд тэр намартаа МУИС-ийн ан агнуурын ангид орлоо. Таван жил суралцаж төгсөөд 1992 онд Байгаль хишгийн ордны Агнуурын шилдэг олдворын музейн тайлбарлагчийн ажилд орсон. Тэнд тайлбарлагч, тогооч, цэвэрлэгч гээд бүх ажлыг хийсэн дээ. Харин нэг жилийн дараа Агнуурын шилдэг олдворын музейнхээ эрхлэгч болж, ирэх жил нь Байгаль хишгийн ордны дарга болсон. Тэнд есөн жил ажиллаад 2001 онд Байгалийн түүхийн музейн Чихмэлийн лабораторийн эрхлэгчээр ирсэн. Түүнээс хойш Эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөг хариуцсан албаны даргаар энэ оны хоёрдугаар сарын 18-ныг хүртэл ажилласан. Монголынхоо музейд 21 жил ажиллажээ.
–Таныг музейн чихмэлүүдийнхээ ихэнхийг өөрөө агнаж, хийсэн гэдэг юм билээ. Хэзээнээс анд хорхойсох болов?
-Би 16 настайгаасаа ан хийсэн Монголдоо гарын таван хуруунд тоологдох тэргүүний анчин цол тэмдэгтэй хүн шүү дээ. Миний бага нас ах, дүү нарынхаа дунд бужигнаж өссөн. Дан эрэгтэй хүүхдүүдийн дунд өссөн болохоор ааш зан маань ч хээгүй. Аав маань анчин учраас багаасаа аавыгаа дагаад анд явдаг байлаа.
Манай нутаг цэлийсэн цэнхэр тал шүү дээ. Өлийн цагаан огтоно, тарвага, зурам, цагаан зээр ихтэй. Наймдугаар сарын 15 гээд л аав маань хүүхдүүдээ дагуулаад Сүхбаатар сумын Яргайт гэх өндөр өвстэй нэг их гоё газар очдог байж билээ. Тэндээ тарвага агнана. 16 нас хүрдэг намар аав намайг эрхлүүлж нэг удаа бай буудуулсан юм. Гэтэл би анх удаа гэхэд их сайн буудсан. Тэгсэн аав минь “Миний охин их цэцэн буудаж байна” гэж урамшуулаад, хааяа ээж, дүү нараас нууж буудуулна. Би ч аавынхаа магтаалд урамшин ан хийх дуртай болсон.
Бас аавынхаа буудсан тарваганы арьсыг нь гэмтээхгүй элгээр нь чирж явах том ажилтай. Нэг удаа тарвагануудаа чирж яваад ядраад унтаад өгсөн. Орой хариад иртэл биеэр дүүрэн бэржийсэн юм туурчихсан байдаг байгаа. Гэтэл тарваганы бөөс хазчихсан байж. Ээж намайг тарганд оруулж эмчилж билээ.
–Та хэдэн төрлийн амьтан агнаж байв. Агнасан ангаа тоолж үзсэн үү?
-Бүх төрлийн амьтан агнасан даа. Баавгайнаас бусдыг агнасан юм байна. Ёстой тоолж байгаагүй. Аргал, янгираас эхлээд зөндөө л амьтан агнасан. Засгийн газраас зөвшөөрөл аваад буга, согоо хүртэл агнаж явлаа.
–Эмэгтэй хүн анд явдаггүй гээд эрчүүд дагуулж явахдаа ч дургүй байдаг шүү дээ?
-Монголчууд эмзэглэдэг л юм. Гэхдээ би зугаагаа гаргах гэж, амьтныг үзэн ядсандаа ан хийгээд байдаггүй. Багаасаа дуртай байсан дээр миний мэргэжил нөлөөлсөн. Миний агнасан ангууд Монголын байгалийн түүхийн музей, анчдын нийгэмлэгийн музейд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж, цуглуулгад нь нэмэрлэсэн. Би анчин гэж тунхаглаад байхыг хүсдэггүй ч ард түмэн хойч үеийнхэндээ мэдлэг болох үүднээс ан хийдэг. Хүн бүр хөдөө хээр гараад чоно, үнэг, зурам хараад байж чадахгүй шүү дээ.–Танаас зоригтой, шударга, дайчин чанар ханхалдаг. Магадгүй тал нутгийн анч бүсгүйн төрөлх зан юм болов уу?
-Би Сүхбаатар аймгийн гаралтай, тал нутгийн бүсгүй гэдгээрээ бахархдаг. Миний аав Монголын тусгаар тогтнолыг авчирсан эх оронч жанжин Д.Сүхбаатарын ойрын хамаатан. Тиймээс ч манай удамд дайчин чанар байдаг байх. Хаврын тэргүүн сарын Шинийн 8-нд “Үлэг гүрвэлийн музей”-н захирлын тушаалаа гардаж авахдаа ч өөрийн удам судраа сайдад болон тэнд цугласан хүмүүст хэлсэн. Хүнийг буян заяа түшнэ гэж байдаг шүү дээ. Өвөг дээдсийн минь буян заяа намайг түшиж өнөөдөр ажил үйлсийг минь өөдрөг бүтэмжтэй болгосон байх.
ЗУУНЫ МЭДЭЭ