“Никитон” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Б.Батчулууны эхнэр болох мисс, загвар өмсөгч Г.Энхтуяа гэх бүсгүйн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Анхны эхнэрээсээ салаад хөөрхөн хүүгээ санагалзаж явсан дуучин залуу удаан хугацаанд ганцаараа амьдарсан гэлцдэг. Рок попын хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдсон ч тэрбээр амьдрал зохиох гэж яараагүй бөгөөд хашир нь дэндсэн Баачкаг хайраараа татсан ганц л бүсгүй бий.
Дуучин залуугаас 20-иод насаар дүү Г.Энхтуяа “Mongol Costumes” төвийн дэргэдэх “Чимбай” загварын агентлагт харьяалагдаж явсан бөгөөд мисс Ч.Содтуяагийн гарын шавь гэгддэг юм билээ. Үндэсний хувцас гайхалтай сайхан зохидог энэ бүсгүй тус төвөөс зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд оролцдог төдийгүй уламжлал болсон “Театр мода” шоуны нүүр царайгаар тодорч явсан чадварлаг модель юм. Үүнээс гадна тэрбээр “Miss Mongolia-2009” наадмын дэд байрын шагналыг хүртэж байжээ.
Хорьж болдоггүй хорин насныхаа босгон дээр Баачкатай танилцсан Г.Энхтуяа өдгөө хүү, охиноо асран гэр зуур суугаа бөгөөд загварын шоу, реклам сурталчилгааны олон саналаас татгалзах болсон гэнэ лээ.