-Юуны өмнө танд баяр хүргэе. Олимпод эх орноо төлөөлөн оролцоод мөнгөн медаль хүртэж, Монгол Улсынхаа төрийн далбааг Турин хотын тэнгэрт намируулаад ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Баярлалаа. Дэлхийн мастеруудын олимпийн найм дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа. Миний оролцсон өрсөлдсөн 40-49 насны эрэгтэй мастеруудын 5000 метрийн марафон гүйлтийн төрөлд 28 орны шилдгүүд өрсөлдсөн.
-Дэлхий нийтээрээ хөнгөн атлетикийн спорт, тэр дундаа гүйлтийн спортыг олимпийн анхны төрлүүдийн нэг гэдэг. Та энэ спортоор хэдийнээс эхэлж хичээллэсэн бэ?
-Би 30 гаруй жил хичээллэж байна. Анх 1984 онд хөнгөн атлетикийн улсын аваргад орж, марафон гүйлтийн төрөлд түрүүлж анхны алтан медалиа хүртэж байлаа. Дараа жил нь 1985 онд улсын аваргын 5000 метрийн марафон гүйлтийн төрөл мөнгө, 10 мянган метрт нь алтан медаль, 1986 онд 3000 метр, 5000 метрт хос алтан медаль хүртэж байсан. Тэр цагаас хойш улсынхаа аваргад тасралтгүй оролцож, амжилтын буухиагаа таслаагүй байна.
-Та эх орондоо үнэхээр шилдэг нь байж, бахдам амжилт үзүүлжээ. Харин тив, дэлхийн хэмжээний тэмцээнд ямар амжилт гаргаж байв?
-Анх 2008 онд Тайландад зохион байгуулагдсан Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тэр миний хувьд олон улсын чанартай анхны тэмцээн байсан. Энэ тэмцээнд амжилттай оролцон 1500 метр болон 5000 метрт алтан медаль хүртсэн. Азийн аваргаас хос алт авчихаад спортын анхны “А” үсэг заалгасан эрдэмтэн багш нартаа хязгааргүй их баярлаж байсан минь саяхан санагдана. Дараа нь 2010 онд Малайз улсад болсон Азийн аваргаас 1500 метрт мөнгө, 5000 метрийн зайд алт, 10 мянган метрт хүрэл медаль, 2012 оны Азийн мастеруудын аваргаас 1500, 5000, 10000 метр тус бүрт алт, 4*400 мерт-т хүрэл медаль хүртэж байна.
-Таны гаргасан амжилтуудаас харахад Монголын хөнгөн атлетикийн ахмад тамирчид тив, дэлхийд өндөр амжилт үзүүлдэг нь харагдаж байна. Манай улс спортын яамтай болсон. Ингэснээр ахмад тамирчдад үзүүлэх төрөл бүрийн тэтгэлэг, хөнгөлөлт байна уу. Тэмцээнд оролцох зардал, мөнгөө хаанаас олдог вэ?
-Бид өөрсдийн хүсэл, зорилгын дагуу тэмцээн, уралдаанд оролцдог. Дэлхийн түвшинд өрсөлдье, эх орныхоо нэрийг өндөрт өргөе гэж. Түүндээ хүрэхийг их хичээдэг. Дэмждэг олон сайхан улс бий. Гэхдээ Итали улсад болсон энэ удаагийн олимпийн тоглолтод хувийн зардлаараа явсан. Цалингийн зээл аваад. Ер нь дэлхийн мастеруудын болон олимпийн төрлийн тзмцээнийг Засгийн газрын урамшуулалтай болгочих юм бол Монголын ахмад тамирчид өшөө илүү амжилт үзүүлэх бүрэн боломжтой гэж би боддог.
-Юутай ч цалингийн зээл аваад явсан тэмцээндээ та амжилттай оролцож, мөнгөн медальтай ирлээ. Одоо ямар тэмцээнүүд таныг хүлээж байна вэ?
-Бразил улсад ирэх аравдугаар сард болох 2013 оны мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бодолтой байгаа. Энэ тэмцээнд бэлтгэл сургуулилалтаа сайн базаагаад төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлчих юмсан гэж их бодож байна. Ер нь спорт, гүйлт гэдэг бол хүний эрүүл амьдрах нэг үндэс шүү дээ. Хүүхэд, залуучууддаа хөнгөн атлетикийн спортоор хичээллээрэй гэж захимаар байна.
Б.ЦОЛМОНБАЯР
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН