Рок попын ертөнцөд нэгэн шинэ өнгө төрхийг илэрхийлж чадсан залуу дуучин бол Б.Мишээл. Тэр болгон бүсгүйчүүдийн дуулаад байж чаддаггүй хүнд рок стилиэр уран бүтээлээ туурвидаг авьяаслаг дуучинтай уулзаж ярилцлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач. Нэг хэсэг чимээгүй байлаа?
-Уран бүтээлийн олз омог их байгаа. Цомогт багтах дуунууд маань бэлэн болсон. Бас зарим дуугаа дүрсжүүлэх, нэвтрүүлгийн ажил гээд зав муутай л байна.
-Урьд нь хамтлагт дуулж байсан гэсэн. Бие дааж уран бүтээл хийхээр шийдсэн чинь их сонин байна?
-Би өмнө нь “Black and White” болон “Өргөө хамтлагт хэсэг хугацаанд дуулж байсан нь үнэн. Гэхдээ одоо бол тэднээс тусдаа, бие даасан чөлөөт уран бүтээлч. Тийм болохоор уран бүтээлийн хувьд зөвхөн нэг чиглэл, төрлөөр дагнаж дуулахыг хүсдэггүй. Рок поп, дэнс ч гэдэг юмуу, тодорхой нэг стильд захирагдаад байдаггүй гэсэн үг л дээ. Харин хард рок, модерн жааз, транс, поп дэнс гэх мэт өөрийнхөө авьяас чадлыг сорьсон бүх л төрлөөр уран бүтээлээ хийнэ.
-Анхны дууны чинь клип их сонин шийдэлтэй, өвөрмөц зураг авалтаас бүтсэн байсан. Ямар уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг юм бэ?
-Би учиргүй сүртэй ийм хөгжмийн зохиолч, тийм уран бүтээлчтэй хамтарч ажилладаг гэхгүй ээ. Дууныхаа аяыг зохиодог юм чинь. Үгийн хувьд гэвэл “Хоёр бодол”, “Би могой байсан юм” дуунуудын маань шүлэг ээжийн минь бүтээл л дээ. 1991 оны үед зохиосон шүлэг юм билээ. Бусад дууны шүлгийг Г.Дэлгэрмаа гэдэг охин зохиож өгдөг юм. “Sound pictures” студийн захирал Н.Наранбаатар, аранжировшик Б.Тэмүүлэн нартай хамтарч ажилладаг байлаа. Санаа бодлыг минь сайн ойлгож, чөлөөтэй харилцаж чаддаг болохоор тэдэнтэй хамтарч ажиллаж, дуугаа бичүүлэхэд хялбар байдаг юм.
-Тэгвэл клипний чинь зохиомжийг хэн гаргадаг гэж..?
-Б.Мөнгөлдэй. Дүү маань миний бүх дууны клипний зураг авалтын зохиомж, нүүр будалт, хувцасны загварыг хийсэн. Миний гаргаж ирэх гэсэн шинэ санаа, өвөрмөц шийдлийг тэр маш сайн ойлгож тусалдаг.
-Дуулахын хажуугаар эзэмшсэн боловсрол тань?
-“А, В, С” лицейг төгссөн. Түүний дараа “Орхон” дээд сургуулийн франц хэлний ангийг дүүргэсэн.
-Гэр бүлийнхэн тань бүгд урлагтай холбоотой хүмүүс. Хэдийгээр өөр чиглэл, төрлөөр уран бүтээлээ туурвидаг ч гэсэн, үзэл бодол нэгдэх юмуу зөрөх үе бишгүй л байдаг биз?
-Тийм ээ. Хэдийгээр гэр бүлийнхэн маань урлагийнхан болохоор нэгдмэл уур амьсгалтай байдаг ч гэлээ, уран бүтээл дээр бол огт өөрөөр ханддаг. Тус тусдаа уран бүтээлээ хийдэг учир үзэл бодол маань өөр, өөр. Харин хэн нэгнийхээ уран бүтээлийг дэмжиж, шүүмжилж, санаа оноогоо ярилцаж сонсч сурсан. Бид дөрвөн өөр ертөнц ч гэсэн, уран бүтээл талаасаа бол нэг үзэл бодол дээр тулгуурладаг гэсэн үг. Тиймээс манай гэр бүл концентуализмын чиглэлийн урлагийг баримталж байдгаараа онцлогтой л доо.
-Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?
-Одоохондоо өөрийнхөө уран бүтээл дээр нэлээд анхаарч, чанартай дуу гаргахын төлөө чармайж байгаа. Тиймээс энэ талаар бодох зав алга. Харин нэвтрүүлгийнхээ ажлыг сурч мэдсэн зүйл, дадлага туршлага дээрээ тулгуурлан илүү даацтай болгохоор зорьж байна.
-Охидын хамтлаг байгуулах талаар бодож үзсэн үү?
-Ёстой үгүй. Миний баримталдаг гол зүйлийн нэг бол, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж хүмүүст хүргэх. Охидын аль нэгэн хамтлагийн гишүүн болж дуулах нэг өөр. Тэгэхээр биеэ даасан чөлөөт үзэлтэй уран бүтээлч болсон нь дээр санагддаг юм.
-Тэгвэл үе тэнгийн хамтлаг, дуучдын талаар ямархуу сэтгэгдэлтэй явдаг вэ?
-Нийгэм маань хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүмүүст оюунлаг бүтээл л хамгийн их дутагдаж байна. Гэтэл манай хамтлаг, дуучид болохоор зөвхөн өнөө маргаашаа аргацаасан маягтай уран бүтээл хийгээд байх юм. Үг нь хүртэл хэнд ч ойлгомжтой, хялбархан сэдэвтэй зүйлүүдийг түүгээд оруулчихна. Тухайлбал дууных нь үг, ая маш амархан байдаг. Хүмүүс тэднээс огт өөр зүйлийг хүсч, эрж хайж байгааг мэдэхгүй. Тэдэнд дутагдаад байгаа чухал зүйлийг нь уран бүтээлч хүн л гаргаж ирэх ёстой. Нийгмээс нэг алхмын өмнө явж, бусдын өмнө цоо шинэ үүд хаалгыг нээж өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр, үзэгчдийн сонирхлыг илүүд үзээд уран бүтээл хийгээд байвал урт насгүй, хэтэрхий явцуурсан зүйл болно.
-Зарим уран бүтээлч нийгмээсээ нэг алхмын өмнө явах ёстой гэх нь утгагүй зүйл. Харин нийгэмтэйгээ зэрэгцэж явах ёстой гэх юм?
-Хүн бүрийн үзэл бодол өөр байдаг биз. Гэхдээ ямар ч уран бүтээлч хүн ганцхан өөрийнхөө бүтээлийг сонсоод явбал хөгжихгүй шүү дээ. Дэлхийн бусад хүний уран бүтээл бидний өмнө нээлттэй байхад тэднээс түүж сонсоод өөртөө болон уран бүтээл дээрээ дүгнэлт хийж үзвэл энэ онол чинь зөв болж таарч байгаа юм. Яахав дээ, тэр хүмүүсийн дотоод сэтгэл рүү өнгийж, өөрийнхөө үзэл бодлыг тулгах хэрэггүй байх.
-Гэхдээ нэг стилиэр дагнаж дуулах хэрэгтэй гэж үү?
-Хэрэгтэй байлгүй яахав. 1970-аад оны хард рок стиль бий. Дуучин хүн зөвхөн өөрийнхөө дуртай стилиэр уран бүтээлээ хийх бус, бүхий л төрлөөр дотоод ертөнцийнхөө баялаг чадварыг нээж, хөдөлмөрлөх ёстой гэж боддог. Тэгээд энэ бүх төрлөөр дуулах явцад сайтар судлах хэрэгтэй байх. Мэдээж, энэ бүхэн хэтэрхий удаан бас цаг хугацаа шаардсан асуудал болох байх л даа. Хэдий тийм ч, уран бүтээл хийх тусмаа тэр олон зүйлийн дотроос өөрийн гэсэн өнгө төрх, үзэл бодлыг олоод авна. Тиймээс би өөрийгөө урлагийн ертөнцөд орчихсон гэж хэлж чадахгүй. Түүнийхээ дөнгөж шатан дээр л явж байгаа. Өнөөдөр рок поп урлагийн ямар нэгэн хэмжээнд хүрчихсэн гэх зүйл надад лав байхгүй.
-Хоолойны өнгө чинь ямар төрөлд багтах вэ?
-Альт тал руугаа. Ер нь бол жааз дуу дуулах дуртай шүү.
-Та нэлээд эршүүд зантай юмаа?
-Тийм ээ, зөв ойлгосон байна. Тайзан дээр болон клипний зураг авалт гэх мэт уран бүтээлийн асуудлыг Б.Мөнгөлдэй хариуцдаг гэж түрүүнд хэлсэн. Харин бусад үед бол би өөрийнхөөрөө л байхыг хүсдэг. Хүний гадаад төрх, хувцаслалтын стиль, биеэ авч яваа байдлыг түүний дотоод ертөнцтэй холбож ярьдаг шүү дээ. Харин би өөрийгөө бусад хүнтэй харьцуулах дургүй. Хүн бүр өөрийн зан чанар, хүсэл мөрөөдөл, дотоод ертөнцийн онцлогт тохируулж амьдрах хэрэгтэй байх. Тийм болоод ч тэр үү, би эрэгтэй хүмүүсийг илүү сайн ойлгодог юм. Дуулж байгаа дуунууд маань хүртэл Роллинг Стоунз, Том Жонс гэх мэт эрэгтэй хамтлаг, дуучдын уран бүтээл байдаг. Магадгүй, эрэгтэй хүний дотоод мөн чанар надад бас байгаа юм шиг санагддаг. Энэ нь тэднийг бусдаас илүү ойлгоход тусалдаг байх аа.
-Яагаад?
-Эмэгтэй хүнийг гаднаас нь харахад их гоё, зөөлөн ертөнц юм шиг мөртлөө эрчүүдийг бодвол дотроо их аймаар, хахир, харгис ширүүн өрсөлдөөн дунд амьдардаг байхгүй юу. Гэтэл эрчүүдийг эмэгтэй хүнээс дээгүүр авч үздэг ч гэсэн, тэд их намуухан ертөнцтэй улс. Өөрөөр хэлбэл, эрчүүд бол оршихуйн эх дотоод ертөнц гэсэн утгатай юм л даа. Тийм болохоор би эмэгтэйчүүдээс эмээж явдаг.
-Найз залуутай болсон уу?
-Үгүй. Яагаад ч юм бэ, эрчүүдтэй харилцахдаа эр хүн шиг л ханддаг. Энэ тал дээр бодож байсан зүйл нэг ч байхгүй ээ. Тэр ч байтугай, эр хүнтэй үерхэж дотносоод гэрлэх хэрэгтэй гэсэн бодол одоохондоо надад төрөөгүй л байна.
-Дуучин хүн тайзны хөдөлгөөнтэй байх ёстой гэдэг. Тэгээд ч сүүлийн үеийн хамтлаг, дуучид энэ тал дээр үзэгчдээс их шүүмжлэл сонсох бол?
-Дэнс, поп, рок дуунд шаардлагатай гэсэн хөдөлгөөнүүдийг хийж болно л доо. Хамгийн гол нь, тухайн дуучны сэтгэлийн хөдөлгөөн хэрхэн илэрхийлэгдэж байна вэ гэдэг л чухал. Түүний уран бүтээлийг үзэгчид хэр зэрэг хүлээж авч, өөрөө хэрхэн сэтгэл хөдлөлөө гаргахаас л энэ бүхэн шалтгаалах асуудал. Түүнээс биш, зөвхөн тайзны хөдөлгөөнөөр үзэгчдийн анхаарлыг татах гэвэл байж боломгүй зүйл. Миний хувьд сэтгэл хөдөлсөн тохиолдолд бүжиглэж, вальс эргэж, бүр хөгжмийн өсгөгчөө хага цохиод унагасан ч чадна шүү. Тухайн үед надад ямар мэдрэмж төрж, хүмүүсээс юу авч байна вэ гэдгээс л шалтгаална. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж, сэтгэлийн таашаал авч явах нь л чухал.
-Энэ чиглэлээр аль нэгэн эрэгтэй хамтлаг, дуучдаас хамтарч дуулах санал ирвэл зөвшөөрөх үү?
-Яг одоохондоо бодоогүй л байна. Гэхдээ санал ирээд дуу нь таалагдвал хүлээж авна аа.
Мр.МӨНГӨН