Бидний оруулсан тэр их мөнгөний орлогыг гадаадын хоёр эрхэм чухам юунд зарцуулдаг нь анхаарал татаад байна
Монгол дахь монополь компаниудын нэг бол “Мобиком”. Тэд манай улсад 17 жилийн турш үйл ажиллагаа явуулж, хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх хөрөнгийг Японы хөрөнгө оруулагчид руу урсгасан.
Харин бид тэднийг энэ их мөнгийг хэрхэн, ямар замаар яаж гадагш гаргадгийг огтхон ч мэддэггүй. Уг нь тэд Монголд анх гар утас оруулж ирсэн гавьяатай ч хэт өндөр үнээр үйлчилгээ үзүүлж өөрсдийн нэр хүндээ унагасан.
Өнгөрсөн жилээс тус компанийн хуучин дарга, захирлууд нь өөр компани руу шилжиж “Мобиком”-ын үнэн дүр төрхийг олон нийтэд ил болгож өгсөн гавьяатай хүмүүс.
“Мобиком”-ын шинэ эздийн цаана юу нуугдаж байна вэ
Энэ компанийн захирлууд ойр ойрхон солигддогт хүмүүс гайхдаг юм. Үнэхээр ч гайхмаар л даа. Тухайлбал тус компанийн захирлаар ажиллаж байсан Д.Болорыг явснаас хойш “Мобиком”-ын үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдээ хууран өдөр хоногийг аргацааж байна гэж эх сурвалж мэдээлж байна.
Өнөөдөр тус компанийг хэн толгойлж байна вэ гэвэл Япон, Англи улсын иргэд. Тодруулбал Англи улсын иргэн Дэвид Холлидэй гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Харин орлогч захирлаар нь бидний сайн мэдэх хуучин захирал болох Японы иргэн Коичи Кавасэ ажиллаж байгаа юм.
Харин энд анхаарал татсан нэг зүйл нь монгол талаас ТУЗ-д ганцхан хүн байдаг юм билээ. Өнөөдөр 1.5 сая хэрэглэгчидтэй гэгддэг “Мобиком”-д өдөрт хэдэн зуун сая төгрөг эргэж байдаг нь хүн бүхний нүдний өмнө ил байгаа.
Тэгвэл бидний оруулсан тэр их мөнгөний орлогыг дээрх хоёр эрхэм чухам юунд зарцуулдаг нь анхаарал татаад байгаа юм. Ямартай ч дээрх их хэмжээний мөнгө манай улсын бүтээн байгуулалтад зориулагдаагүй нь лавтай. Тэгвэл энэ удаа “Мобиком”-ын дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцааны мөнгө чухам хаана хадгалагддагийг сонирхож үзье л дээ.
О.Магнай дарга гаргасан шийдвэртээ эзэн болоогүй нь хар дагуулж байна
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чулуунбаатар нэгэн ноцтой зүйлийн талаар ярьсан юм. Тэрбээр “Мобиком” корпораци барьцаа хөрөнгө авдаг явдал. Дараа төлбөрт хэрэглэгч болохын тулд барьцаа мөнгө өгдөг. Тэр нь хэрэглэгчийн дансанд орохгүй, компанийн дансанд ордог.
Уг нь барьцааны мөнгө хувь хүний дансанд байрших ёстой. Барьцааны үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Мобиком” авна, биелүүлсэн үед хэрэглэгч өөрөө авна. 10 гаруй тэрбум төгрөг барьцаа нэрээр “Мобиком”-ийн дансанд орж байгаа тооцоо гарсан. Ямар ч зөвшөөрөлгүйгээр 10 гаруй тэрбум төгрөгийг ашиглаж, үйл ажиллагаандаа зарцуулж байна гэх гомдлыг хэрэглэгчид тавих болсон” гэв.
Хэрэглэгчдээс тус газарт маш олон гомдол санал ирсний хамгийн ноцтой нь дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны мөнгөний асуудал аж. Уг нь өнгөрсөн оны аравдугаар сард ШӨХТГ-аас дээрх асуудлын учрыг нь олж хужрыг нь тунгаасан байдаг. Гэвч тэдний тавьсан шаардлагыг “Мобиком” одоог хүртэл биелүүлээгүй байгаа. Энэ нь цаанаа нэг учир шалтгаантай гэж хардахад хүргээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл “Тухайн хэрэглэгчийн нэр дээр банкинд данс нээж барьцааны мөнгийг хадгалж тэдэнд хүү тооцож өг” гэсэн үүрэг өгч байсан юм. Гэхдээ энэ данс мэдээж “Мобиком”-ын мэдэлд байх ёстой.
Хэрвээ “Моби” хэрэглэгчийн нэр дээр данс нээсэн бол 2-3 жилийн дараа бид үндсэн барьцаа мөнгөн дээрээ хүү бодож авах байсан гэсэн үг. Хүний бэлэн мөнгийг хадгалж байгаа хүмүүс банк шиг л хүү тооцож өгөх нь зүйн хэрэг биз дээ.
Тэгвэл барьцаа төлбөрийн асуудлаар тус газрын Маркетинг сурталчилгааны газрын мэргэжилтэн Л.Дашаа “Бид дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны мөнгийг өгөөд эхэлсэн байгаа.
Хэрвээ хэрэглэгч өөрөө хүсвэл тухайн хэрэглэгчийн ярьсан мөнгийг барьцаанаас хасаж бодож болно. Харин нэгж шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө 10 хувийн шимтгэл авдаг.
Түүнээс бид хэрэглэгчдийг шулсан асуудал байхгүй. Хэрвээ манайд хэрэглэгчээс гомдол ирсэн тохиолдолд асуудлыг яаралтай шийдэж хохиролгүй болгохыг зорьдог” гэх хариулт өгч байсан.
Албаны хүний ярьж буй зүйл бол ердөө энэ. Хэдийгээр үйлчлүүлэгчдэдээ мөнгийг нь өгч эхэлсэн гэж ярьж байгаа боловч одоогоор хэдэн хүний мөнгийг буцааж өгсөн нь тодорхойгүй байгаа юм.
Гэтэл “Мобиком” бидний барьцаа мөнгийг Монголд хадгалж байна уу, гадаад руу гаргаж байна уу гэдэг нь асуудал болоод байна. ШӨХТГ хэрэглэгчдэд хэрэгтэй шийдвэр гаргасан мөртлөө яагаад тус компанийн удирдлагуудыг шахаж шаардалгүйгээр тэдний өмнө ийм хурдан бөхийх болов. Үүний цаана ашиг сонирхолын зөрчил явж байна гэж хардахад ч хүрч байна.
“Мобиком” асар их ашиг олж байгаа хэрнээ хэрэглэгчдийг шулж байгаа нь жинхэнэ шударга өрсөлдөөн мөн эсэхийг тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтан О.Магнай даргаас асуувал арай илүү оновчтой байх биз ээ.
Дараа төлбөртийн мөнгөнөөс завшдаг нь тогтоогдсон
“Мобиком”-ын бас нэгэн башир аргыг энд өгүүлье. ШӨХТГ-аас тус газарт шалгалт хийлээ, тэднийг тэдэн төгрөгөөр ингэж торголоо гэж улиг домог болтлоо ярьдаг. Гэтэл начир дээрээ ШӨХТГ-аас тэдний талд ажиллаж бараг л эв найрамдлын гэрээ байгуулсан юм шиг харагдах боллоо.
Яг үнэндээ дараа төлбөрт хэрэглэгчид бол “Мобиком”-ын том мөнгөний урсгал нь. Өнөө маргаашийн хоолоо яая гэж байгаа хүн юу гэж дараа төлбөртийн дугаар барих билээ. Дараа төлбөртийг харьцангуй боломжийн хүмүүс хэрэглэдэг учраас тэр болгон хэл ам гаргаад байдаггүйд хэргийн хамаг учир оршиж байгаа юм.
Тухайлбал хэрэглэгчид яриагүй мөртлөө их мөнгө төлдөг талаар гомдоллодог. Үүнийг нь “Мобиком”-ын дэрвэлзсэн алаг нүдтэй охидууд нь “Уучлаарай бид алдаа гаргасан байна” гэж их л соёлтойгоор харьцаж хэрэглэгчдийг амархаан өөрсдийнхөө талд оруулдаг уран аргатай.
Хэдийгээр тэд өөрсдийгөө бид ямар ч мөнгө луйвардаагүй гэж тахиа шиг донгоддог боловч хэрэглэгчдийн мөнгийг удаа дараа халаасалж байсныг нь холбогдох албаны хүмүүс шалгаад нотолсон байна. Ямартай ч тус газартай холбоотой өөр бусад “Но”-той үйлдлийг бичвэл сонины хэдэн дугаарын зай талбай ч багадна.
Эцэст нь хэлэхэд Монгол Улсын өнцөг булан бүрт” “Мобиком”-ын салбар нэгж байдаг. Энэ бүх салбаруудад хэдэн арван тэрбум төгрөг урсаж чухам хаашаа гарч хэний ямар данс руу ороод байна вэ гэдгийг хуулийнхан шалгаж үзэх цаг нь болжээ.
Дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны 10 тэрбум төгрөг хаана хадгалагддаг вэ гэсэн хатуухан нэхэлтээр энэ удаагийн нийтлэлээ өндөрлөж байна.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж: