Одоогоос гурван жилийн өмнө буюу 2010 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын нэгэн хуралдаанаар Цагаан толгойн үсгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийг тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Гүндалай санаачилж “щ, ы, ь” зэрэг үсгийг “огцруулахаар болсон. Ингэхдээ ЗХУ-ын нөлөөгөөр орж ирсэн, онцын үүрэг рольгүй гэхчлэн шүүмжилж байсан билээ. Гэтэл энэ сарын 2-ны өдөр нэгэн телевизээр хэсэг эрдэмтэд мөн л энэ талаар ярьж байв. Түүнээс хойш энэ талаар мэр сэр сонсогдоод эхэллээ.
Ялангуяа хатуу, зөөлний тэмдгийг хасах тухай яриа чих дэлсээд байгааг хараад “Харья, харъя”, “Ярья, Яръя”-аас эхлээд яажшуухан ялгаж салгаж ойлгох билээ гэж бодогдох болов. Тэр тусмаа “ы” үсэг энэ сэдвээр ярих бүрт адлагддаг билээ. Гэтэл энэ нь эр, эм үгийг ялгадаг “том” үүрэгтэй. Тэгвэл одоо хэрэггүй болж байгаа бололтой юм. Өөрөөр хэлбэл цагаан толгой хүртэл Ladyboy-той болох нь. Эр үг ч байсан, эм үг ч байсан “ий”-г л залгана. Ийм нэгэн хууль дахин сэргэж тодорхой хэмжээний дэмжлэг авч эхэллээ.
Дараагийн нэг адлагдсан үсэг бол “балархай эгшиг”. Нэг удаа манайдаа нэлээд гайгүйд тооцогддог зохиолч ах маань “Бурхны” гэдэг үгийн балархай “а” үсгийг гээх ёсгүй хэмээн бухимдаж байх юм. Яагаад тэр вэ гэтэл “Бурхан” гэдэг үг учраас гэнэ. Арайхийн инээдээ барьсан ч одоо хүртэл явган шог болон үлдсэн билээ. Яг түүн шиг мэдээллийн зарим сайтад хүний нэрэнд урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахдаа балархай эгшгийг гээдэг болчихож.
Уг нь багш нар минь хүний нэр болон үйлт нэрийн “х”-ийн өмнөх эгшгийг “үхсэн хойноо л гээгээрэй” гэж хатуурхдаг байсан юм л даа. Гэтэл үнэхээр цаг өөр болжээ. Хэрэв хууль тэгж батлагдвал балархай эгшгийг нь гээчихээд л “үхэхээс” биш. Ийм нэгэн хууль хаалга тогшоод буй бололтой. Хэл, хил, мал гурваараа “тоглож” нэрт зохиолч З.Дорж гуайн хэлж байсанчлан эмгэнэлд хүрэх эхлэлийг тавьчих вий гэдгээ сайн бодолцоосой.
У.Оргилмаа