Гэгээн хайрын өдөрт зориулж яруу найрагч О.Дашбалбар агсны “Гэгээн хайрын аялгуу” номонд нь орсон шилмэл мөртүүдийг сэтгэлийн тань өлмий дор дэвсэж байна. Саяхан насны ой нь болсон намуухан атлаа омог төгөлдөр найрагчийн шүлгээр зүрхээ хөглөөрэй.
Дурласан би,
Ухаан алдатлаа, бүр
Унаж үхтлээ дурласан!
Хар багаасаа дурласан
Хайрласан бүсгүйчүүд минь одноос олон!
Зөрж өнгөрсөн бүсгүй бүхнийг эргэж хардаг би
Зүрх сэтгэл минь минийх биш-Тэднийх!
…Орчлонгийн гоо хүүхнүүд
Онгон зэрлэг цогцсууд,
Ой мод шиг анхилуун, сарнай шиг булбарай,
Тэнгис шиг шорвог, од шиг сүүмгэр,
Тэнгэр шүтээн шиг бардам, нарнаас халуун!
…Охид дэндүү олон
Од шиг олон
Би даанч ганцхан,
Очих гэж мөн ч зүдэрнэм!…
***
Өвсөн дээр чи бид хоёр зэрэгцэн сууж
Өлмий доор минь жижигхэн горхи урсана
Үсний хавчаараа амандаа зуусан чиний
Үзэсгэлэн өөр агшинд хаа ч эс давтагдана
…Энхрийхэн чамдаа хүрмээ нөмөргөж, өөрөө жихүүцэвч
Эр хүн болохоороо даарснаа нуун, шүлэг уншнам
Буржгархан Пушкины галт мөрүүд, сэтгэлийг дулаацуулж
Бусдаас ондоо чинийхээ гарыг сэмхэн атганам
***
Алган дээр минь жаахан тэнгэр дусаа, хайрт минь!
Амталж үзье, үүл хөвсөн тэнгэрийн хэсэгхэнийг!
Аятайхан цэнхэр амт, амьсгааг минь зөөлрүүлнэ
Алган дээр минь жаахан тэнгэр дусаа хайрт минь!
Нарны шаргалхан дусал жаахныг хайрла, амраг минь!
Надад өөр юм хэрэггүй, нарны жаахан хэсгийг хүлхэе
Амандаа чихэртэй хүүхэд шиг хөгжин баясахад
Амраг минь надад дусал нар л хэрэгтэй байна
Ганц ширхэг нов ногоохон од өгөөч хайрт минь
Ганган бэлзэг болгон хуруундаа зүүе
Гэрэлт одны жижигхэн хэлтэрхий гялтганаж
Гэрт минь орж гарагсдыг баясгаг хайрт минь!
Өөр юм хэрэггүй, жаахан инээмсэглэл өгөөч!
Өрөөл бусдад инээдмийн тунгалаг дусал бэлэглэе
Өргөн хорвоод хүмүүсийн уруул дээр тэр инээмсэглэл
Өнгийн цэцэг шиг дэлбээлж байг хайрт минь!
Хүзүүн доогуур гараа оруулж, нүдийг минь үнс
Хүсэх юм үгүй, жаахан энхрийллээр л дутнам
Амьсгал чинь хацар илбэж, гар чинь толгой илбэнэ
Аяа, хорвоо минь, одоо боллоо, өөр юм хэрэггүй…
***
Байгаль мэт чамайгаа би шүтнэм
Байгаль шиг би үнэнч байхыг хүснэм
Навч мэт хөнгөн алхаанд чинь би дуртай Намар, хавар, өвөл, зун чамд минь бий!
…Хавар бол чи юм, навчсаа дагуулсаар ирнэ
Харанхуйд од харвах ч чи юм, улбаа нь гэрэлтэнэ
Өөрийнхөөрөө чи навчсыг шидэлж, намайг зовооно
Өндрөөс будрах цасан чамайг би дээдлэн тосном
Намрын горхи болж зүрхэн дундуур минь чи урсана
Нарны гэрэлд гараад ирэхэд чинь би өөрөө алга болж
Бяцхан нар болсон би гэрэл туяагаа цацрааж
Баярт өдрийн хөх тэнгэр надаар дамжин эгшиглэнэ…
***
…Сансрын зам дээр би чамайг хүлээж
Сартай саргүй олон шөнө хөлийн чимээг чагнаж
Болзоот хүүхэн биш, эхнэр минь гэж
Бодолдоо ч хир суулгалгүй хайрлаж
Амгалан дөлгөөн чамайгаа
Аяндаа хайрласан!
Хаврын ногоон дээр чи надад
Хүүхэд насаа өгсөн
Халуун нулимсан дунд чинь би
Эр хүн болсон!
Чамайгаа би биеэрээ ч мэдэрнэ, сэтгэлээрээ ч мэдэрнэ
Чамайгаа би хараад л мэднэ, шүргээд л мэднэ
Хорин жил цасан бударсан өвлийг
Хоёулаа угтаж хос мөрөө үлдээлээ…
***
…Үдэш орой болтол Анимаатайгаа хоёул хөтлөлцөөд
Үүргэлсэн моддыг сүлжин, мөрөө гаргаж явсансан
Бугын эвэр шиг мөчрийг бүлээн гараараа илбэхэд
Будан нэвтлэгч саран цагаан гөрөөс шиг харагдана
Цагаахан хусыг нарс мод хөтлөөд явах шиг
Цаг хугацааг туучин ойн дундуур алхалсан
Янагийн минь магнайд долоон бурхан гэрэлтэж
Яг миний зулайд гурван марал шүхэрлэнэ
Хашааны нөмөрт сууж цээжинд нь нүүрээ наана
Хавирган сарыг үснийх нь чимэг болгон тоглоно
Хааяа санаа алдахад өвс ногоо сэрвэлзэнэ
Хяруу унасан шөнө л цагаан далавчаа дэвнэ…
гоолингоо.мн