-СУИС-д уртын дуучин мэргэжлээр зургаан жил суралцаад 2000 онд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад ажиллах болсон. Гурван ч удаа шалгуулж байж дуучнаар орсон шүү. Эхний удаад шалгаж үзээд шууд аваагүй. “Дахиж шалгуулаарай” гэж байсан. Тухайн үед авчихмаар байсан ч орон тоо байхгүй байсан уу ямар ч гэсэн тэгж хэлээд буцаасан. Бид ангиараа очиж шалгуулсан юм. Гурав нь тэнд дуучнаар орсон. Одоо ангийнхан дотроосоо яг дуучнаар ажиллаж байгаа нь би.-Мэргэжлийн байгууллагын босгыг алхахад тосч авсан багш тань хэн бэ?
-Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хамт олон бүгдээрээ бидний багш. Энэ дууг ингэж дуул, тэр дуунд тэрийг нь анхаар гээд тал талаас зааж зөвлөнө. Бид ч “Алив Нэргүй эгч ээ, хэлээд өгөөч”, “Амгалан эгч ээ, туслаач” гэнэ. Одоо ч асууж зөвлөгөө авах зүйл гардаг. Аль ч салбарт, ямар ч хүн байнга суралцаж байдаг шүү дээ. Хамт олон, ахмад үе маань биднээс өмнө ардын урлагийн амт, үнэрийг мэдэрсэн хүмүүс. Захаасаа аваад бидэнд багшилж байгаа юм чинь. Олон зүйлийг зааж, сургаж, дадлагажуулж өгсөн. Одоо ч хэлж, ярьж байдаг юм. Ардын урлагийг нуруундаа үүрч яваа сайхан хүмүүстэй хамт ажиллаж байгаадаа залуу уран бүтээлчийн хувьд бахархахын зэрэгцээ сэтгэл дүүрэн явдаг.
-Уртын дууны юунд татагдсан юм бол?
-Ээж, аав маань хөдөө төрж өссөн. Ээж маань ардын дууг сайхан дуулна, гайхалтай исгэрнэ. Аав ч бас дууг эвтэйхэн аялчихна. Түүнийг нь сонссоор байгаад дуртай болсон байх. Дунд сургуульд байхын л урлагийн үзлэгт оролцохдоо ихэвчлэн ардын дуу дуулдаг байсан. Би сагсан бөмбөг, волейбол тоглодог, бүжиглэж, жүжиглэдэг, юм, юманд адтай охин байлаа. СУИС-ийн уртын дууны ангид орно гээд шалгалт өгч байхад багш нар “Хотод төрсөн хүүхэд уртын дуучин болно гэдэг юу л бол” гэх маягийн зүйл ярьж байсан. Тэгээд Ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн ангид хуваарилсан. Гэтэл вокалийн дасгал уншаад дуурийн дуучин болох нь ээ. Тэгэхээр нь “Би буруу ангиа сонгочихож, ардын дуу л дуулмаар байна” гээд тухайн үеийн тэнхимийн эрхлэгч байсан Д.Жамьянжав /Долдой гэдгээр нь хүмүүс сайн танина/ багшид хэлсэн. Багш “Чи дуурийн дуулаачийн анги төгсөөд ардын дуу дуулж болно шүү дээ. Ийм сайхан бие галбир, хоолойтой юм чинь дэлхийн сонгодгийг Монголынхоо тайзнаа амилуулах хэрэгтэй. Ямартай ч Ц.Дэлгэр багшийг гуйгаад шалгуулаад үз” гэсэн. Би ч нэг өглөө дуурийн хичээлдээ орчихоод үдээс хойш уртын дууны ангийн үүдэнд эргэлдлээ. Ц.Дэлгэр багшийн хичээлээ зааж байгаа, хүүхдүүдийн дуулж байгааг сонсох гэж хаалгыг нь жаахан онгойлгочихоод чихээ наагаад зогсчихно. Тэгж их дурласан юм болохоор уртын дууны ангийг төгсч, уртын дууч болсон.
-Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Их баяртай байна. Чуулгад 13 жил ажилласан. Ардын урлагт зүтгэж байгаа хөдөлмөрийг минь үнэлж, хамт олны минь тодорхойлсноор энэ шагналыг хүртлээ. Шагнал, одон медальдаа гол нь биш. Тэр шагналыг чимэх нь тухайн эзнээс нь шалтгаална гэж би ойлгодог. Чуулгынхаа уран бүтээлд баригдахгүй хувийн уран бүтээлдээ анхаарч, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Ирэх онд төлөвлөсөн ажил ч их байна. Энэ шагнал надад ташуур боллоо.
-“Төрийн шагнал эзнээ олсонгүй” гэж их ярьдаг. Төрөөс олгож буй шагналыг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Үнэндээ төрийн шагнал нэг хэсэгтээ их хавтгайрсан. Хүссэн хэн ч шагнал авч байсан. Төр бол том байгууллага. Тэр том байгууллагаас өгөх одон медаль нь хийсэн зүйлтэй, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх хүнд очоосой гэж хүсдэг. Нөгөөтэйгүүр төрийн шагнал очиж буй хүндээ хүндтэй байх ёстой. Тэгэхгүй бол цаг, эзнээ олоогүй шагнал ямар ч нэр хүнд байхгүй шүү дээ. Ер нь уран бтээлчид минь шагнал урамшууллыг гуйж биш гуядаж авч байгаасай гэж хүсч явдаг.
-Чуулгад ажиллахынхаа хажуугаар ямар ажил хийдэг вэ?
-Чуулгынхаа уран бүтээлд түлхүү анхаарч ажиллана. Зав зайгаар нь уран бүтээлээ хийдэг. Мэдээж хэрэг чөлөө зав гарвал хүүдээ л зориулахыг хүсдэг. Урлагт орсноосоо хойш хамтарсан гурав, бие даасан хоёр тоглолтоо хийсэн.
-Урлагт зүтгэж явахад цаг зав хэр гарах юм бэ. “Ар гэртээ анхаарах боломж хомс байдаг” гэж урлагийнхан ярих юм?
-Эмч, багш нар ямар байдаг вэ түүнтэй л адил. Би урлагийнх гээд цаг завгүй, гэрийн бараа харахгүй байна гэж үгүй. Гэрийн ажлаа хийнэ, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд бүхий л ажлыг уран бүтээлийнхээ хажуугаар амжуулна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд би цаг хугацаатай уралдаж өрсөлдөж амьдрахын жаргалыг мэдэрч байгаа. Хүүгээ босохоос өмнө цай хоолоо бэлдэнэ. Ажилдаа явна, дуугаа дуулна энэ бүхэн миний хувьд жаргал шүү дээ.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Нэг хүүтэй. 12 настай.
-Дуучны хүүхэд заавал дуучин байх албагүй л дээ. Гэхдээ хүүд тань урлагийн ямар нэгэн авьяас байгаа болов уу?
-Ер нь дуулах их эвтэй, дуунд дуртай. Багын сонсгол сайтай. Аав, ээж хоёрынхоо дуунуудыг зэрэгцээд сурчихдаг байсан юм. Хоёр, гурван зохиолчоос дуу аваад дуулсан. Гэхдээ мундаг дуучин болно гэж одоо хэлж болохгүй. Насанд хүртэл хүүхдийн хоолой яаж ч өөрчлөгдөж болно. Ирээдүйд дуучин болохгүй ч урлагийн мэдрэмжтэй хүн болох хэрэгтэй юм болов уу гэж боддог. 17, 18 нас хүрэхээрээ сонирхсон мэргэжлээ сонгох байх.
-Уламжлалыг хадгалж, шинэчлэлийг хэрхэн хослуулах талаар энэ салбарын залуу уран бүтээлчийн хувьд юу гэж үзэж байна вэ?
-Хөдөлмөрлөж байгаа нэгнийгээ хайрлаж, хүндэлж байх хэрэгтэй. Хүн чадахгүйгээс чадахаа хүртэл зүтгэж бүтээдэг шүү дээ. Рок, попынхноос эхлээд залуучууд тэр чиглэлд ихээхэн шинэчлэл хийж, ардын урлагаа хүмүүст хүргэж байна. Уран бүтээлчид өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстой. Үеийн үед мартагдахгүй үлдэх ганц юм чинь ардын урлаг юм байна гэдгийг эстрадын дуучид маань мэдэрч байгаад баярладаг. Ардын урлаг мөнх оршиж, олон сайхан уран бүтээлчид түүнийг сурталчилж яваасай гэж хүсдэг. Хэлийг нь мэдэхгүй ч урлагаар нь ойлгоно гэдэг шүү дээ. Аливаа улс орныг тольдох зүйл нь урлаг юм. Нөгөөтэйгүүр би зарим зүйлд хэтэрхий хэлбийхгүй юмсан гэж боддог. Ардын аялгуу, ардын манер, айзам нугалааг зөв хадгалж явбал дараа, дараагийн уран бүтээлчдэд хэрэгтэй. Тэд бидний үлдээснийг сонсч түүгээр сургуулилт хийж сурна. Тийм болохоор ахмад үеийнхнийхээ нуруундаа үүрч ирсэн ардын урлагийн амт, үнэрийг тэр чигээр нь авч үлдэж, дуулж явахсан, өвлүүлж үлдээхсэн гэж боддог.
-Танай үеийнхэн хэний өв сангаас суралцаж байв?
-Эмэгтэй дуучид Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, А.Нэргүй, гавьяат жүжигчин С.Сүглэгмаа нарын бичлэгийг сонсч сурч байсан. Алдарт дуучин Б.Лхамжав, Ж.Дорждагва, Д.Баттөмөр нарын алтан фонд дахь бичлэг, ардын дууны өвийг сонсч, судалж суралцсан.
-Хувь уран бүтээлчийн зүгээс ардын дууны өв сангаа авч үлдэхсэн, үлдээхсэн гэж зорьдог юм байж. Төрийн зүгээс анхаарал, оролцоо хэр байдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд, төрөөс анхаарч хэрэгжүүлж байгаа бодлого ардын урлагийн чиглэлд бага байдаг. Ардын урлагт дуртай, хайртай хүмүүсийн нуруун дээр явж ирсэн, одоо ч тэр хэвээр байна. Ардын дуу, уртын дууны тэнхимийн багш нарын сэтгэлд байдаг ганц зүйл тэр учраас энэ хүртэл явж ирсэн. Түүнээс биш төрөөс дэмжиж тусалдаг, ардын урлагаа авч яваа, хөгжүүлж байгаа хүмүүсээ гэх бодлого хаягдчихсан. Гэхдээ байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.
-Ингэхэд хөгжмийн зохиолч Н.Баасандорж та хоёрыг урлагийн сайхан гэр бүлүүдийн нэг гэдгийг мэднэ. Гэвч сүүлийн үед тусдаа амьдрах болсон нь харамсалтай гэж ойр дотныхон тань ярихыг сонслоо. Энэ мэдээлэл хэр бодитой вэ?
-Тусдаа амьдраад жил гаруй болж байна. Гэтэл хүмүүс асуугаад л байдаг. “Хүний сэтгэл жолоогүй” гэдэг. Ханилж байсан ханьдаа буруу өгч чадахгүй. Тэр хүн сэтгэлээ дагаад явсан болохоор хүүгээ өсгөж уран бүтээлээ хийгээд явж байна. Болох байх гэж бодож байгаа шүү дээ, амьдрал баян болохоор. Ер нь хэлэхэд, салж сарнисан хүмүүс хэн хэндээ буруу өгөх гээд яах вэ. “Бурууг өөрөөсөө хай” гэж үг бий. Би аливаад тайван хүлээцтэй ханддаг, “Амьдрал баян” гэдэг үгийг хэлэх дуртай. Болохгүй юм болохгүйгээрээ л дуусдаг шүү дээ.
-Уран бүтээлчдийн хувьд тоглолт, цомог гээд санхүүийн асуудлыг шийдэхэд бэрх. Энэ тал дээр тусалж дэмждэг байгууллага, хувь хүн бий юү?
-Би хотын унаган охин. Бусад дуучин тоглолтоо хийхээр Нутгийн зөвлөлөөрөө дамжуулж билетээ борлуулах, нутгийн бизнесмэнүүд нь тоглолтыг нь ивээн тэтгэх гээд давуу талтай байдаг. Хотод төрсөн дуучдад тийм дэмжлэг бага. Тэгээд “Нутгийн зөвлөлтэй хүмүүс ямар сайхан юм бэ” гэтэл нэг дуучин маань “Хороондоо ханд” гэж хэлээд бөөн инээдэм болж байсан юм байна шүү. Тоглолт зохион байгуулах цомог гаргахад гэр бүл, ажлын хамт олон минь тус нэмэр их болдог.
-Уран бүтээлчид өмнөхөөсөө илүүг хийх зорилго тавьж, бүтээж туурвидаг. Цаашид ямар зорилго тавьж байна вэ?
-Цагийн юм цагтаа гэдэг. Цаашид бодож төлөвлөсөн зүйл их бий. Түүнийгээ тэр үед нь л ярья.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.