Цаг хугацаа тэнгэрийн зөргөөр надруу урсан ирж
Миний доторлуу цутгана
Намайг илээж, би мэдэрч амтлаж гэмээн
Надаас дуслан, ууршин гарч одно
Дуусна дундрана гэж үгүй,..
Эргэж буцна, эхлэл шигээ төгсгөл гэж үгүй
Цаг хугацааг имэрч үзсэн
Салхины гүйдэлтэй, савлуурын дэнс шиг
Цаад утга нь нууц, цайрах үүл мэт
Маргаашийн тухай, магад ирээдүйн цаг дор
Маргад шиг саран хэрхэн туяарахыг хэн ч үл мэднэ
Магадгүй тэнгэр бүрхэг байж болно, эсвэл гэрэлтэн гийж ч болох
Марал шиг шөнө ододгүй нүцгэн байхад, маргааш нь гялалзан гялалтагнаж сувд лугаа сүлэлдэн хэлбэржиж ч мэднэ
Ертөнцийн доор ерөөсөө цаг хугацаа бүгдийг урсган авч одно, өөрөө ч бас урсан хийсэж алсрана
Цаг хугацаа гээч цамцны өнгө солигдох, цайны аяга өөрчлөгдөх, цагийн зүү эргэхэд харван одож, хагацан холдож байдаг ч
Үүд тогших, үс зүсээ гоодох, үнэрт цэцэг өндийн тормолзоход өөрчлөгдөн солигдож, үргэлжлэн ирж явдаг
Өнгөрч одсон цаг хугацаатай заргалдаж амжаагүй байхад өөр нэг хором хацрыг минь үнэрлэдэг
Өнө хойч ирээдүй ч, өнгөрсөн маргаашид улиран уусна, өөрийн минь энэ бодол ч өнгөрсөн үерүү холбирч одлоо..
Маргаашийн тухай санаж амжаагүй байхад маргааш маргаашдаа үлдэнэ
Магад цаг хугацаа гээч нь би өөрөө байх…..
2013.12.30
…………..Х.ДУЛАМСҮРЭН