Шинэтээл орой бүр ажлаасаа гэр рүүгээ харих замдаа цэцэрлэгт хүрээлэн дотор байрлах бяцхан сүүдрэвчний зүг хараа бэлчээдэг байлаа. Тэрхүү жижигхэн сүүдрэвч бүсгүйн анхаарлыг татах болсон нь их учиртай. Бүсгүй сүүдрэвчийг харах гэсэндээ бус тэнд орой бүр ирдэг нэгэн эмэгтэйг хайж тэр зүгт харц чулууддаг аж. Биеийн галбир, үсний засалт, өмссөн хувцасаараа тэр эмэгтэй Шинэтээлтэй тун төстэй, заримдаа бүр яг адилхан хувцас өмсчихсөн байх нь ч бий.
Тэр эмэгтэй сүүдрэвчин дор орой бүр ирдэг болоод Шинэтээлийн мэдэхээр жил хэртэй болж байгаа аж. Эмэгтэй ихэнхдээ сүүдрэвчний доорх модон сандал дээр хөлөө жийж суугаад ямар нэгэн юм бичдэг. Заримдаа ном уншиж байгаа харагддаг байна. Хааяа сүүдрэвчийг тойроод аядуухан алхаж яваа үзэгдэнэ. Мөн зарим үед сүүдрэвчний аль нэг баганыг түшээд тэнгэр рүү, эсвэл уулс руу цоо ширтчихсэн зогсдог. Зун, намрын цагт сүүдрэвчний дор тэр эмэгтэйгээс өөр хүмүүс их үзэгддэг хэдий ч өвөл түүнээс өөр хэн ч ирдэггүй. Хамгийн хачирхалтай тэр нууцлаг эмэгтэй халуун, хүйтэн, бороотой, цастай, шуургатай ямар ч өдөр сүүдрэвчнийхээ доор үнэнчээр ирж зогссоор л байдаг.
Зургадугаар сарын сүүлчээр Шинэтээл долоо хоногийн хугацаатайгаар томилолтоор хөдөө явах болжээ. Тэрээр аянд гарах бэлтгэлээ базааж, үдшийн гэгээ тасарч байхад гэрээсээ гарлаа. Бүсгүй галт тэрэгнээсээ хоцрох гээд яарч явсан тул Бодолжинг бүр мартаж орхиж.
Шинэтээл замын турш Бодолжингийн тухай элдвийг эргэцүүлж түүний талаар түм буман таамаглал дэвшүүллээ. Тэрээр маргааш өглөө нь очих ёстой газартаа хүрч, зочид буудалд буумагцаа хамт амьдардаг бүсгүй рүүгээ залгаж, өнөөдөр ажлаа тараад харих замдаа Бодолжинг юу хийж байгааг хараад өгөөч гэж гуйлаа. Гэтэл найз Цэцэглин нь Бодолжин гэж хэн болох талаар, яагаад өмнө нь өөрт нь огт ярьж байгаагүй талаар өчнөөн юм шалгааж эхлэв. Шинэтээл тэр талаар гэртээ харьж байгаад тайлбарлан ярьж өгөхөө амлаж, зүгээр л тэр сүүдрэвчний дор орой бүр ирдэг бүсгүй юу хийж байгааг орой бүр ажиглаж, өөрт нь хэлж байхыг хичээнгүйлэн гуйлаа.
Гэтэл маргааш нь Цэцэглин түүнд тэр сүүдрэвчний ойр хавьд өнөө орой хэн ч байхгүй байна гэх нь тэр. Найз бүсгүйнх нь хэлснээр Шинэтээлийг эзгүй байсан долоо хоногийн турш Бодолжин өнөөх болзоот газартаа ирсэнгүй.
Хоёр.
Шинэтээлийг томилолтоос буцаж ирэхэд үүрийн 5 цаг болж байлаа. Тэрээр урьдын л адил өнөөх сүүдрэвчний зүг хараа бэлчээлээ. Бодолжин өнөөх сүүдрэвчний доорх зүүн хойд талын баганыг түшээд зогсож байх нь тэр. Шинэтээлийн санаа сая л амрав.
Шинэтээл маргааш нь ажилдаа явах замдаа Бодолжин бас л тэнд байхыг харлаа. “Энэ бүсгүй энд өдөржин шөнөжин зогсдог юм байх даа” гэж Шинэтээл өөртэйгээ ярьж явав.
Шинэтээл Бодолжинг нэгэн залуутай тэврэлдээд зогсож байгааг тодоос тод харлаа. Тэгээд Бодолжинг тэр залуугийн цээжинд харцаа наагаад, чин сэтгэлээсээ инээмсэглэж байгааг ч сайн мэдэж байв. Гэтэл түүнийг өөрөөс нь өөр хүн харахгүй байгаа нь ямар хачирхалтай хэрэг вэ?
Шинэтээл тэр дороо машинаас бууж, сүүдрэвчний зүг гүйлээ. Цэцэглин түүний араас зориг муутайхан алхав. Түүнд найз нь хий юм хараад байгаа мэт санагдаж, хамаг биеийг нь айдас бүслэн хүлчихээд урагшаа зоригтой алхуулахгүй байлаа.
Цэцэглинг найзыгаа гүйцэж ирэхэд Шинэтээл хэсэг газрыг тойрон эргэлдэж, ямар нэгэн зүйлийг анхааралтай ажиглаж байгаа мэтээр хоосон газар цоо ширтэн алхалж байлаа. Бүсгүй энэ байдлыг хараад бүр ч ихээр айдаст автав. Тэгээд найзынхаа дэргэд зөөлхөн дөхөж очоод, баруун гараас нь атгаж “Шинээ… Шинээ” гэж аяархан дуудлаа. Гэтэл Шинэтээл түүн рүү эргэж хараад чимээгүй гэж хуруугаараа дохио өглөө. Цэцэглингийн нүдэнд сүүдрэвч, сүүдрэвчний доорх өөд өөдөөсөө харсан хоёр модон сандал, сүүдрэвчний голоос өлгөсөн бяцхан чийдэнгээс өөр юу ч харагдсангүй. Цэцэглин найзынхаа байдлыг хэсэг ажигласнаа тэвчээр алдаж “Шинээ чи юу болоод байгаа юм бэ?” хэмээн хашгираад, сандарснаасаа ч юм уу, эсвэл хэтэрхий их айснаасаа ч болсон уу, Шинэтээлийн нуруу руу хүчтэй цохиод авлаа. Шинэтээл түүн рүү огзом эргэн харснаа “Чи тэнэг юм уу? Энэ хар л даа. Энэ бол Бодолжин” гээд ямар нэгэн зүйлд хүрэх гэж байгаа мэт гараа сунгав.
Цэцэглинг Шинэтээлийг цохих үед Бодолжин залуу хоёр тэднийг анзааран тэдний зүг харав. Бодолжин цэвэрхэн цагаан арьстай, жижигхэн давхараатай нүдтэй, бас яг Шинэтээлийнх шиг уруулынхаа баруун төгсгөлд тод хар мэнгэтэй бүсгүй аж. Тэрээр Шинэтээлийн яг өөдөөс хараад дотнохноор инээмсэглэж зогслоо. Шинэтээл гараа түүн рүү сунгаж, яг баруун гарт нь хүрдгийн даваан дээр тэр гэнэт алга болчих нь тэр. Бүсгүй сандарч балмагдаж эхэллээ. Тэр эргэн тойрноо сайн ажиглав. Гэвч Бодолжинг олж чадсангүй. Одоо Бодолжингийн зогсож байсан газрын хажууханд түүнтэй тэврэлдэж зогссон өнөө залуу л ганцаараа зогсож байна. Шинэтээл “Энэ залууг чи харж байна уу? Тэр Ирмүүнтэй их адилхан юм” гэж Цэцэглинд хандан хэлэхэд тэрээр их л айсан шинжтэй толгой сэгсэрэн, том алаг нүдээ эргэлдүүлж зогсов. Шинэтээл “Хөөх энэ сорви нь хүртэл Ирмүүнхтэй адилхан” гээд гараа сунган, яг хүрдгийн даваан дээр тэр яг л Бодолжингийн адил хаашаа ч юм замхаран алга болох нь тэр ээ.
Шинэтээл Бодолжинг цэцэрлэгээс шөнөжин хайсан боловч олсонгүй…